Associated Press мэдээлснээр Суут хөгжмийн зохиолч Фредерик Шопенийн мэндэлсний 200 жилийн ойд зориулж Варшав хотын төв дэх Острожискийн ордонд Шопенийн музей үүдээ нээлээ. Уг музейг ойролцоогоор таван жил орчим сэргээн засварлаж шинэчлэх ажлыг хийн ийнхүү түүний төрсний ойгоор буюу гуравдугаар сарын 1-ний өдөр дахин нийтэд үзмэрээ толилуулахад бэлэн болжээ. Музейн танхимуудыг орчин үеийн аудео, видео төхөөрөмжүүдээр хангасны дээр үзэгчдэд өөртөө зориулсан аяллын хөтөлбөр гаргаж болохуйц болгожээ. Түүнээс гадна энд хүүхдүүдэд зориулан хөгжмийн зохиолчийн амьдрал уран бүтээлийн талаар тэдний сонирхлыг татахуйц тусгайлан бэлтгэсэн танхимуудыг шинээр байгуулж өгсөн байна.
Хоёр хоногийн өмнө болсон музейн нээлт дээр Польшийн ерөнхийлөгч Лев Качинский болон Польшийн Соёл урлагийн сайд Богдан Здрожевский нар иржээ. Дахин шинээр мэндэлж байгаа музейг сайд "Польш оронд төдийгүй европын хамгийн орчин үеийн намтарчилсан музей болжээ" гэж цохон тэмдэглэсэн байна. 1930-аад онд энэ ордонд Шопенийн музей анх нээгдэж байсан түүхтэй юм. Одоо музейн танхимуудыг суут хөгжимчний бага нас, идэр залуу үе, уран бүтээлч Жорж Сандратай амьдарч байсан үе, Парист хийж байсан тоглолтууд зэрэг нилээд олон хэсэг сэдэвчлэн тохижуулснаас гадна түүний үхэлтэй холбоотой тусгайлан танхимыг хүртэл шинээр нээсэн аж. Фредерик Шопен нь хэдийгээр Польшид төрсөн боловч 1830 онд эх орноо орхин гадаадад дүрвэн гарсан юм. Тэр эхлээд Австрийн Вена руу нүүж дараа нь амьдралынхаа 20 жилийг өнгөрүүлсэн Парис хотыг зорьжээ. Шопен нь романтик уянгын хөгжмийг голлон барьж бүтээлээ туурвидаг авъаслаг суут хөгжмийн зохиолч байсан боловч тэр нэг ч удаа симфони туурвиж байгаагүй билээ.
Л.ЗОЛБАЯР