Оросын төрийн тэргүүн спортын дарга нартаа хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Оросын төрийн тэргүүн спортын дарга нартаа хариуцлага тооцно гэв

ОХУ-ын Москва мужийн “Горки Ключевые”-д энэ сарын эхээр болсон улс төрийн “Нэгдмэл Орос” намын удирлагуудын уулзалтын үеэр тус намын дарга, ОХУ-ын Төрийн думын дарга Б.Грызлов Ванкуверийн  өвлийн олимпийн наадамд оролцсон Оросын баг тамирчдын талаар ярилцсан байна. Тэрээр “Бид хоёр долоо хоногийн турш өөрсдийн тамирчдын тус наадамд хэрхэн оролцохыг ихээхэн анхааралтай ажигласан. Орос үндэстэн бүхний түрүүнд явах ёстой гэж бид үздэг. Гэтэл өвлийн олимп бидэнд гунигтай үр дүн авчирч, манай баг нэгдсэн дүнгээр 11 дүгээр байранд орлоо. Оросын баг тамирчид 1912 онд анхны олимпод оролцохдоо ч ийм муу үзүүлэлттэй байгаагүй юм. Энэ бол спортын түүхэнд хамгийн доогуур, хамгийн муу үзүүлэлт байлаа. Оросын биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт уналтад орсныг харуулж байна. Спортын удирдлагууд  энэхүү хариуцлагыг хүлээх ёстой. Биднийг манай эх оронд болох Сочи 2014 оны олимпийн наадам хүлээж байна. Бид яаж бэлтгэхээ тодорхойлох ёстой” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев юуны түрүүнд хүнд нөхцөлд өөрсдийнхөө боломжийг дайчлан амжилттай оролцон, медаль хүртсэн тамирчдадаа баяр хүргэсэн байна. Тэрбээр цааш нь “Оросын тамирчдын бэлтгэлийн зохион байгуулалтыг эрс өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн бус хүмүүс ч хэлж байгаа. Энэхүү наадамд бэлтгэж оролцуулсан ОХУ-ын биеийн тамир, спортын байгууллагын удирдлагууд хариуцлагаа үүрэх ёстой, энэ бол хамгийн ойлгомжтой зүйл. Харин тэд эр зориг гарган ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хэрэгтэй. Хэрэв ийм шийдвэртэй  алхам хийж чадахгүй бол бид тэдэнд туслах болно” гэж мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч тус улсын Сочи хотноо 2014 онд болох өвлийн олимпийн наадамд эрчимтэй бэлтгэх, энэ наадамд амжилттай оролцох талаар одооноос онцгой анхаарч ажиллах нь чухал болохыг эх баригч “Нэгдмэл Орос” намын удирдлагуудтай ярилцсан байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж