Хойд хөршийн толгой олигархийн ээлжит “эргэлт”

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хойд хөршийн толгой олигархийн ээлжит “эргэлт”

-Сергей Чемезовийн энэ удаагийн  айлчлал мөн л Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор хойд хөршөөс явуулж байгаа ээлжит шахалт гэсэн хардлага байхын зэрэгцээ ОХУ-ын батлан хамгаалахын салбарын чухал үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “Ростехнологи”-ийн тэргүүний зүгээс уран зэрэг ашигт малтмалын олборлолтын асуудлаар ч сонирхож яваа байж болохоор байна-
Эрдэнэт, Монросцветметтэй холбоотой болон ураны олборлолт, төмөр замын тухай гээд олон чиглэлээр хойд хөрш ОХУ-ын зүгээс Монголын талыг нэлээд шахамдуулсан хэлбэр бүхий удаа дараагийн саналууд ирсээр байгаа сурагтай. Оросын хэвлэлүүд ч энэ талаар илэн далангүй бичиж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Медведевийн айлчлалын үеэр тус улсын улс төр, бизнесийн томоохон төлөөллүүд дагаж ирсэнийг дурдаж байлаа. Тэдний дунд онцгой байр суурьтай нэгэн эрхэм байсан нь ОХУ-ын төрийн мэдлийн найман том корпорацийн нэг болох “Ростехнологи” холдингийн Ерөнхий захирал Сергей Викторович Чемезов юм. Түүний Монголд ирсэн зорилго нь Эрдэнэт болон Монросцветмет нэгдлийн Оросын талд ногдох хувь хэмжээний асуудлаар манай талтай хийх уулзалтад онцгой үүрэгтэй оролцох явдал юм гэж эх сурвалжууд баталж байсан билээ. Гэтэл энэ эрхэм саяхан Монголд дахин ирж манай талын холбогдох хүмүүстэй уулзаж яваа юм байна. Сергей Чемезовийн энэ удаагийн  айлчлал мөн л Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор хойд хөршөөс явуулж байгаа ээлжит шахалт гэсэн хардлага байхын зэрэгцээ ОХУ-ын батлан хамгаалахын салбарын чухал үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “Ростехнологи”-ийн тэргүүний зүгээс уран зэрэг ашигт малтмалын олборлолтын асуудлаар ч сонирхож яваа байж болохоор байна.
Ноён С.В. Чемезовийн толгойлж байгаа “Ростехнологи” төрийн мэдлийн корпораци нь Оросын 400 гаруй үйлдвэрийн газрууд, компаниудыг нэгтгэсэн асар том нэгдэл бөгөөд Оросын батлан хамгаалахын чиглэлээр гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний 23 хувийг нийлүүлж байгаа юм. Энэ хүчирхэг корпорацийн мэдэлд “Рособоронэкспорт” компани тэр чигтээ,” Камаз” үйлдвэрийн акцийн 40 орчим хувь ,”Ижмаш”- ийн 57 хувь орсон байдаг бөгөөд агаарын хүчний үйлдвэрлэгч Сухой зэрэг Оросын батлан хамгаалахын нэрийн хуудас болсон үйлдвэрлэлүүд харьяалагддаг гээд бодохоор Ерөнхий захирал нь яагаад ч зүгээр нэг цай уучихаад буцсан байж таарахгүй. Ямар ч байсан энэ хүнтэй уулзалт хийсэн нь тодорхой болоод байгаа Монголын төрийн төлөөлөл болох Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас мэдээлэл авах гэсэн боловч төрийн хүний цаг зав “боломж “нь гарсангүй. Хойд хөршийн одоогийн Засгийн газрын тэргүүн В. Путиний шадар нөхөр бөгөөд эрх баригч “Единая Россия” намын удирдах Дээд зөвлөлд багтдаг энэ эрхэмийн гэнэтийн “нууцлаг” айлчлал улс төрийн зорилготой байв уу, эсвэл бизнесийн шохоорхол байсан уу гэдгийг тодруулах л үлдэж байна.

Сергей Викторович Чемезов
1952 онд төрсөн. Эрхүүгийн Улс ардын аж ахуйн их сургуулийг төгссөн. Дараа нь Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Цэргийн академийг дээд курсыг төгссөн бөгөөд эдийн засгийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн юм. Тэрээр Эрхүү хотын шинжлэх ухааны судалгааны төвд ховор олдоцтой өнгөт металлын судалгаагаар ажлын гараагаа эхлүүлсэн байна. Оросын үйлдвэрлэлийн болон технологийн салбарын тэргүүлэгч хэд хэдэн үйлдвэр нэгдлүүдийн дарга, захирлын албыг хашиж байсны зэрэгцээ гадаад худалдааны салбарт чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн юм. Тэрээр Камаз нэгдэл, ПВО /агаараас эсэргүүцэн хамгаалах / концерн, Сухой нисэх онгоц үйлдвэрлэлийн холдинг / агаарын хүчний Су загварын үйлдвэрлэгч / зэрэг алдар хүндтэй хэд хэдэн компаниудын захирлуудын зөвлөлд орсон байна. 2006 оноос “Единая Россия” намын удирдах дээд зөвлөлд багтах болсон. 2007 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр технологийн бүтээгдэхүүн боловсруулалт, үйлдвэрлэл, экспортын “Ростехнологи” улсын корпорацийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллах болжээ. Түүний зүтгэлийг үнэлж “Эх орны гавьяа”-ны гурав, дөрөвдүгээр зэргийн  одонгоор шагнаж байсан байна.
“Ростехнологи” улсын корпораци: С.Чемезовийн удирдаж байгаа энэ корпораци нь пуужингийн иж бүрэн цогцолбор, өндөр цэц бүхий зэвсэглэлийн үйлдвэрлэлээс авахуулаад харилцаа холбооны салбар зэрэг асар өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниудын нэгдэл юм. Тус корпораци төмөрлөгийн үйлдвэрлэлийн Норильский никель, Амур металл, Северсталь, машин үйлдвэрлэлийн Камаз, Газ, Автоваз, Иж авто нэгдлүүд, нисэх үйлдвэрлэлийн салбар дахь тактикийн пуужингийн зэвсэглэлийн үйлдвэр зэргийг нэгтгэсэн байна. Хамгийн сүүлд холбоо харилцааны салбарын дэлхийд тэргүүлэгчдийн нэгэн болох Алкател компанитай хамтран Москва хотод салбараа нээсэн нь богино хугацаанд хөрөнгөний эргэлт нь 100 сая ам.долларт хүрэх таамагтай байна. Гэвч ““Ростехнологи”-ийн харьяалалд багтдаг 62 үйлдвэрийн хувьд санхүүгийн байдал нь хямарсан мэдээлэлтэй байгаа бөгөөд 30 орчим нь үйл ажиллагаагаа явуулах аргагүй болсон байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж