Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон УИХ-ын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулсан. Түүнчлэн “Хан ресурс” компанийн нэхэмжлэлтэй холбоотой дээрх маргаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөллийг бэлтгэл ажлыг яаравчлуулахыг ажлын хэсгийнхэнд даалгасан юм. Бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр байгуулсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа бол ажлын хэсгийн дэд даргаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг томилсон. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Мон Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бадамдамдин нарын хүмүүс багтаж байгаа юм. Ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдаж Арбитрын шүүхэд Засгийн газрыг төлөөлөх арбитрчийг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн дэд дарга С.Энхбат энэ талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Одоогийн байдлаар арбитрчийг сонгох 30 хоногийн хугацаа талдаа ороод байгаа. Ямартай ч ажлын хэсгийнхэн олон улсад үйл ажиллагаа явуулдаг өмгөөллийн туршлагатай, нэр хүнд бүхий арав гаруй хуулийн компаниас нэгийг нь сонгохоор төлөвлөөд байна хэмээн бидэнд мэдээлсэн юм. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар өөрийгөө төлөөлөх арбитрчийг сонгохоор хуралдаж байхад “Хан ресурс” ХХК 30 гаруй хөрөнгө оруулагчдын иймэрхүү маргааныг нааштайгаар шийдвэрлүүлж чадсан туршлага, нэр хүндтэй арбитрч Л.Ив Фортьерийг ажиллуулах шийдвэрээ нэгэнт гаргачихаад байна.
Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалангаас Арбитрын шүүхийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгааг тодрууллаа.
-Арбитрын шүүх хуралд бэлтгэх цаг хугацаа давчуу байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд сануулсан. Бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?
-Засгийн газраас “Хан ресурс” ХХК Монгол Улсын хэд, хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Одоо холбогдох байгууллагуудаас бичиг баримтуудыг татан авчирсны үндсэн дээр судалгаа хийж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй ураны чиглэлээр лиценз эзэмшиж буй байгууллагууд жил бүр үйл ажиллагааныхаа тайланг өгч, түүнийг нь холбогдох газрууд хянадаг. Үүнээс тус компанийн ямар үйл ажиллагаа явуулсан, хэдий хэмжээний зардал гаргасан, хайгуул, олборлолт хийсэн газартаа ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн зэрэг нь тодорхой харагдана. Маш тодорхой асуудал байгаа.
-Энэ бүхэн Арбитрын шүүхийн өмнө хангалттай нотолгоо болж чадах болов уу?
-Үүнээс гадна “Хан ресурс” ХХК Монголын үндсэн томоохон орд дээр хувьцаа гаргаад олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан. Хувьцаагаа зарж, борлуулаад ашиг олж байгаа нь тодорхой байгаа. Гэтэл Монгол Улсын хуульд зааснаар бол дээрх үйл ажиллагааг явуулахдаа Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцааны 10-аас доошгүй хувийг борлуулах ёстой. Тус компани үүнийг биелүүлээгүй. Үүнийг 2009 онд МХЕГ-аас тогтоочихсон. Тус компанид 1997 онд ашиглалтын лиценз олгосон байдаг. Хуулиараа бол ашиглалтын лиценз авснаасаа хойш гурван жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл 10 гаруй жил үйл ажиллагаа огт явуулаагүй. Энэ бол маш тодорхой хуулийн хэм, хэмжээг зөрчсөн асуудал. Энэ бүхнээс үзвэл Монголын тал ялалт байгуулах өндөр магадлалтай.
Зохиогчийн эрх: