Хурдан морины “Дүнжингарав-2010” уралдаан энэ сарын 7-нд болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хурдан морины “Дүнжингарав-2010” уралдаан энэ сарын 7-нд болно

Монголын морин спорт холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2010” хурдан морины уралдаан долоо дахь жилдээ энэ сарын 7-нд Төв аймгийн Зуунмодод болох гэж  байна. Энэ талаар ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Д.Самданжамц  тус холбооны хэвлэлийн албаны дарга Я.Болдбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга  П.Сэргэлэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ удаад уламжлал ёсоороо их нас, соёолон, азарга  насны морьдын уралдаан болох юм байна. “Дүнжингарав-2010” уралдааныг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулна. Мөн  энэ үеэр урлагийн тоглолт зохион байгуулж, халуун хоолоор үйлчилнэ гэж зохион байгуулагчид дуулгав. Уг уралдааны талаар ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Д.Самданжамцаас тодрууллаа.


– “Дүнжингарав” уралдаан энэ жилийн  хурдан морины анхны томоохон уралдаан болж байна. Өмнөх жилүүдээс юугаараа онцлогтой вэ?


-Хамрах хүрээний хувьд нэлээн өргөн болох төлөвтэй байна. Уг уралдаан Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн шинийн гурванд болдог байсан.  Харин энэ жил цас зудтай байсан учраас  өдийг хүртэл хойшлууллаа. Тийм учраас олон аймаг сумдын хурдан хүлэг уралдахаар болоод байгаа. Одоогоор Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дархан , Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорнод,  Говь-Сүмбэр  зэрэг аймгийн хурдан буянууд уралдахаар бүртгүүлсэн байгаа. Нас бүхэнд бараг 300 орчим морь уралдах байх гэж бодож байгаа шүү. Хоёрдугаарт,  “Их хурд”-тай жил учраас эртхэн морьдоо онгойлгож авья гэсэн уяачдын хүсэл эрмэлзэл байх шиг байна.  Тиймээс горьдлого түрүүлж байгаа гайгүй гэсэн морьдоо л сойж байгаа.


-“Дүнжингарав” уралдаанд  дээгүүр давхисан морьдод “Их хурд”-ад  уралдах эрх олгодог биз дээ?


-Тийм ээ. “Их хурд” уралдаан ирэх долдугаар сарын 21-нд  Хүй долоон худагт болно.


-Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын хэрхэн хангаж байгаа вэ, Хэдээс хэдэн насны хүүхдүүд морь унах вэ, мөн хувцасны тухайд?


-Энэ талаар журамдаа тодорхой заасан.  Энэ жилээс манай холбоо хүүхдийн даатгалыг бие даан хариуцахаар тогтсон.  Хүүхдүүдэд нэгдсэн журмаар хувцас олгохгүй. Өөрсдөө биедээ эвтэйхэн дулаахан хувцаслах хэрэгтэй.  Долоогоос дээш насны хүүхдүүд унах ёстой гээд дүрэмдээ заачихсан байдаг.  Ер нь цаашдаа долоогоос дээш гэдэгт  дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж өгмөөр байгаа юм. Тухайлбал,  7-15 , 7-16 ч гэдэг юм уу. Биеийн жин насыг нь зааж өгөх шаардлагатай.


-Цаг агаарын байдлыг судалж үзсэн үү?


-Сайн анхаарч үзсэн. Энэ сарын 4-5 нд нэлээн салхи шуургатай байсан. Тиймээс зургаанд морьд уралдах газрыг сайтар цэвэрлэнэ.


-Уралдах морьд бүрийн тоогоор хураамж авдаг?


-30000 төгрөгийн хураамж авч байгаа. Энэ нь  амь даатгалд зарцуулагдана.


-Бай шагнал ямар байх вэ?


-Түрүү морийг тав, аман хүзүүг гурван саяар байлна. Нийтдээ эхний 60 морьдод мөнгөн шагнал олгоно.


-Таны бодлоор түрүүлэх магадлалтай хэний ямар морьд байна вэ?


-Соёолон насанд  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Авгаансамдангийн Батсүхийн  далай зээрдийг  их сайн давхих болов уу гэж бодож байна.  Мөн Мэндбаярын бор ихээхэн хурдан шүү. Азарганд олон сайхан хурдан ажнай бүртгүүлсэн. Тэр гэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ багцаалж хэлэхэд, өнгөрсөн жилийн улсын наадамд гурвалсан Дорнод аймгийн тугал хул хэмээх хавчиг азарга байгаа. Энэ буяныг нэлээд гайгүй давхих болов уу гэж бодож байна. Их насанд Ононгийн хар морийг их сайн давхих болов уу гэж бодох юм.  Бүх манлай уяачын морьд их сайн байгаа. Цээжний аравт давхих байх гэсэн бодолтой байна.  Ер нь сайхан уралдаан болно гэлэг итгэл төгс байна.


-Томоохон уралдааны дараа будлиан гарсан гэх хэл ам байдаг. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?


-Маш нарийн анхаарч байгаа. Улсын наадмын комисстой хамтарч ажиллаж байгаа болохоор хяналтыг нэлээд өндөр төвшинд зохион байгуулна. Бүх морьд зурхайд орсны дараа нэгэн зэрэг уралдуулах юм. Өнгөрсөн жилийн наадмаар хяналтын комисс ажиллуулсан нь ихээхэн үр дүнтэй байсан. Тиймээс “Дүнжингарав-2010” уралдаанд хяналтын комисс ажиллаж байгаа болохоор  хэл ам гарахгүй шударга сайхан уралдаан болно гэдэгт итгэлтэй байна.


Б.Анхцэцэг



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж