Д.Намсрай: 5.5 тэрбум төгрөг гэдэг бол зөвхөн урьдчилсан тооцоо

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Д.Намсрай: 5.5 тэрбум төгрөг гэдэг бол зөвхөн урьдчилсан тооцоо

Нийт нутгаар өвөлжилт хүндрэн олон аймаг зудад нэрвэгдэн, олон сая толгой мал хорогдлоо. Малын сэг зэмийг арилгах ажилд 5.5 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Чухам ямар ажилд ийм их хэмжээний мөнгө зарах гэж байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, комиссар Д.Намсрайгаас тодрууллаа.

-Улсын онцгой комисс 5.5 тэрбум төгрөгөөр малын сэг зэмийг устгана гэж төлөвлөөд ийм их хэмжээний мөнгө авахаар болсон гэсэн. Ямар үндэслэлээр гаргасан тооцоо юм бол?

-Олон аймагт байдал хүнд байгаа. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр 2.7 сая толгой мал зүй бусаар хорогдлоо. Урин цаг ирэхээс өмнө ихээрээ бөөгнөрч үхсэн малыг устгаж ариутгал халдваргүйтгэл хийхээс өөр арга байхгүй. Гэхдээ өнөөдөр ийм их хэмжээний мөнгө шаардлагатай байна, одоо авна гэсэн зүйл яригдаагүй. Малын зүй бус хорогдол тавдугаар сар хүртэл таван сая болж өсөх магадлалтай байна. Хэрвээ ийм хэмжээний мал хорогдвол ариутгал халдваргүйтгэлд 5.5 тэрбум төгрөг хэрэгтэй байх гэсэн урьдчилсан тооцоо юм.

-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 230 сая төгрөг өгөх шийдвэрийг Засгийн газар гаргаад олгосон. Тэр мөнгөнөөс малын сэг зэмээ зайлуулж,  ариутгал халдваргүйтгэлээ хийж болдоггүй юм уу?

-Хамгийн хүндрэлтэй байгаа 12 аймагт тус бүр 230 сая төгрөг өгсөн. Түүнээс 35 сая төгрөгийг малын сэг зэмээ зайлуулж,  ариутгал халдваргүйтгэл хийх ажилд зориулах учиртай юм.

Х.Хангал 2010 оны 2 сарын 26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж