Нийт 10 сая юань буюу 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга, инженерийн тоног төхөөрөмжүүд болох автокран, битум тээвэрлэгч машин, гинжит бульдозер, универсаль трактор, экскаватор, зам тэгшлэгч, шанагат ачигч, өөрөө буулгагч, доргилтот индүү, өрөмдлөгийн машин, ачааны машин зэрэг 11 нэрийн 18 нэгж техникийг хүлээлгэн өгч байгаа аж.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу барилга, инженерийн гурван батальоныг байгуулахаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб дотоод, гадаад нөөц боломжуудыг дайчлан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр хүлээн авч буй тоног төхөөрөмжүүд нь дээрх барилга, инженерийн ангиудын үндсэн тоног төхөөрөмжийн эхний хэсэг болж байгаа юм. Зэвсэгт хүчний хөгжлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж барилга инженерийн ангиудыг шинээр байгуулах шийдвэрийг УИХ сар гаруйхны өмнө гаргасан. Харин бэлтгэл ажил эртнээс эхэлсэний үр дүнд хууль ийнхүү маш богино хугацаанд хэрэгжиж эхэлж байна.
Үндсэн тоног төхөөрөмжүүд эхнээсээ ирж, төсөв тооцоо бэлэн болсонтой холбоотойгоор өнөөдөр Батлан хамгаалах яамны Сайдын зөвлөл хуралдаж, Сүхбаатар, Баянхонгор, Баян-өлгий аймгуудад барилга инженерийн шинэ ангиудыг байгуулах төлөвлөгөөг хэлэлцэн төрийн холбогдох байгууллагуудад илгээхээр боллоо.
Д.Долгор 2010 оны 2 сарын 26