Шатахууны үнэ 70 төгрөгөөр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ 70 төгрөгөөр нэмэгдлээ

Нефть импортлогчид компаниуд өчигдрөөс эхлэн шатахууны үнээ нэмжээ. Эцсийн байдлаар хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь харилцан адилгүй, үндсэндээ тодорхойгүй байгаа ч "Петровис" компанийн шатахууны үнэ литр тутамд 70 төгрөгөөр нэмэгдээд байна. Тодруулбал, тус шатахуун түгээр станцид АИ92 бензин 1329-өөс 1395 төгрөг, АИ 95 1410-аас -1480 төгрөг, А80 1135 аас 1205  төгрөг , дизель түлш 1245-аас 1315 төгрөг болтол өсөөд байна.

Шатахууны нэмэгдсэнтэй холбоотойгоор бид зарим компаниудтай холбоо барилаа. “Магнай трейд" компанийн хувьд шатахууныхаа үнийг ирэх долоо хоногийн даваа гаригаас нэмэх аж. Харин “Сод монгол" группын маркетингийн албанаас шатахууны үнэ хичнээн төгрөгөөр нэмэгдсэн талаар тодруулах гэсэн боловч “Энэ талаар мэдээлэл өгмөөргүй байна. Тэгээд ч мэдээлэл өгөх хүн ирээгүй байна” гэсэн хариулт өглөө.

Шатахуун импортлогчид шатахууны үнийг нэмж байгаа шалтгаанаа “Цагаан сарын хямдралаа цуцалж байгаатай холбоотой” хэмээн тайлбарлаж байгаа. Энэ удаагийн нэмэгдсэн үнийг импортлогчид адилхан нэг үнээр нэмнэ гэж байгаа ч цагаан сарын өмнөх хэмжээнээс хэтэрсэн эсэхийг хянах эрх нь хэрэглэгчид юм. Манайхны үнээ өсгөчихөөд өмнөө барьдаг ганц шалтгаан нь “Роснефть”-ийн үнэ ханш байдаг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын “Роснефть” компанийн захирал  шатахууны үнээ нэмэхээс аргагүй гэдгийг  ил тодоор зарласан. Тэгэхээр хавар, магадгүй ирэх сард шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа алга бололтой.

П.Наран 2010 оны 2 сарын 27

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж