Байгал цаг агаар биднийг сорьж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Байгал цаг агаар биднийг сорьж байна гэв

Ховд аймгийн Алтай, Үенч сумдын зааг нутагт малчин айлд очив.
“Байгал цаг агаар биднийг сорьж байна ” гэж Ховд аймгийн Алтай сумын малчин н.Ламжав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой , Алтай Үенчийн зааг нутагт малчны хотонд уулзах үеэрээ хэллээ.
82 настай энэ буурал насаараа мал маллахдаа, байгалийн ийм хүндрэлийг бараг үзээгүй,1976 оны хүйтний үеэр ч цас ингэж их ороогүй гэлээ. Энэ нутагт цас зарим газраараа 70 см хүрчээ.
Дэлхий даяар цаг агаар өөрчлөгдөхийн зэрэгцээ, бид сүүлийн жилүүдэд байгал эхтэйгээ буруу харьцаж, бас мал аж ахуйн салбарын бодлого тийм ч оновчтой бус явж ирсэн энэ бүхэнд сургамж болох өвөл боллоо гэж малчид ярих болжээ. “Бэлчээр ч үгүй, ус чийг ч үгүй болж байна. Малаа эрчимжүүлж, газар тариалан эрхэлье гэж бид бодож байна.
Засаг төр ч мал аж ахуйн бодлого дээр онцгой анхаарч эргэлт гаргахгүй бол болохгүй” гэж н.Ламжав гуай ярилаа. Тэрбээр, хязгаар нутгийн малчдаа эргэж тойрч байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаад, малгүй, амьжиргааны эх үүсвэргүй үлдэж байгаа малчдад онцгой анхаарахыг хүслээ.
Алтай сумын засаг дарга С.Бадамцэцэг, нутгийн иргэд ирэх хавраас газар тариалан эрхэлж, төмс хүнсний ногоо, улаан буудай, хөх тариа тариалах тухай эрчимтэй ярьж байгаа учраас трактор болон бусад тоног төхөөрөмжөөр туслалцаа үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүсч байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж малчидтай уулзаж, ярилцсаны дараа Ховд аймгийн Ховд хотыг зорив.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж