Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Баярын хурал эхэллээ

Монголын оюутны холбоо шинэчлэгдэн зохион байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан баярын хурал Улсын драмын эрдмийн театрт эхэллээ. Хурал уг ойд зориулсан дуугаар эхэлж, тухайн үед буюу Монголын оюутны холбоо шинээр зохион байгуулагдахад ХХ зууны оюутны чөлөөт нэгдлийн тэргүүн Н.Ганбат үг хэллээ. Тэрбээр ардчилсан хувьсгалын түүчээ нь оюутнууд байсныг дахин сануулж, Монголын оюутны холбооны анхдагчдадаа баяр хүргэж, мөн энэ танхимд өнөөдөр ирж чадаагүй нөхдөө дурслаа. Оюутнуудын хүчээр бичигдсэн түүх мартагдах ёсгүй. Гэвч өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ны үйл явдал л гэхэд түүхээ мартсаныг харуулж байна гэлээ. Тэрбээр баярын өдөр зөвхөн баярлаж хөөрөөд өнгөрөх бус бид ардчилсан хувьсгалыг зөвхөн эхлүүлсэн, гэтэл өнөөдөр байдал ямар байгаа билээ, бид үүний төлөө явсан гэж хамтран тэмцэгч нөхдөөсөө асууж байлаа. Мөн 20 жилийн өмнө монголчууд “Хаан шалдан байна” гэдгийг харж байсан. Тэгвэл өнөөдөр хааныг шалдан байгаагаар харсан жаалхүү хаана байна аа, Рашаантын 18-даа үлдчихсэн юм биш биз гэж асууж байлаа. Баярын хуралд Монголын оюутны холбооны үе үеийн тэргүүлэгч, гишүүд оролцож, үг хэлж санал солилцож байна. Хуралд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Иргэний зориг намын дарга С.Оюун нар оролцож байна.
Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл илтгэл тавих юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж