Шинэ орон сууцны 50 хувийг бага, дунд орлоготой иргэдэд зориулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Шинэ орон сууцны 50 хувийг бага, дунд орлоготой иргэдэд зориулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ялангуяа бага  дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны үнийн зохистой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот, Барилгын ассоциацитай хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Монголын Барилгын Ассоциацийн Ерөнхийлөгч О.Чулуунбат нар өнөөдөр гарын үсэг зурсан байна.   Улаанбаатар хотын утааг багасгах, хөрс усны бохирдлыг нормативт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, гэр бүхий айл өрхийг орон сууцжуулах зорилтыг тууштай хэрэгжүүлж, бага дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд ахмтран ажиллана. Түүнчлэн  Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг шинэчлэн барилгажуулах, шинээр хотхон хороолол байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Барилгын ассоциацийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлж, орон сууцны талбайн үнийг хямдруулах, бодит нөхцөл байдалд нийцүүлэх арга хэмжээ авахаар санамжид тусгажээ. Дэд бүтэц бүхий газарт шинээр барих орон сууцны барилгын 50 хувь нь бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөг бүхий орон сууц байхаар төлөвлөж, иргэд өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих нөхцлийг бүрдүүлж, эхний ээлжинд “Налайх, Багахангай дүүрэгт “Барилгын материалын үйлдвэрлэлийн парк” байгуулах асуудлыг хамтран шийдвэрлэхээр болсон байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж