Ардчилсан намын “4-11” уулзалт Бор-Өндөрт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын “4-11” уулзалт Бор-Өндөрт болно

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гариг бүрийн 11.00 цагт “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Шинэ оныг Ардчилсан намаас “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, Төв аймгийн Зуунмод суманд оны анхны “4-11” уулзалтыг зохион байгуулснаар аяныхаа нээлтийг хийсэн. Энэ удаад аяны үргэлжлэл болгож маргааш Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багт “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах уулзалтыг зохион байгуулж,  Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэбат,  намын нарийн бичгийн дарга нар болон орон нутгийн намын төлөөлөл оролцох юм.
     “4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалтаар АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд дараах чиглэлээр мэдээлэл хийнэ. Үүнд:
Ардчилсан нам “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл.
1990 оны гуравдугаар сарын 04-ний түүхэн тэмдэглэлт өдрийн тухай мэдээлэл.
Анхан шатаа сонсох жилийн ажлын хүрээнд Монгол орны нийт 363 сумаас шилдэг сумын намын хороо шалгаруулах уралдааныг зарлах.
Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас зарласан шилдэг төслийн баг шалгаруулах уралдааны талаарх мэдээлэл.
Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдийн ротацийн тухай мэдээллийг тус тус хийнэ..
   Хэнтий аймгийн Бор-Өндөр нь Дархан сумын 5-р багт харьяалагддаг бөгөөд 16000 орчим хүн амтай,  дэд бүтэц өндөр хөгжсөн, жонш олборлолт, боловсруулах үйлдвэр нь тус багийн эдийн засгийг тэтгэдэг, уурхай түшиглэн байгуулагдсан ажээ. Үйлдвэрийн бүх бүтээгдэхүүнийг ОХУ,  Украйн зэрэг орнууд руу төмөр замаар дамжин экспортолдог байна. Дархан сумын ИТХ-ын 25 суудлын 21 нь Бор-Өндөр багаас сонгогджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж