Титаник бол усан онгоц. Харин Avatar бол сансрын хөлөг Тиймээс илүү хол нисэх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Титаник бол усан онгоц. Харин Avatar бол сансрын хөлөг Тиймээс илүү хол нисэх ёстой

Титаник бол усан онгоц. Харин Avatar бол сансрын хөлөг Тиймээс илүү хол нисэх ёстой
Кинонд дуртай хүн бүхэн энэ өдрүүдэд "Avatar" киноны тухай ам булаалдан ярьцгааж байна. Өнгөрсөн оны хамгийн сүүлийн сард нээлтээ хийсэн энэ супер кино "Өргөө" кино театрт гарч эхлээд хоёр долоо хоног өнгөрлөө. Сүүлийн арван жилд гарсан хамгийн алдартай киног дэлхийд нээлтээ хийснээс нь хойш гурав хүрэхгүй долоо хоногийн дараа "Өргөө"-гийн дэлгэцээр үзсэндээ хүмүүс мэдээж бүгд баяртай байгаа. "Avatar"-ыг үзсэн хүн бүрийн өмнөөс "Өргөө"-д баярлалаа гэж хэлье. Харин үзэж амжаагүй нь яараарай. Тасалбар нь зургаан мянган төгрөг буюу дөрөвхөн доллар. Бас нэг анхаарах зүйл: Хэрвээ маргааш үзэх гэж байгаа бол өнөөдөр очоод тасалбараа авах хэрэгтэй. Тэгээд л гүйцээ. Дэлхийн хэмжээнд "Avatar"-ын тасалбарын дундаж үнэ 7.50 ам.доллар байна. Тийм учраас дөрвөн доллар хямдхан байгаа биз дээ? (Хэдийгээр IMAX биш ч гэсэн чамлалтгүй ээ).
Нээлтээ хийгээд ердөө таван долоо хоног буюу дөнгөж сар гаруйн хугацаа өнгөрч байхад л "Avatar" кино олсон ашиг орлогоороо өөрийнх нь эзнийг 14 жилийн өмнө алдар хүндийн оргилд аваачсан домогт "Титаник"-ийн ард нэхэн ирээд байна. Одоогийн байдлаар нэг тэрбум зургаан зуун хориод сая долларын орлого олсон байгаа аж. Зөвхөн АНУ-аас олсон орон нутгийн ашиг орлогоороо уг кино чансаанд гуравт буюу "Титаник", "Dark knight" хоёрын ард жагсч байгаа юм. Энэхүү киног бүтээсэн "20th Century Fox" студийн захирал Chris Aronson "Титаник бол усан онгоц. Batman мотоцикль унадаг. Харин Avatar сансрын хөлөгтэй шүү дээ. Тиймээс усан онгоц, мотоцикль хоёроос хамаагүй хол л явах ёстой. Танканд нь хангалттай түлш байгаа гэж итгэж байна" гэж хошигноод авсан. Тэр мөн "Бод доо. Нэг залуу арван жилийн дотор хоёр кино хийгээд тэр хоёр нь хоёулаа бүх цаг үеийн box office-ийг тэргүүлчихлээ. Байж боломгүй юм" гэж ярьжээ.
Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр "Avatar" нийт ашиг орлогоороо "Титаник"-ийн араас зуузай холбон тун ойртсон байгаа ч цаг хугацааны зааг ялгаа гэж нэг юм бий. 1998 онд "Титаник" киноны тасалбар дунджаар 4.60 доллар байсан бол "Avatar"-ынх харин дээр дурдсанчлан бараг гурван доллараар илүү үнэтэй байгаа. Тиймээс зарагдсан тасалбарын тоогоор "Avatar" эзнийхээ өмнөх бүтээлийг яагаад ч гүйцэхгүй гэсэн тооцоолол байгаа аж. "Титаник"-ийн 130 сая орчим тасалбар борлогдож байсан гэнэ.

Найруулагч James Cameron "Titanic"-ыг хийж байх явцдаа "Avatar" киноныхоо зохиолын санааг бодож олжээ. Тэгээд бодож олсон санаагаа ердөө хоёр долоо хоногийн дотор цаасан дээр буулгасан байна. "Хүүхэд байхдаа уншиж байсан бүх адал явдалт, шинжлэх ухааны холбогдолтой номнууд энэхүү киноны маань зохиолыг бичихэд тус нэмэр болсон" гэж тэрээр ярьжээ. Гэвч тэр үеийн технологийн хөгжил яагаад ч түүний зохиолыг дэлгэцнээ амилуулахад хангалттай биш байв. Тиймээс тэрээр өөрийнх нь хэлсэнчлэн энэ нандин төслөө хэсэгтээ л хав дарахаас өөр аргагүй байсан гэнэ. Ингээд 2005 оноос Cameron 3-D технологийн "мангас"-уудын нэг "PACE"-тэй хамтран жүжигчдийн тоглолтыг гурван хэмжээст дүрс рүү хувиргах цоо шинэ аргаар зураг авалтаа хийж эхэлсэн байна.

"Аватарууд жүжигчид үү?, эсвэл компьютер графикийн дүрслэл үү?" гэсэн асуулт энэхүү киноны эргэн тойронд хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа. Peter Jackson-ны WETA Digital-ынхан "Avatar"-ын бүх хөдөлгөөнт биесийг цэвэр компьютер графикаар хийсэн гэж үзэж байгаа бол

Cameron өөрөө үүнийг үгүйсгэж байгаа юм. Тэрээр энэ тухайгаа "Би жинхэнэ жүжигчдийг компьютер графикаар орлуулахыг хичээгээгүй. Харин би тэдний дүр төрх дээр хүч оруулах бусад зүйлсийг компьютер графикаар хийсэн. Найруулагчийн хувьд би жинхэнэ жүжигчидтэй ажиллах дуртай. Энэ нь нэр төрийн хэрэг. Энэ л миний хийдэг зүйл. Нэг аватарын нүүрийг хувиргахын тулд бидэнд таван цаг шаардлагатай байлаа. Яг л энэ зарчмаараа бид бүх амьтай биетүүдээ бүтээсэн" гэж ярьжээ.

Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвших кинонуудыг ирэх сарын 2-нд албан ёсоор зарлана. "Avatar"-т харин хичнээн нь очих бол? Энэ асуултыг хамтдаа хүлээх үлдэж. Юутай ч
өнгөрсөн ням гаригт болж өнгөрсөн "Алтан бөмбөрцөг" наадмаас James Cameron шилдэг кино, шилдэг найруулагч гэсэн хамгийн нэр хүнд бүхий хоёр шагналын эзэн болж гэртээ харьсан билээ.

Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert "Avatar"-ыг хэрхэн дүгнэв?

Өдгөө 67 настай Roger Ebert 1975 онд сэтгүүл зүйн дээд шагнал болох Пулитцерийн шагналыг хүртэж байсан анхны кино шүүмжлэгч. Roger Ebert-ийн кино шүүмжүүд Америкийн болон дэлхийн 200-гаад сонин хэвлэлд нийтлэгддэг.

Энэ киног үзэхэд надад 1977 онд "Star Wars"-ыг үзсэний дараахтай ижил мэдрэмж төрсөн. Тэр үед "Star Wars"-ыг анх үзэхээр кино театрт очихдоо би ямар кино үзэх гэж байгаа талаараа өчүүхэн төдий ч төсөөлөлгүй байж билээ. Төсөөлөхийн ч аргагүй байсан юм. Энэ удаад ч яг л тийм байсан. James Cameron-ны энэхүү бүтээл нээлтээ хийхээсээ өмнө анх алдарт "Titanic" гарахдаа ямар их эргэлзээ тээнэгэлзээ, дуулиан шуугианд дарагдаж байснаас огтхон ч дутуугүй байв. Үнэндээ би ч эргэлзэж байснаа нуухгүй. Харин одоо нэг зүйлийг л хэлмээр байна. Өч төчнөөн ногоон салхинд хийсгэж байгаа даа гэж битүүхэндээ эргэлзэж байсан бүх хүмүүсийг James Cameron-ны шинэ бүтээл үг дуугүй болгож чадлаа. Тэдний нэг нь мэдээж би. Холливуудад 250, 300 саяыг яаж ухаантайгаар зарцуулахаа мэддэг эрхэм ядаж нэг ч гэсэн байгааг бид бүгд бэлхнээ харлаа шүү дээ.

"Avatar" кино дан ганц дуулиан шуугиантай энтертайнмент байгаад зогсохгүй дуу алдам технологийн огцом үсрэлт боллоо. Ногоон. Ногоон. Ногоон. Тэр үүгээрээ дайны эсрэг гайхалтай мессэжийг дэлхийн бүх хүнд илгээж чадлаа. Тэр бүр цоо шинэ хэл зохиосон. Тэр шинэ кино оддыг төрүүлсэн. Энэ бол хэн ч үгүйсгэхийн аргагүй дэндүү том ҮЙЛ ЯВДАЛ.

Үйл явдал 2154 онд өрнөнө. Америкийн Нэгдсэн Улсын Арми аварга том одны ойролцоох дэлхийтэй ижил хэмжээтэй сар луу явах онцгой даалгавар авна. Саран дээрх тэрхүү Pandora гэх шинэ ертөнцөд манай дэлхийд нэн яаралтай хэрэгтэй байгаа чухал эрдэс бодисын баялаг нөөц бий. Бахадмаар үзэсгэлэнтэй Pandora нутагт энх тайвнаар амар жимэр амьдардаг тэндхийн уугуул Navi-чууд хөх арьстай, алтан шар нүдтэй. Тэд 12 feet-ийн өндөр гоолиг биетэй буюу дундаж хүнээс нэг дахин өндөр, том биетэй юм. Тэнд хүмүүс хүчилтөрөгчийн баггүйгээр амьсгалж чадахгүй. Бас тэндхийн байгаль, уугуулуудын дэргэд хүн маш жижигхэн харагдана. Тиймээс хүмүүс шинжлэх ухааны нээлт ололтын давуу талаа ашиглан жирийн хүнийг тэндхийн уугуулуудын дүрд хувиргах тусгай төхөөрөмж зохион бүтээсэн. Уг төхөөрөмжинд орж хэвтэхэд тухайн хүн Navi болон хувирна. Дүрдээ орсон үедээ тэр гадаад байдал, бүхий л мэдрэмжээрээ яг л жинхэнэ уугуулуудын адил болно. Jake Sully гэх хатангиршсан хөлтэй суугаа залуу аватараар сонгогддог. Учир нь тэр Pandora-гийн нас барсан хоёр ихрийн нэгнийх нь гентэй ижил байдаг. Аватартаа шилжсэн үедээ Jake чөлөөтэй алхаж чадна. Pandora-д очиж аватарынхаа давуу талыг ашиглан нутгийн уугуулуудыг судлаж, дэлхий рүү үнэн бодит мэдээлэл өгөх даалгавраа амжилттай биелүүлвэл түүнийг маш өндөр үнээр эрүүл саруул болох хагалгаанд оруулахаар амласан байлаа. Дүрмээр бол түүнд аватартаа шилжсэн байх үед ямар ч аюул байхгүй. Түүний аватар амь алдлаа ч төхөөрөмжин дэх жинхэнэ хүнд ямар ч аюул тулгарахгүй. Омгийн удирдагчийн охин, үзэсгэлэнт Navi эмэгтэй Neytiri түүний амийг аварсны дараа Jake сайн цэрэг болж улмаар уугуулуудын нэг болж омогт албан ёсоор нэгдэнэ. Тэд байгаль эхтэйгээ уян зөөлөн хандаж, нутгийнхаа амьд амьтан бүртэй учир шалтгаантайгаар харьцана…

"Star Wars", "Lord Of The Rings" кинонууд шиг энэ бүтээл ч мөн адил кино ертөнцөд онцгой эффектийн цоо шинэ эрин үеийг эхлүүллээ. Энэ өдрөөс хойш киноны түүхэнд цоо шинэ
хуудас нээгдэж байна. Cameron өөрөө ингэж чадна гэдгээ хэлж байсан ч түүний үгэнд олонх эргэлзсэн.

Бүхэл бүтэн Pandora-г CGI буюу 3-D компьютер график ашиглан хийнэ гэдэг нь дэндүү боломжгүй зүйл мэт. Гэсэн ч одоо үүнд нэгэнт итгэхээс аргагүй. Cameron болон түүний багийнхан хөх арьстай, хүчирхэг урт сүүлтэй алтан нүдэт аварга бүсгүй Neytiri-ийг зохион бүтээх гэж ихээхэн хүч хөдөлмөр гаргасан тухайгаа ярьж байсан. Чөтгөр аваг,,, тэр ямар дур булаам харагддаг билээ дээ. Урт сүүл, амьтны чих, хөх биетэй мөртлөө шүү.

163 минутын кино огтхон ч урт санагдаагүй нь сонин. Гэхдээ мэдээж маш их утга санааг агуулжээ.

Cameron "Avatar"-аараа 3-D-ийн дараагийн үеийг нээх болно гэдгээ амлаж байсан. Харин би түүний амлалтад үл итгэгчийн үзлээр л хандаж байлаа.

Тэр энгийн 3-D-ийн зургийг гэрэл муутай харагдуулдаг сул талыг ч дэндүү сайн "ойлгожээ". Түүний кино хангалттай гэрэлтэй. Би энэ киног AMC River East-д маш сайн 3-D дэлгэцээр үзсэн. Гайхалтай байсан. Гэхдээ жинхэнэ IMAX дэлгэцээр үзвэл бүр илүү байх болов уу.

Үнэхээр миний мэдэх хамгийн мундаг 3-D. Үүнээс цааш компьютер график яаж хөгжинө гэж? Төсөөлөгдөхгүй л байна даа. За, ингээд хоёрдугаар сараас өмнө амжиж тасалбар олж
авцгаахад чинь амжилт хүсье.

Ямар ч байсан James Cameron дахин сонгогдлоо. Тэр дэлхийн кино ертөнцөд хаан хэвээр байгаагаа чангаас чангаар зарлаж байна.

Ж.НАНДИН /2010 оны 1 сарын 21/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж