Шилдэг тулаанч Ж.Нарантунгалаг: Би Амарбаясгаланг тулаанд дуудаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Шилдэг тулаанч Ж.Нарантунгалаг: Би Амарбаясгаланг тулаанд дуудаж байна

Монголын
супер тулаанч Жадамбын Нарантунгалаг "Чингисийн цавчилт" гэх цуутай
өшиглөлтийнхөө үүх түүх, саяхнаас төвлөрлийн цоо шинэ арга барилтай
болсон тухайгаа болон гол өрсөлдөгч Хар салхи хочит Амарбаясгаланг халз
тулаанд дуудаж байгаа зэрэг олон сонирхол татам сэдвээр бидэнтэй
ярилцлаа

 -Ихэнх
хүмүүс таныг Монголд болсон анхны мэргэжлийн тулааны аварга гэдгээр
сайн танина. Уг нь бол өөрийн чинь хичээллэж байсан анхны спорт каратэ
биз дээ?

-Хамгийн анх 1993 онд житкюндо
гэдэг ойрын зайн халз тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Тэгээд 94
оноос кёкүшинкай каратэгаар хичээллэдэг болсон. Хүнд спорт. Кёкүшинкай
каратэ гэдэг нь хүчний төрлийн хүнд каратэ гэсэн үг л дээ. Хамгаалалт,
бээлий энэ тэр өмсөхгүй. 2003 он хүртэл гэдэг чинь арваад жил
каратэгаар явсан юм байна шүү.

-Ямар амжилт гаргаж байсан бэ?

-Кёкүшинкай каратэгийн улсын гурван
удаагийн аварга болж байсан. Мөн Азийн аваргын мөнгөн медальтай. Олон
улсын А зэрэглэлийн тэмцээний амжилтууд байна. Ер нь манай кёкушинкай
каратэгийн холбооноос мундаг тамирчид төрж гарсан байдаг. Мэргэжлийн
тулаанд цахиур хагалж байгаа Гантөмөр, Бямбадорж, Амарбаясгалан,
Саруул-Од, Батжаргал, Эрдэнэбилэг, Наранбаатар, Галбаатар, Гантулга
гээд бүгд кёкүшинкай каратэгаар хичээллэдэг байсан. Ер нь тулааны
урлагт хүндэтгэлээр эхэлж, хүндэтгэлээр дуусгана гэсэн зарчим байдаг
болохоор энэ спортоос тэсвэр хатуужил сайтай мундаг тамирчид төрдөг
байх.

-Та тэгэхээр 2003 оноос мэргэжлийн тулааны хүн болсон гэсэн үг үү?

-Бараг л тийм. 2003 оноос
мэргэжлийн тулаанаар хичээллэсэн. Тэр жил Монголд анх удаа Монголын
fighting-ийн аварга шалгаруулах тэмцээн болсон доо. Д.Сумъяабазар
аваргын зохион байгуулсан. Тэр тэмцээний 93 килограммын жинд
түрүүлснийхээ дараагаас K-1-ийг илүү сонирхдог болсон. Миний түрүүлдэг
тэр тэмцээний үеэр Монголд ирсэн Японы нэг менежертэй танилцаад, тэр
хүн анх намайг Японд тоглоход зуучилж байлаа. 2004 онд би Японд К-1-ны
тэмцээнд орж, нөгөө "Чингисийн цавчилт" гэдэг өшиглөлтөө хийж байсан.
Голландын тамирчин Альберт Клаустай тулалдсан ш дээ.

-Тэр өшиглөлтийг “Чингисийн цавчилт” гэж хэн анх нэрлэсэн юм бэ?

-Асашёорюү. Өшиглөлтийн техник нь
их сонин л доо. Би багадаа жүдо бөхөөр барилддаг байсан болохоор
акробатын урагшаа сойлтыг жүдо бөхийн уналттай хослуулж, өөрөө тэр
өшиглөлтийн техникийг зохиосон юм. Тэрийгээ Японд хийсэн нь амжилттай
болсон. Тэгсэн япончууд тэмцээний дараа “Энэ одоо ямар техник вэ,
уламжлагдаж үлдсэн өшиглөлт үү" гэж асуухад нь Асашёрюү “Чингисийн
цавчилт” гээд хэлчихсэн юм. Монгол хүн анх удаа К-1-д оролцсон болохоор
япончуудад сонин байсан байх. Тэгээд л их аваргаас асуусан.

-K-1-д оролцох эрх тулааны спортынхонд бүгдэд нь нээлттэй юу?

-Каратэ, кикбокс…К үсэг чинь
өөрөө тулааны өрөлт авчихсан юм шиг үсэг ш дээ. К-1 бол дэлхийд
кикбоксын төрлөөр номер нэг тэмцээн нь гэсэн үг. Бүх тулааны урлагийн
аваргууд оролцдог тийм тэмцээн. Бүгдэд нээлттэй. Гэхдээ дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд ерөөсөө Азиас гурван орон л оролцсон байдаг.
Тайланд, Япон, Монгол. Шилдэг наймд нь ш дээ. Тэрнээс биш жирийн
тэмцээнүүдэд зөндөө олон орон оролцсон мөртлөө шилдэг наймд шалгарсан
тохиолдол Азийн хэмжээнд гурван улсад л байгаа. 2004, 2005 оны шилдэг
наймд нь би багтаж байсан юм. Манай Ц.Амарбаясгалан маань ч гэсэн
шилдэг наймын төлөө өрсөлдөж байсан.

-Ц.Амарбаясгалан чинь дэлхийн аварга болсон биз дээ?

-Зөндөө олон тулааны төрөл
байгаа ш дээ. Японд гэхэд л зөвхөн кикбоксын арав, хориод төрлийн
холбоо байдаг. Амараа тэрний нэг холбооных нь Японы аварга байхгүй юу.
Тэр олон кикбоксын холбооноос түрүүлсэн аваргууд нь хоорондоо үзээд,
тэндээс шалгарсан нь К-1-д тоглох эрх авдаг. Манайд гэхэд л "Заг"
холбоо, MGL-1 шилдэг тамирчдын холбоо, каратэгийн холбоо гээд л олон
холбоо байна. Тэгэхээр "Заг" холбооны дэлхийн аваргын тэмцээн ч гэж
болж болно. Эндээс шалгарсан хүмүүс К-1-д оролцоод, эхний
шалгаруулалтад сайн яваад байвал шилдэг наймд оролцох эрхтэй болно.
Шилдэг наймд багтаж байвал дэлхийн хэмжээний болж байна гэсэн үг л дээ.
Тэрэнд нь би 2004, 2005 онд багтаж үзлээ. Ер нь К-1-д тоглоно гэдэг нь
өөрөө нэр хүндийн хэрэг ш дээ.

-K-1-д хэдэн аварга байдаг вэ?

-"К-1 World Max" хөнгөн жингийн
тэмцээн долоо дахь удаагаа зохиогдож байхад ердөө дөрвөн аварга л
төрсөн байдаг. Хөнгөн жингийн 70 килограммд 2002 оноос хойш явуулж
байгаа тэмцээн гэсэн үг. Өмнө нь хүнд жингийнхэн оролцдог байсан.

-Та тэр аваргуудтай тоглож байсан уу?

-Дөрвүүлэнтэй нь тоглосон. Хоёр жилийн хугацаанд.

-Ер нь Монголын тамирчдаас анх К-1-д тоглосон хүн нь хэн юм бэ?

-Хамгийн анх би К-1-д тоглосон.
Тэгээд Гантөмөр "Korean Мax"-д тоглосон юм байна. Сүүлд 2006 онд
Бямбадорж тоглосон. К-1-д оролцоно гэдэг нь өөрөө маш том боломж л доо.
Ер нь манай монголчууд тулааны урлагаар ямар ч түвшинд амжилт үзүүлэх
бололцоотой санагддаг. Дэлхийг байлдан дагуулж байсан өвөг дээдсийн ген
бидэнд байна. Яг үнэндээ халз тулааны төрөлд л монголчууд илүү амжилт
гаргаж байна. Манай бөхчүүд сайн барилдаж байна. Бөх чинь өөрөө халз
тулааны төрөлд тооцогддог ш дээ. Би монгол хоолоо идэж, монгол
дасгалжуулагчтайгаа ажиллаж, Монголдоо бэлтгэлээ хийж байгаад К-1-д
тийм хэмжээний амжилт үзүүлсэндээ өөрөөрөө бахархдаг. Гэтэл зарим
хүмүүс мэргэжлийн тулааны спорт хөгжсөн тэр оронд нь очиж, тухайн улсын
дасгалжуулагчаар бэлтгэлээ удирдуулж, нэр усаа солиод тоглох тохиолдол
олон шүү дээ. Би монголчууд дэлхийн талыг эзэлж явсан агуу ард түмэн
гэдгийг баталсан. Хэрвээ би Тайланд, Япон зэрэг оронд бэлтгэл,
сургуулилтаа хийж байгаад К-1-ны шилдэг наймд багтсан бол намайг тэнд
байсан учраас л ийм амжилт гаргалаа гэж дүгнэнэ шүү дээ.

-Мэргэжлийн тулаанд насны хязгаар байдаг уу?

-Насны хязгаар байдаггүй гэж би
боддог. Ойрын жишээ байна л даа. Надтай хамт 2003 оноос бэлтгэл хийж
байгаа миний бэлтгэл хангагч Батмөнх гэж ах байна. Батмөнх ах одоо 54
настай. 45-тайгаасаа эхлээд анх турах зорилгоор тулааны спортоор
хичээллэсэн. Тэгээд явсаар байгаад сүүлдээ бүр гүн сонирхоод одоо долоо
хоногийн зургаан өдөр нь надтай хамт тулаан хийдэг. Өнгөрсөн есдүгээр
сарын 13-нд Токиод очиж, 45-аас дээш насныхны Каратэгийн бүх Японы
аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, аварга болоод ирсэн гээд бод доо.
Тэгэхээр хүнд сонирхол байх юм бол насны хязгаар хамаагүй. Мэргэжлийн
боксын хоёр ч холбооны дэлхийн аварга болчихоод байгаа Цэвээнпүрэв ах
38, 39 хүрч яваа мөртлөө одоо л амжилт нь ид эхэлж байна шүү дээ.

-Та нар рингэнд гарахаасаа өмнө эрсдэл гарсан ч гомдолгүй гэж гарын үсэг зураад тоглолтдоо ордог. Тулаан бүрийн өмнө ингэх үү?

-Тулааны спорт үнэхээр риск ихтэй л
дээ. Томоохон тэмцээнд орохын өмнө ямар нэгэн асуудал болсон ч
гомдолгүй, өөрөө хариуцлагаа үүрнэ гэсэн гарын үсэг зурдаг. Өөрөө
сонирхож орчихоод хэнээс амь нэхэх вэ дээ. Дэлхийн том хэмжээний
тэмцээнүүдэд хэдийгээр амь нэхэхгүй гэсэн гарын үсэг зурж ордог ч гэсэн
эрүүл мэнд, эмнэлгийн асуудлыг даах, анхаарах тал бас байдаг л даа.

-Ц.Амарбаясгалан та хоёр хэдэн тулаан хийсэн бэ. Та хоёрын 2007 онд Японд хийсэн тоглолт тухайн үедээ их л дуулиан тарьж байсан?

-Би Амараатай хоёр удаа л тоглож
байсан. Анх 2000 онд бид хоёр каратэгийн улсын аваргаар хоорондоо
таарч, тэр тоглолтод би ялсан. Дараа нь 2007 онд Японд тоглоход
шүүгчдийн саналаар би ялагдсан. Хүмүүс надаас “Амараа та хоёр тоглох
уу" гэж байнга асуудаг. Ер нь бол надаас асуудаг гол асуулт энэ ш дээ.

-Та Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудсан гэж үнэн үү?

-Би хайнаагаа салгах үүднээс Амараад тоглох санал тавьсан.

-Таны саналд хариу өгсөн үү?

-Яг албан ёсны хариулт бол
өгөөгүй байгаа. Гэхдээ Амараа "Улсын аварга гэсэн жижиг юмны төлөө
тогломооргүй байна. Өндөр бооцоотой бол тоглож болох юм" гэж хэлсэн.
Миний хувьд дэлхийн аварга ч бай, олимпийн аварга ч бай бүх зүйл улсын
аварга болохоос л эхэлдэг гэж боддог. Улсын аварга байж байгаад л
дэлхийн аварга болдог биз дээ. Манай Амараа улсын аварга болж үзэх
ёстой л байхгүй юу. Монгол Улсын аварга гэдэг чинь бас ч гэж хэцүү
олддог цол шүү.

-Та хоёрыг тоглоход жингийн зөрүү саад болдог юм шиг байсан?

-К-1-д бид хоёр 70 килограммд
тоглосон ш дээ. Би ер нь 70-д л тоглодог. Амараа харин сүүлд 63.5
килограммд тоглосон. Амараа намайг жингээ хасаад 65-д ирчихвэл тоглож
болох юм гэсэн байсан.

-Одоо тэгвэл та хоёр тогловол өндөр бооцоотой тоглох уу?

-Амараа намайг нэг бол жингээ
дундаа хийгээд тоглоё, эсвэл өндөр бооцоотой үзье гэсэн. Миний хувьд
өндөр бооцоо тавьж тоглохыг эсэргүүцдэг. Яахав найз нөхдүүд, танилуудын
зүгээс 50 мянган ам.долларын бооцоо тавиад та хоёрын тулааныг хийе энэ
тэр гэсэн хүмүүс байгаа л даа. Гэхдээ би өндөр бооцоог дэмий гэж
боддог. Манайд тулааны урлаг дөнгөж мэргэжлийн түвшинд хөгжиж эхэлж
байхад нь мөрийтэй тоглоомны ч юм шиг хэлбэрт шилжүүлмээргүй байна.
Харин өндөр бооцоо тавьчихаад бид хоёрыг дэмжиж талцсан хүмүүсийн
хөрөнгийг хэн ч авахгүйгээр буяны байгууллагад ч хандивлах юм уу,
тиймэрхүү байдлаар бол болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь тулааны
спортыг цус нөжөө урсгасан мөрийтэй тоглоом шиг юм болгож болохгүй.

-Тулааныханд сэтгэлзүйн хамгийн нарийн мэдрэмж хэрэгтэй гэдэг. Та жишээ нь сэтгэлзүйгээ яаж бэлддэг вэ?

-Тийм шүү. Тулааны урлагт төвлөрөлт
гэж нарийн асуудал байдаг. Бясалгалын доод түвшин гэх юм уу даа. Японд
Амараатай тоглоод ялагдсаныхаа дараа би өөртөө анализ хийхгүй юу. Өмнө
нь би тулааны өмнө өөрийгөө аймаар хурцалдаг байсан. Өрсөлдөгчөө цөм
цохино, будаа болгоно, бүр ална тална ч гэдэг юмуу… Ямар ч гэсэн нэг
тиймэрхүү зэрлэгдүү гэмээр байдлаар сэтгэл зүйгээ бэлддэг байсан л даа.
Өрсөлдөгчөө дайсан мэтээр төсөөлж гардаг байсан гэх үү дээ. Харин
Амараатайгаа тоглохдоо би ерөөсөө төвлөрч чадаагүй байсан юм билээ. Нэг
л болохгүй байсан.

-Та хоёр найзууд уу. Амараатайгаа гэж дотночилж ярьж байгаа болохоор чинь сонирхож байгаа юм?

-Шигшээ багт хамт байсан юм чинь найз л болж таарч байна ш дээ /инээв/. Мэдээж спортын хувьд өрсөлдөгчид.

-Түрүүнийхээ яриаг үргэлжлүүлье. Амраатай тоглохдоо төвлөрч чадахгүй байсан гээд зогссон…

-Тэгээд яахав, Амарааг "Алаад өгье,
цөм цохино" гэж бодох гэхээр ердөө болдоггүй. Би Амарааг муу хүн биш
гэдгийг нь мэдэж байгаа юм чинь. Адилхан монгол хүн, тэгээд найзууд
хүний нутагт тулалдах гэж байна гэж бодохоор хэцүү байсан. Яаж ч
хичээгээд Амарааг өрсөлдөгчөө, дайснаа гэж бодох гэхээр ерөөсөө
болоогүй. Тэгээд ямар ч төвлөрөлтгүй рингэнд гарсан болохоор тэр
тоглолт миний санаснаар болж чадаагүй л дээ. Түүнээс хойш би төвлөрөх
арга барилаа өөрчилсөн. Одоо би шавь нартаа өөрийнхөө шинэ төвлөрөлтийг
заадаг. Тулааны спортоор хичээллэж байгаа хүнд өөрийн гэсэн төвлөрөх
зөв арга барил хамгийн чухал юм билээ.

-Тэгэхээр таны зэрлэгдүү маягийн төвлөрөлт одоо ямар хэлбэртэй болсон бэ?

-Яг тулаанд гарахдаа өөртөө байгаа
бүх юмыг л гаргах хэрэгтэй. Өрсөлдөгчөө хүндэлнэ. Гэхдээ огт айхгүй.
Өрсөлдөгчөө ална тална гэж бодохгүй. Ер нь тулааны урлагийн гол мөн
чанар нь тулааныг хүндэтгэлээр эхлээд хүндэтгэлээр төгсгөхөд байдаг.
Өрсөлдөгчөө ялахаасаа өмнө өөрийгөө ялах нь чухал. Тэгээд өөрийгөө
ялахын тулд өөрийгөө хайрлахгүйгээр өөртөө байгаа бүхнээ зуун хувь
гаргаж тоглох хэрэгтэй. Ерөөсөө өрсөлдөгчөөсөө өмнө өөрийгөө ялах нь
хамгийн чухал. Гэхдээ би энэ тухай саяхнаас л ойлгож байна.

-Одоо та Ц.Амарбаясгалантай тоглоход бэлэн үү?

-Бэлэн. Хэрвээ Амраа л тоглоно гэвэл би бол хэзээд бэлэн байгаа.

-Уучлаарай, та дахиад ялагдал хүлээвэл яах вэ?

-Ялагдана гэж тоглохгүй биз дээ. Ер
нь хайнаагаа салгачихсан нь дээр л гэж бодож байгаа. Хамгийн гол нь
тэрийгээ гэхдээ шударга л хийх хэрэгтэй байхгүй юу. Яагаад би Амараатай
тулалдана гээд байгаа вэ гэвэл, Амараа өмнө нь Монголд хоёр ч удаа
"Эзэнт гүрэн" гэдэг тэмцээн зохион байгуулахдаа хоёуланг нь шоу
болгочихсон. Нэгд нь япон хүнтэй, нөгөөд нь тайланд хүнтэй тоглосон ш
дээ. Тийм болохоор тулааны спорт сонирхдог олон залуучуудад яг үнэн
шударга тулааныг үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.

-Тэр тэмцээнүүд шоу байсан гэж үү?

-Тулаан тэмцээний зохион
байгуулалтын ажил л жинхэнэ гоё шоу байх ёстой болохоос тоглолт бол
шударга болох ёстой. Жишээ нь, заалны гэрэлтүүлэг, хүмүүсийг хөгжөөж
байгаа байдал энэ тэрийг бол жинхэнэ утгаар нь шоу болгох хэрэгтэй.
Харин тулалдаанд гарч байгаа тамирчид нь шоу хийж яагаад ч болохгүй.
Зүгээр нэг үзүүлэх тоглолт бол өөр хэрэг. Амараа тэр тэмцээн дээр
өөрийнхөө найз, бэлтгэл хангагч Хакуто гэдэг залуутай тоглосон ш дээ.
Бие биенийгээ занаад л, тэддүгээр раунд дээрээ тийм тийм цохилтоор тэгж
унагаана гээд л байсан. Гэтэл Амараа өөрийнхөө цахим хуудсан дээр
Монголд тулааны урлагийг хөгжүүлэхийн тулд тусгай үзүүлэх тоглолт хийж
байгаа гэж мэдээлсэн байсан. Тэгэхээр япончууд бол үзүүлэх тоглолт
гэдгийг нь мэдэж байсан. Харин манайхан мэдээгүй л дээ.

-Та энэ талаар өмнө нь мэдэж байсан уу?

-Бид хоёр Японд тоглох үед тэр
Хакуто гэдэг залуу Амарааг дэвжээн дээр авч гарч байсан. Хакутог
Амараагийн бэлтгэл хангагч, найз нь гэдгийг би мэднэ.

-Та одоо бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?

-Жайкогийн шугамаар ирсэн Ари
Жүнүчи гэж япон багш дээр тулааны бэлтгэлээ хийж байгаа. Хүчний бэлтгэл
болон бусад бэлтгэлээ өөрийн байгуулсан кикбокс файтингийн "Шандас
дожо" клубтээ хийдэг. Өнгөрсөн аравдугаар сарын 30-нд болсон “MGL-1”
тэмцээнд манай клубээс дөрвөн тамирчин амжилттай оролцсон. Клубээ
байгуулаад хоёр жил болж байна. Байлдааны самбо бөхийн дэлхийн хошой
аварга тамирчин манай клубээс төрлөө. Миний өөрийн гарын шавь нараас
үндэсний тулааны урлагийн улсын аварга болсон. Ер нь хэд хэдэн сайн
тамирчин гарч ирж байгаа. Миний хувьд өөрийн амжилтаас гадна энэ
спортын хойч үеийг бэлдэх тал дээр илүү их анхаарах болсон.

-Боксчдоос хэнийг дэмждэг вэ, сонирхогчдын боксоос?

-Би сонирхогчдоос Э.Бадар-Ууганы
тоглолтыг их дэмждэг. За тэгээд, бүгдийг нь л дэмжиж явдаг даа.
Манайхан Бээжингийн олимпиос хоёр ч аваргатай болоход надад нэг сайхан
зүйл санагдаж байсан. Би 2004 онд К-1-д тоглох гээд Японд очихдоо
Асашёорюү аваргын гэрт очсон юм. Тэр жил Х.Цагаанбаатар Афины олимпиос
хүрэл медальтай ирсэн ш дээ. Олимп болохоос өмнө их аварга Японы
зээрэнцэг шидэлтийн нэг мундаг тамирчинд "Олимпийн аварга болоорой" гэж
алтан медаль бэлгэдсэн шар зангиа бэлэглэсэн юм байна л даа. Тэгсэн
нөгөө тамирчин нь мөнгөн медаль авсан чинь алтан медаль хүртсэн
тамирчин нь допинг хэрэглэсэн гээд медалиа хураалгаж таараад, их
аваргын дэмждэг япон тамирчин олимпийн аварга болсон юм билээ. Олимпийн
дараа нөгөө тамирчин залуу манай их аваргад алтан медалиа бэлэглэж, яг
тэр үед нь бид нар гэрт нь байж таарахгүй юу. Тэгэхэд Асашёорюү аварга
"Би олимпийн аваргын алтан медалийг зүүж үзсэн анхны монгол хүн болж
байна. Дараагийн олимпоор манай монголчууд алтан медаль авна аа, харж л
байгаарай" гэж хэлж байсан юм. Тэр сайхан үг дөрвөн жилийн дараа биелж,
монголчууд олимпиос хоёр алт авахад найзууддаа энэ тухай ярьж л суулаа.

-Тулааны спортыг дэмждэг хүрээлэл Монголд хэр байдаг вэ?

-Нэг үеэ бодвол энэ спортыг хүмүүс
маш их сонирхдог болсон байна. Сонирхож дэмжих хүмүүс ч байна,
сонирхоод хичээллэж байгаа залуус ч олон болсон байна. Миний анхны багш
Бэхээ, каратэгийн улсын шигшээгийн багш Чинзориг, дасгалжуулагч
Гантулга, сүүлд мэргэжлийн тулаан руу шилжихэд тусалсан мэргэжлийн
бөхийн холбооны удирдлага, хамт бэлтгэл хийж байсан дасгалжуулагч
тамирчид гээд олон хүнд би талархаж явдаг. Монголд анх fighting-ийн
тэмцээн зохиогдсоноос хойш хүмүүс тулааны спортыг гүн, гүнзгий
сонирхдог болсон. Урьд нь ихэнх тамирчид тэмцээн болвол оролцчихоод л
явдаг байсан бол одоо байнгын бэлтгэл сургуулилтад хамрагдах болсон
байна. Монголд анхны мэргэжлийн fighting-ийг зохион байгуулж, энэ
спортыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулсан Д.Сумъяабазар аваргад их
баярлаж явдаг. Энэ спортоор хичээллэж байгаа олон, олон залуучууд ч мөн
надтай адил бодолтой байдаг. Хүүхэд залуучуудыгаа би тулааны спортод
уриалмаар байна. Залуучуудыгаа бие сэтгэлээ хатуужуулж, хөдөлгөөнөөр
ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе гэж хэлмээр байна.

Ярилцсан Ж.Нандинзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж