“Зүүдний дуу”-г заавал үзэж, сонсоорой

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Зүүдний дуу”-г заавал үзэж, сонсоорой

Монголын Урчуудын Хорооны үзэсгэлэнгийн танхимд зураач Н.Содном, керамикч Д.Больхүү нарын “Үүнгүйгээр тэр үгүй” хамтарсан үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Зураач Н.Содном дүрслэх урлагийн олон чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд зураасан зураг, монгол зураг, Монументаль буюу чимэглэлийн урлагийн бүтээлээ голчлон энэ удаагийн үзэсгэлэнгээ дэлгэн тавьжээ. Тэрбээр 2001 онд “Сэрүүн Уужим Алтай”, 2005 онд “Намуун аяз”, 2010 онд “Зөөлөн аялгуу” зэрэг уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэндээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уул усыг болон зохиолч Н.Банзрагчийн 50 боть романы чимэг  зэрэг нарийн мэдрэмжтэй зургийг нь ирсэн хүн бүрийн урлагийн сэтгэмжийг хөглөж байлаа. Түүний Богдын гол, Сутай Богд, Хөвсгөл нутаг, Улиастайн хөндий, Хан жаргалант нутаг, Хялман нуур, Богдын голын хүрхрээ, Дөлгөөн нуур зэрэг бүтээлүүдэд Монгол орны үзэсгэлэнт байгалийн дүр төрхийг илэрхийлсэн бүтээл болжээ. Түүнчлэн мандлын Цэцэгс, Дашиймаа, Оройн наран, Цахилгаан станц, “Кош-Агачийн айл” зэрэг гайхалтай бүтээлүүд ч олон байлаа. Эдгээр бүтээлүүдээс хамгийн ихээр сэтгэл татсан бүтээл бол “Зүүдний дуу” гурвалсан зураг байв. Зураач Н.Содном төрсөн нутаг Говь-Алтай аймгийн сүрлэг уулс, цайрах үүлс, цэнхэр тэнгэр, эх нутгаа магтан дуулж буй дууч бүсгүйг зүүдэндээ харснаар энэүү бүтээл төрсөн гэж байлаа. Зүүдэнд ирсэн тэрхүү бүсгүйн уянгалаг дуу хоолойг тэрбээр амилуулан өөрөө үг, аяыг нь зохиож, МУГЖ н.Чулуунцэцэгээр дуулуулан, олны хүртээл болгосон байна. “Зүүдний дуу” зургийг хараад дууг нь сонссон хэн бүхэн өсч төрсөн эх нутагаа үгүйлэн санах нь дамжиггүй юм. Уг дуу
Онгодын мөнгөн оргил дээгүүр
Оройлон дүүлэн нисэв дээ би
Зүрхэнд уяатай ихэр Богдыгоо
Зүүдлэнхэн дууланхан сэрлээ дээ би… гэсэн уянгадаг мөрүүдтэй билээ.      
Хүннү үеэс улбаалсан керамик буюу шавран урлаг нь ахуйн хэрэглээнээс урлагийн төрөл зүйл болтлоо хөгжсөн. Шавранд байгалийн энерги шингэсэн байдаг тул түүгээр хийсэн бүтээлээс үзэгч, сонирхогчид тэрхүү байгалийн энергийг авдаг гэдэг. Керамикч Д.Больхүүгийн шатаасан шавараар хийсэн Сэтгэлийн толь, Мэддэг нь дуугардаггүй, Тоонот гэр, Боломж, Үүнгүйгээр тэр үгүй, Зөөлөн нь хатуугаа, Газар тэнгэрийн учрал зэрэг бүтээлүүд нь керамик урлагийн сонин содон шийдэл бүхий өвөрмөц бүтээл болж чаджээТус үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүс төрсөн сэтгэгдэлээ тэмдэглэлийн дэвтэрт үлдээсэн бөгөөд заримаас нь дурьдвал,
Энгийн толинд харж байгаагүй нүдээ сэтгэлийн толинд харлаа
Өөрийгөө гуниглаж байгаагүй гэж боддог боловч маш их гунигаа нууж явжээ би
Үүнийгээ бодох сөхөөгүй амьдрал өрнөсөөр… гэжээ.
Мөн “Байгаль өөрөө чулууг бүтээсэн учраас хамгийн урт настай металлаар тодорч л дээ, чиний бүтээсэн шавар баримал магад урт настай уран бүтээл билээ. Чулуу шавараар бүтээсэн бүтээл байгалийн энергийг шингээсэн байдаг, тэгвэл чиний бүтээл чулуу шаварт оюун ухаан, ур чадвараар дамжин олны ухааны мэлмийг нээж байгаа нь гайхмаараа…” гэж бичсэн байна.

 Б.Болор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж