“Анхны
алхам”, “ Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Сувраган цэнхэр уулс”,
“Хатанбаатар”, “ Зарлаагүй дайны оршил”, “Намар нахиалсан мод”, “Алтан
шонхор” , “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”,“Араатан”,
“Өс хонзон”, “Их хааны удам”, “Хайрын нулимс хатдаггүй” зэрэг 20 уран
сайхны кино, мөн тооны баримтат кино бүтээсэн. Тэрбээр Александр
Вампиловын “Чулимскэд болсон явдал”, “ Михаил Булгаковын “Зойкагийн
сууц” жүжгийг орчуулж, “Усан дээрх гал” хэмээх түүхэн тууж бичсэн
гэдгийг уншигчид маань андахгүй. Энэ эрхэм бол Монгол Улсын Ардын
жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэн билээ.
Түүнтэй кино урлагийн сониноос хуучиллаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоос тань яриагаа эхлэх үү?
-Одоо
үзэгчид намайг киноны Жийгээ гэхээсээ телевизийн Жийгээ гэж дуудах
болж. Энэ маань миний 10 гаруй жилийн амьдрал уран бүтээлээ зориулж
яваа МҮОНТ-тэй холбоотой юм. Телевизээр овоглуулж яваадаа баяртай
байдаг. “Монгол кино” хэмээх их айл задарч, уран бүтээлчид нь жалганы
нэг тараад амьдрал ахуйгаа хөөж явсан тэр үед “Монгол телевиз” намайг
урьж ажиллуулсан юм. Одоо эргээд бодоход би телевизийн кино болон
нэвтрүүлгүүд гээд нилээд тооны уран бүтээл туурвижээ.
Тухайлбал,“Цагаан сүүний домог”, “Сэтгэлийн тэнхээ” уран сайхны,
“Тэнгэрийн хөвүүн”, “Салхич шувууны нүргээн”, “Их Нацагдорж”, “Сэрүүн
Галтайн хүү Сэнгийн Эрдэнэ”, “Их эзэн Чингис хааны өлгий нутгаар”,
“Оройн дээд Очирвани шүтээн мину” баримтат кинонуудыг бүтээж,
“Дэлгэцийн бурхад”, “Дэлгэцэнд мөнхөрсөн одод”, “Одод тохиох мөч” зэрэг
үзэгчдийн танил болсон нэвтрүүлгүүдийг хөтлөн явуулж байна. Өнөөдрийн
Монголын нийгмийн өнгө төрх, уур амьсгалыг ажиглахад юуны өмнө
монголчуудын оюун санааны чадавхийг дээшлүүлэх нь нэн чухал байна. Би
энэ оноос эхлэн оюуны өндөр чадвартай үндэсний сэхээтнүүдийн санаа
бодол, тэмүүлэл, эргэцүүллийг олон түмэнд хүргэж, тэдэнд хадгалагдаж
буй соёл иргэншлийн үнэт өвийг үзэгчдэд танилцуулах зорилготойгоор
“Одод тохиох мөч” нэвтрүүлгийнхээ агуулгыг шинэчлэн явуулж байна.
-Монголын
кино урлаг үхэх сэхэхийн зааг дээр ирлээ гэж зарим нэгэн ярилцах юм.
Таныг монгол киноны томоохон төлөөлөгчийн нэг гэж үздэгийн хувьд
саналыг тань сонирхмоор байна?
-Яг энэ
асуултыг чинь өнгөрсөн цагаан сараар надтай ирж золгосон хүмүүс хөндөн
ярьж байлаа. Цагаан сарын өдрүүдэд гэхэд л нийслэл хотын телевизийн бүх
л сувгаар социализмын үед бүтээгдсэн монгол кинонууд гарлаа. Үүнээс
үүдэн үзэгчдийн санал бодол хоёр хуваагдсан янзтай байна. Нэг хэсэг нь
дээрх кинонуудыг өнөөдөр бүтээгдэж буй кинотой зүйрлүүлэн Монголын кино
урлаг алга болжээ гэж байхад, нөгөө хэсэг нь бараг сар бүр шинэ кино
гарч байгаа нь кино урлаг сэргэж байгаагийн илрэл гэх хандлагатай юм.
Энд хэнд ч ойлгогдохоор чанарын ялгаа байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
Ер нь үндэсний кино урлаг бие даан хөгжихөд тулгын чулуу шиг түшиж явах
гурван нөхцөл байдаг. Нэгдүгээрт, өнөөгийн төвшний үйлдвэрлэл,
хоёрдугаарт, авьяаслаг сайн уран бүтээлчид, гуравдугаарт, кино үзвэрийн
сүлжээ байх ёстой. Яг үнэндээ өнөөдөр энэ гурвын аль нь ч Монголд
алга. Сүүлийн үед найдлага тавьж болохуйц залуу уран бүтээлчид төрөн
гарч байгаад би баярладаг. Тэд яг одоо хөлөө олох л гэж тэмцэж явна.
Гадаадад киноны нарийн мэргэжлээр төгсч ирсэн залуучуудын бүтээлч эрэл
хайгуул, тэдний үзэл бодол тун чухал. Найруулагч, зураглаач, зураач,
жүжигчин, хөгжмийн зохиолч гээд киноны үндсэн мэргэжлээр өндөр
хөгжилтэй орнуудад суралцаж ирсэн залуучууд анхныхаа уран бүтээлийн
гарааг зоригтой эхэлж яваа нь найдвар төрүүлж байна. Тухайлбал, миний
шавь Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий Польшийн киноны дээд сургуулийг төгсч
ирээд гадаадын уран бүтээлчидтэй хамтран хэд хэдэн кинонд ажилласнаас
гадна бие дааж, “Өвлийн уянга”, “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны
киног мэргэжлийн төвшинд үзэгчдийн сонирхол татахаар бүтээлээ. Одоо
“NTB” телевизийн ерөнхий продюсер. Мөн Бээжингийн Кино Академид
зураглаач мэргэжлээр төгссөн Даваасүрэнгийн Ангараг, Солонгост
найруулагчийн мэргэжил эзэмшсэн Батдоржийн Жаргалсайхан нар
өөрсдийнхөө шинээр бүтээж буй “ДЭВ” хэмээх уран сайхны кинонд намайг
зөвлөхөөр урьж, зохиолоо уншуулан зураг авалтдаа ороод байна. Эхний
авсан зургуудыг нь харахад найруулагчийн болон зураглаачийн мэргэжлийн
шийдлүүд нь сонин юм. Бас СУИС-ийг 2000 онд төгссөн миний шавь нар
“Gays” хамтлагийнхан “Сайн байна уу”, амьдрал минь” киногоор уран
бүтээлийнхээ гарааг эхэлж байсан бол А.Төгсбаяр маань МҮОНТ-ийн бүтээл
олон ангит “Хэцүү анги” киноны хөгжмийн зохиолч, зургийн даргаар
ажиллаж, дөнгөж саяхан өөрөө бие даан “Ах дүүс” киногоо бүтээлээ. Энэ
мэт найдлага төрүүлэх залуу уран бүтээлчид Монголын кино урлагт хүч
түрэн орж ирж байгаа нь сайн хэрэг. Эднийг хөлөө олж урагшлахад нь бүх
талын дэмжлэг хэрэгтэй байна. Юуны өмнө тэдний бүтээлийг үзэгчдэд
зохион байгуулалттай хүргэх үзвэрийн сүлжээ, уран бүтээлийнх нь эрх
ашгийг хамгаалах хууль зүйн үндэслэл нэн шаардлагатай. Иймд киноны
хуулийг яаралтай боловсруулж мөрдүүлэх нь чухал.
-Бусад залуу найруулагч, зураглаачдаас тэд юугаараа илүү найдвар төрүүлж байна?
-Чин
үнэнийг хэлэхэд, найруулагч нар зохиолын задаргаа хийх, холбогдох
материалыг судлахаас эхлээд наад захын мэргэжлийн шаардлагыг
хэрэгсэхгүй, ямар ч бэлтгэлгүйгээр зураг авалтдаа яаран орж буй нь
бүтээл муу болохын үндсийг тавьж байгаа юм. Одоо найруулагчийн зохиол
бичиж, зураг авдаг найруулагч бараг үгүй болсон. Кино бүтээх бүх үе
шатанд найруулагчийн мэргэжлийн өндөр шаардлага алга болсон нь киног
сонирхогчдын төвшинд буулгаж буй гол дутагдал. Сүүлийн үед манай
зураглаачийн ажлууд тун хангалтгүй, байгаа юмыг тэр чигээр нь хавтгай
гэрлээр нялж авсан дүрслэлүүд зонхилох болсон. Уран сайхны киноны
дүрийн онцлог, үйл явдлын орчин ахуйг тэр болгон тодотгож чадахгүй
байна. Уг нь зураглаачийн мэргэжил гэдэг бол дэлгэц дээр гэрлээр зурж
буй уран зураг гэсэн үг. Энэ нь тухайн зураглаачийн ур чадвартай
холбоотой. Энэ талаас нь харахад яах аргагүй дээр нэр дурьдсан залуу
уран бүтээлчдийн кинонууд бусдаасаа давуу байгаа юм. Б.Түмэн-Өлзий
сүүлийн гурван жил дараалан телевизийн шилдэг зураглаачдыг шалгаруулах
“Алмаз” наадмыг зохион байгуулж, жил бүр түрүүлсэн залуу зураглаачдыг
Польш улсад болдог залуу уран бүтээлчдийн уулзалт, семинарт оролцуулж
байгаа нь чухал ач холбогдолтой ажил болж байна.
-Киног бүтээхэд судсыг барьж явдаг гол уран бүтээлч нь найруулагч гэдэг ?
-Тэр
үнэн. Кинонд найруулагчаас гадна онцгой үүрэг гүйцэтгэдэг хүн бол
продюссер. Энэ хүн киноны санхүүжилтыг хариуцахын зэрэгцээ үзвэрийн бүх
асуудлыг шийддэг. Дэлхийн киноны түүхээс харахад мэдрэмжтэй томоохон
продюссерууд олон тооны сайн найруулагч, жүжигчдийг төрүүлсэн байдаг.
Жишээ нь, Италийн нэрт продюсер Карло Понти дэлхийн киноны супер од
Софи Лоренийг хэнд ч хараахан танил бус байхад нь олж харснаас гадна
алдарт найруулагч Витторе Де Сикагийн уран бүтээлтэй холбож гаргаснаар
дэлхий тэднийг таних болсон. Продюссерийг зөвхөн мөнгө олдог бас
өсгөдөг хүн гэж ойлговол өрөөсгөл болно. Продюссер бол спонсор биш. Зах
зээлийн хууль, бизнесийн менежментийн мэдлэгээс гадна урлагийн өндөр
мэдрэмж, уран бүтээлчдийн өвөрмөц сэтгэлгээг гүн ойлгодог хүн байдаг.
Энэ өнцгөөс харвал өнөөдөр манайд мэргэжлийн кино продюссер байхгүй юм
шиг…
-Тэгээд киног яаж хийж байна?
-Өнөөдрийн
манай киноны нэг доголдол үүнд байгаа юм. Муухан жүжигчин ч юм уу хэн
нэг хүн тааруухан зохиол барьж ирээд нэг мөнгөтэй хүнд сайхан үлгэр
өнгөтөөр ярьж өгөөд кино хийхээр тохиролцдог. Энд л хэргийн учир буй.
Чи бод доо. Хэн нэг хүн мухар олгой ургахад дайралдсан малын эмчээ
дуудаж хагалуулахгүй шүү дээ. Мэс заслыг мэргэжлийн эмч л хийдэг.
Түүнтэй агаар нэг юм даа.
-Тэгвэл өнөөдрийн кинонууд өртгөө хэд дахин нугалж оллоо гээд сонин хэвлэлээр яриад байдаг шүү дээ?
-Тэр
болгоныг хэн тунгаахав дээ. Зарим нь шатдаг л биз. Нөгөө хэсэг нь
шархаа нуугаад өнгөрдөг байхыг хэн байг гэхэв. Хоёр гурван кинонд
дараалан продюссер хийгээд байгаа хүн ховор л байх шиг. Худлаа юмыг
мянган удаа давтахад үнэн болдог гэдэг шиг муухан киног телевизийн бүх
сувгаар орой болгон уйдтал рекламдаж, Монголд урьд өмнө нь байгаагүй
кино гарлаа гээд сонин бүхэнд ярилцлага өгөөд байдагт нэг учир бий.
Ямар ч бүтээлд реклам хэрэгтэй. Гэхдээ хэмжээ гэж байнаа.
-Манайд урьд нь үзэгчдийн танил болсон кинонуудыг үргэлжлүүлэн хийх болжээ?
-Ийм
практик бий. Энэ бол ерөнхийдөө америкуудын л бодож олсон зальжин арга.
Тэгэхдээ тэдгээр кинонууд нь өмнөх бүтээлүүдээсээ ямагт дордсон
байдаг. Жишээлбэл, Францын найруулагч Клод Лелуш Каннын олон улсын
кино наадмын гол шагнал хүртсэн “Эрэгтэй, эмэгтэй хоёр” гэдэг киногоо
үргэлжлүүлж, “Эрэгтэй эмэгтэй хоёр – 30 жилийн дараа” нэртэй кино
бүтээсэн нь амжилт олоогүй. Энэ бол Европын киноны жишээ. Харин манай
үзэгчдийн сайн мэддэг блокбастер кинонууд болох Жэймс Камероны
“Терминатор”, Жонатан Даммын “Хурга майлах цагаар”, ах дүү Вашовскийн
“Матрикс” зэрэг кинонуудын үргэлжлэлүүдийн аль нь ч анхны хувилбараа
гүйцээгүй байдаг. Манайд “Морьтой ч болоосой”, “Би чамд хайртай” киноны
үргэжлэлийг хийсэн. Надад “Анхны алхам” ,“Сувраган цэнхэр уулс”
киноны үргэжлэлийг бүтээгээч гэсэн санал үзэгчдээс их ирдэг байсан.
Зохиолыг нь хүртэл бичээд ирүүлж байсан удаатай. Тухайн үедээ би аль
ч киноных нь үргэлжлэлийг хийхээс татгалзсан юм.
-Яагаад. Сайхан боломж биш үү?
-Боломж
бол байсан л даа. “Анхны алхам” киноны үргэлжлэлийг хийхээс татгалзсаны
дараа Ч.Гомбын зохиолоор найруулагч Д.Жигжид зохиолыг бага зэрэг
өөрчилж “Баянбулагийнхан” киног бүтээсэн. Энэ бол уг чанартаа “Анхны
алхам” киноны үргэлжлэл байсан юм. “Сувраган цэнхэр уулс” киноны
үргэлжлэлийг сэтгүүлч А.Батсайхан, Хилийн цэргийн офицер
О.Пүрэвжавын хамт бичиж надад ирүүлсэн байсан.
-Зохиол нь танд таалагдаагүй учраас татгалзсан гэж ойлгож болох уу?
-Таалагдаагүй
дээ биш юм. “Анхны алхам” кинотой харьцуулаад бодоход нэг л унах гээд
байгаа юм шиг санагдсанаас л татгалзсан хэрэг. Ер нь сайн киног муу
болгож үргэлжүүлэх нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой л төстэй
юм даа. Түрүүн дурьдсан дэлхийн кинонуудаас харахад цуврал кинонуудыг
анхны сайн бүтээлийн дэвсгэр дээр арилжааны чиглэлээр ашиг олох
зорилготой л хийсэн байдаг.
-Би монгол кино үзэх дуртай. Хичнээн үзсэн ч уйдахгүй. Над шиг ийм хүн олон байдаг байх аа. Үүний нууц нь юундаа байна?
-Би
гайхаад байгаа юм. Арилжааны телвизийн энэ олон сувгаар байнга монгол
кино гарч байхад үзэгчид огт уйдахгүй байгаа юм. Харин ч гарахгүй бол
нэхэх хандлагатай. Өчнөөн олон жилийн өмнө хийсэн кинонуудыг өнөөдрийн
үзэгчид яагаад ингэж шимтэн үзээд байна вэ, гэдэг судлууштай л асуудал.
Үүнээс үүдэн надад нэг зүйл бодогддог юм. Энэ нь Монголын кино урлагийн
мэргэжлийн төвшинтэй ч холбоотой. Миний бодлоор продюссерын зэрэгцээ
судлаач, түүхч, шүүмжлэгч хэрэгтэй байна. Өнөөдөр дэлгэцэнд гарч
байгаа киноны талаар задаргаа хийж, дэлхийн болон өөрийн орны кино
урлагийн түүхэн хөгжлийн явцтай харьцуулан дүгнэж, шүүмж судалгаа бичиж
байгаа мэргэжлийн судлаач, шүүмжлэгч нэг ч алга. Киноны талаар
хэвлэлүүдэд гарч буй шүүмжийг харахад үзэгчийн сэтгэгдэл төдий
зүйлээр хязгаарлагдах юм уу, аль эсвэл хэн нэгний захиалгаар бичсэн
хиймэл өгүүлэлүүд байх жишээтэй. Ийм байхад кино урлаг яаж өсөн дэвжих
юм бэ? Кино урлагийн бүтээлийн үнэ цэнийг олон түмэнд гаргаж тавьдаг
салбар бол кино судлал. Энэ чиглэлээр бид мэргэжлийн судлаач, түүхчдийг
яаралтай бэлтгэмээр байна. Тэгэхдээ дөнгөж ерөнхий боловсролын
сургууль төгссөн хүүхдийг энэ мэргэжлээр сургана гэхэд учир
дутагдалтай.
-Яагаад?
-Ойлгомжтой
шүү дээ. Урлагийн яг энэ салбарыг ямар нэг хэмжээгээр сонирхож,
дотор нь орж мэдэрсэн энэ ажилд үнэхээр бие сэтгэлээ зориулах чин
эрмэлзлэлтэй сэтгүүлч, зохиолч, хэн ч бай кино судлалаар мэргэших юм
бол амжилтад хүрнэ. Гадаадын судлаач, түүхчид, урлагийн философичдыг
харахад ингэж бэлтгэгдсэн байдаг. Жишээ нь Францын “шинэ давалгаа”
урсгалын гол төлөөлөгчид болох Жан Луи Годар, Франсуа Труффо нар кино
урлагт анх алдарт “Синэма” сэтгүүлд кино шүүмж бичсэнээр уран бүтээлийн
гараагаа эхэлсэн байдаг. Ер нь дэлхийн жишигт кино судлаач, шүүмжлэгчид
асар хүндтэй байр суурь эзэлдэг. Тухайлбал ямар нэг найруулагчийн шинэ
бүтээлийг хүлээн зөвшөөрөгдсөн кино судлаач, шүүмжлэгч магтах юм уу,
муулснаар тухайн киноны хувь тавилан шийдэгддэг. Үүнээс харахад киноны
мэргэжлийн судлаач шүүмжлэгч ямар их чухал болох нь ойлгомжтой.
Өнөөдрийн манай кино урлаг их далайд хөвж яваа луужингүй хөлөг онгоцтой
адилхан байна.
-Таны амьдралыг кино урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй…
-Тийм ээ.
Одоо эргээд бодоход би амьдрал уран бүтээлээ Монголын кино урлагтай
холбосноос хойш 50 жил болжээ. 50 жил гэдэг улс нийгмийн хувьд бага
хугацаа боловч хүний амьдралд бол чамлахаар хугацаа биш. Он жилүүд
үнэхээр мэдэгдэхгүй өнгөрөх юм. Миний анхны уран бүтээл “Анхны алхам”
кино дэлгэцэнд гараад 40 жил болж байна шүү дээ. Ингээд бодохоор чиний
хэлдэг зөв юм байна. Энэ жил Монголд кино урлаг хөгжсөний 75 жилийн ой
тохионо. Би монгол киноны түүхийг өгүүлсэн цуврал нэвтрүүлэг хийхээр
бэлтгэл ажилдаа ороод явж байна даа.
-Кино
урлагийг хөгжүүлэх гэж түрэн гарч ирж байгаа залуу үеийнхнийхээ талаар
ямар бодолтой явдаг вэ. Мэдээж та чамгүй олон шавьтай биз?
-Монголын
кино урлагийн ирээдүй залуучуудын гарт байгаа нь ойлгомжтой. Бидний
дээр ярилцсан бүх зүйл эзэнтэй болж хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй
байна. Яахав, одоогийн Монголын кино нийгмийнхээ хандлагыг дагаад
голдуу ашиг хонжоо хайх нэг хэрэгсэл болж. Миний бодлоор бол хамгийн
гол нь мөнгөндөө биш юм. Тэр ч байтугай огт мөнгө төсөвгүйгээр сайн
кино хийж болно. Ийм жишээ кино урлагт олон байна. Тухайлбал, кино
урлаг анх үүсэх үеэс эхлээд ах дүү Люмер, Роберт Флаерти цаашлаад
1930-аад оны Жозеф Фон Штернберг, Дзига Вертов, 1940-өөд оны Италийн
неореалистууд болох Роберто Росселини, Жузеппе Дэ Сантэс, Лукино
Висконти нар, 1950-аад оны Францын “шинэ давалгааныхан” болох Ален
Ренэ, Агнэ Варда, Эрик Ромер, 1960-аад оны “Шинэ Германы кино”
урсгалынхан болох Райнер Вэрнэр Фасбиндер, Вернер Хэрцог, 1970-аад оны
Америкийн авангард болон андэрграунд киноны төлөөлөгчид болох Энди
Вархол, Жон Кассавэтэс гэх мэт том найруулагчид киногоо маш бага
өртгөөр ямар ч төсөвгүйгээр бүтээсэн байх жишээтэй. Хамгийн сүүлийн
жишээг дурьдахад 1990-ээд оны Ираны үндэсний кино урлаг яг л ийм замаар
босч ирэн дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан. Би яагаад ингэж
“лекц уншаад” байна вэ гэвэл хамгийн гол нь мөнгөндөө биш толгойдоо
байдаг гэдгийг л нотлох гэсэн юм. Үүнийг л би залуу үеийнхэндээ хандаж
хэлмээр байна.
-Та
өнгөрсөн онд болсон “Улаанбаатар” кино наадмын үеэр тайзнаа гарч шилдэг
найруулагчийн шагнал гардуулахдаа та “Монголын кино урлаг цулбуураа
чирэн хулжиж яваа морь шиг байснаа одоо эзэнтэй болж байна” гэж хэлсэн
санагдана?
-Үнэн. Би
уг нь Монголын кино урлаг залуучуудын гарт шилжиж эзэнтэй болж байгаад
нь баярласан сэтгэлээ илчилсэн юм. Гэтэл сүүлд нь нэг шар хэвлэлд
намайг тайзан дээр согтуу гарч ирж учир нь олдохгүй үг хэлсэн гэж
шүүмжилсэн байсан. Түүнээс хойш би Монголын кино урлагийн талаар нэг ч
хэвлэлд ярилцлага өгөхгүй гэж өөртөө тангараг тавьсан юм. Миний
тангаргыг өнөөдөр чи няцаалаа даа /Инээв/.
-Яагаад тангаргаа няцаалгав даа. Эр хүн чинь хэлсэн тангарагтаа үнэнч үлддэг шүү дээ?
-Чамд
итгэсэндээ үнэнээ яръя гэж бодсон юм. Нэг өчүүхэн бодолтой хүний үгээр
олон түмэндээ гомдоно гэдэг утгагүй. Хагас зууны турш бие сэтгэл, аль
бүхнээ зориулж явсан салбараа унах, өндийхийн зааг дээр байхад амандаа
ус балгасан юм шиг суух эрх надад алга даа /Санаа алдав/. Ер нь
урьдах үүх түүхээ мэдэхгүйгээр өнөөдрийг бүтээнэ гэж үгүй. Суурьгүй
байшин барьдаггүй биз дээ. Тэгэхдээ өнгөрсөн үеэ билгийн нүдээр
харж, авах гээхийн ухаанаар шийдэх нь чухал. “Өнгөрсөн үеэ чи гар
буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна” гэж Дагестаны ардын
яруу найрагч Расул Гамзатов хэлсэн байдаг. Ёстой л голыг нь олсон үг
шүү.
Б.Анхцэцэг /2010 оны 2 сарын 26/