Мадонна нялх амрагтайгаа шөнөжин цэнгэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Мадонна нялх амрагтайгаа шөнөжин цэнгэв

 Энэ
сарын эхээр дуучин Мадоннаг 23 настай залуухан амрагаасаа саллаа гэж
хэвлэлүүдээр шуугисан ч тэд дахин нийлснээ нотолж өнгөрсөн долоо
хоногийн пүрэв гаригт буюу 11-нд Бразилийн Рио де Жайнерогийн нэгэн
шөнийн клубт үүр цайтал цэнгэсэн байна. “Дөрвөн хүүхдийн ээж, 51 настай
Мадонна шөнийн клубын шатан дээр нялх амраг Жесус Лузтайгаа гал
халуунаар үнсэлцэж, залуу насаа эргүүлэн авахаар маш их чармайж байгаа
нь илт харагдаж байлаа” гэж Английн Dailymail сонинд бичсэн байна.
Өнөөдрөөс 30 жилийн өмнө Мадонна одоогийн найз залуу, Бразилийн загвар
өмсөгч Жесус Лузын насан дээр байхдаа шөнийн клубт яаж “од” болон
гялалзахаа дэндүү сайн мэддэг нэгэн байсан бол өнгөрсөн пүрэв гаригийн
үдэш гандан бууршгүй попын хатан хаан суудалдаа шигдэн, энгийн даруухан
сууж байжээ. Харин Жесус Луз эгчмэд амрагаа суудал дээр нь орхиод өөрөө
найзуудын хамт нэлээд хэдэн цагийг бүжгийн талбай дээр өнгөрүүлсэн
байна.

Клубт бүгчим халуун байснаас Луз болон
түүний найзууд бүгд цээж нүцгэлж, мөстэй цэвэр ус залгилцгааж байжээ.
Жесус хүзүүнийхээ ар хэсэгт өөрийнхөө нэрийг бичмэлээр шивүүлсэн нь
дуранд тод өртжээ. Тэд үүр цайж байхад клубээс гарч, зочид буудал
руугаа явсан байна.

Хосууд 2008 оны 12 дугаар
сард “W” сэтгүүлийн зураг авалтын үед анх танилцаж, тэр цаг мөчөөс учир
ургуулжээ. 2009 оны нэгдүгээр сарын эхэн үеэс тэд хамт оройн хоол идэж
гэрэл зурагчдын дуранг баярлуулах болсон байна.

Мадоннатай
нэр холбогдсоноос хойш Жесус Лузын моделийн карьер пуужин адил өндөрт
хөөрсөн талаар хэвлэлүүд байнга бичдэг. Лузын ээж жирийн нэгэн үсчин
эмэгтэй Кристиан да Силва гэхэд л Мадоннагаас 14 насаар дүү гэнэ.
Тиймээс ч хүүгээ өөрөөс нь ахмад хүнтэй нэр холбогдож байгаа гэхээс
сэтгэл харанхуйлдаг тухайгаа нэг бус удаа цухуйлгаад авсан. Өнгөрсөн
жил Мадонна Рио де Жайнерод ирэхдээ залуу амрагийнхаа ээжтэй уулзаж
байсан аж.

Мадоннагийн амраг Жесус Луз өөрийнхөө тухай ярьж байна

Попын
хатан хааны амраг болж, хүссэн хүсээгүй бүх хүний анхаарлын төв цэгт
байх болсон Жесус Луз нэгэн алдартай сэтгүүлд зурагаа авахуулж,
Нью-Йоркийн чөлөөт сэтгүүлч Жонатан Дурбинтай утсаар энгийн яриа
өрнүүлжээ. Ярилцлага Жесус Лузын гадаад дүр төрх шиг тачаангуй, задгай
болоогүй ч тэр сэтгүүлд авахуулсан түүний нүцгэн шахуу зургууд нь
хангалттай сенсаац болсон юм.

-Сайн уу, Жесус?

-Сайн,
сайн. Дажгүй шүү. Би дөнгөж сая Фордын зураг авалтаас орж ирлээ. Өглөө
таван цагт би Бразил руу нисэх ёстой, одоо ингээд ачаа тээшээ баглах
гээд л. Ёстой солиормоор их ажилтай байна. Уг нь би өнөөдөрхөн л Лос
Анжелосаас энд, Нью-Йоркод ирсэн юмсан. Гэтэл одоо дахиад л нисэх болох
нь. Би онгоцонд явахаар үргэлж бөөлждөг юм л даа.

-Тэр ч муу шүү. Чи Риод өссөн үү?

-Тийм
ээ, миний хүүхэд нас тэнд өнгөрсөн. Би 2006 онд авга ахындаа зочлохоор
Нью-Йоркод анх удаа ирж байлаа. Миний Рио үнэхээр гайхалтай байгальтай
газар. Тэнд би хөдөө далайн эрэг дээр байх дуртай. Ер нь байгаль миний
хувьд хамгийн том сэргээш.

-Чи хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв? Сюрпингээр хичээллэдэг байсан уу?

-Би
бодибоардингаар /давалгаа унагч/ хичээллэдэг байсан. Хүүхэд байхдаа би
ихэнх чөлөөт цагаа усан сан эсвэл далайд л өнгөрүүлдэг байсан.
Сюрпингээр би тийм ч мундаг биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол “ниснэ”
шүү.

-Чамайг бага балчир байхад эцэг, эх чинь салсан гэсэн үү?

-Аав
намайг тавтай байхад ээжээс салсан. Би ээжтэйгээ өссөн. Ээж надад хоёр
хөөрхөн дүү төрүүлж өгсөн. Нэг нь 10-тай, нөгөө нь 14-тэй. Би тэднийхээ
нүдийг харахаар өндөр үүрэг хариуцлагатай ах гэдгээ мэдэрдэг юм. Би
тэдэндээ үргэлж сайн үлгэр дууриалал үзүүлэхсэн гэж боддог.

-Чиний нэрийг хэн өгсөн бэ?

-Аав.
Учир нь тэр Есүс Христийн номлолыг маш ихээр шүтэн биширдэг байсан
гэсэн. Онцгой нэр шүү. Бүх хүмүүст л сэтгэгдэл төрүүлж чаддаг юм. Харин
Луз гэсэн нэр маань гэрэл гэсэн утгатай. Есүс Гэрэл. Гайхалтай нэр
байгаа биз? Миний нэр надад сайн сайхан энергийг авчирдаг юм шиг
санагддаг.

-Чамайг хүүхэд байхдаа театрт
хичээллэдэг байсан гэж хаа нэгтээгээс уншсан. Чамайг тийшээ юу хөтөлсөн
бэ? Магадгүй хэн нэгэн алдартан чамайг жүжигчин болохыг “уруу татдаг”
байв уу?

-Хүүхэд байхдаа би драмын
дугуйланд явдаг байсан. Тухайн үед надад ямар үлгэр дууриалал байж, би
ямар жүжигчдэд дуртай байснаа сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн одоогийн
Жесус Лузын хайртай жүжигчин бол Jack Nicholson. Бас Бразилийн жүжигчин
Selton Mello.


Хэзээнээс, яаж загвар өмсөх алхмаа эхэлсэн бэ?

-Риод
нэг хүн намайг загварын агентлагт орооч гэж санал тавьсан. Би 2007 онд
Риогийн загварын шоунд оролцож анх загвар өмссөн. Тэр сайн тэсрэлт
болсон. Би олон ч хүмүүстэй танилцсан. Харин би W сэтгүүлд зургаа
авахуулснаар олон улсын карьераа эхлүүлсэн. Гэрэл зурагчин Стивен Клэйн
ажилласан шүү дээ. Тэр бахархмаар мундаг зурагчин шүү.

-Чи түүнийг өмнө нь таньдаг байсан уу?

-Үгүй
ээ, анх удаа зураг авалт дээр л танилцсан. Одоо бид сайхан найзууд
болцгоосон. Гэрэл зурагчинтайгаа найзлана гэдэг сайхан хэрэг шүү. Дотны
харьцаа сайн гэрэл зураг гарах үндэс болдог.

-Чи Нью-Йоркийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Эндхийн
бүх зүйл хурдтай, эрчимтэй. Надад тэр нь таалагддаг. Манай Риогоос огт
өөр болохоор надад магадгүй Нью-Йорк сонирхолтой санагддаг байх. Риод
бүх зүйл тайван, налгар. Харин энд эсрэгээрээ.

-Хөгжмийн тухай ярьцгаая.

-Би
хөгжимтэй маш ойр өссөн. Намайг бага байхад манай нагац ах Риод нэг рок
хамтлагт тоглодог байсан юм. Би байнга л түүнийг дагаж явдаг байлаа.
Тэр ч нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ л би угийн хөгжимтэй ойр хүүхэд
байсан. Миний найз нөхдийн ихэнх хувь нь хөгжимтэй холбоотой хүмүүс
байдаг.

-Ямар нэг хөгжим тоглодог уу?

-Би үлээвэр хөгжим тоглодог байсан. Лимбэ миний дуртай хөгжмийн зэмсэг.

-Ингэхэд хэзээнээс Ди-Жей болсон юм бэ?

-Ердөө
жилийн өмнөөс л. Ди-Жей найз нөхдийнхөө тоглолт энэ тэрийг үзсээр
байгаад хорхойсчихсон. Бас би Риод ямар л электро үдэшлэгүүд болно тэр
бүгдэд очдог байсан.

-Чи ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

-Транс, электро хаус, прогрессив хаус, техно хаус.

-Чамайг Нью-Йоркод Dubspot гэдэг Ди-Жей бэлтгэх сургуульд сурсан гэсэн, энэ үнэн үү?

-Тийм
ээ. Тэд надад яаж микс хийх, яаж төхөөрөмжөө ажиллуулах гээд л бүх л
мэргэжлийн зүйлсийг зааж өгсөн. Гурван сар хэртэй суралцсан шүү. Тэгээд
би өөртөө Ди-Жейн тоног төхөөрөмж худалдаж авсан. Би саяхан өөрийнхөө
анхны дууг найзуудтайгаа нийлж гаргаад байгаа. Риод би өөрийн гэсэн
студитэй болсон.

-Нэг дуу зохиосон гэж үү? Би хоёр гэж бодсон юмсан

-Бараг
л хоёр гэж ойлгож болно. Бид хоёр дахийгаа бараг дуусгаад байгаа. Эхний
дуу маань “We Come From Light” нэртэй. Хоёр дахь нь “Sweet Mystery.”

-Цомог гаргах төлөвлөгөө байна уу?

-Одоохондоо
яарахгүй байна. Гол нь сайн л юм хийх хэрэгтэй. Дөнгөж ганц хоёр дуу
гаргачихаад цомог бодоод явбал арай л эртдэх байх.

-Цаашдаа чи моделийн чиглэлээр явах гээд байна уу? Эсвэл бүр хөгжмийн хүн болох нь уу?

-Аль алинаар нь.

-Жүжиглэх үү, бас?

-Тэгнэ.
Яагаад болохгүй гэж… Уучлаарай, би утсаа таслахаас өөр аргагүй нь.
Учир нь миний Каббала багш ирчихээд намайг хүлээж байна.

-Харамсалтай
юм. Уул нь би Каббала /жүүдийн шашны номлогч багш/ багшийн чинь тухай
болон ойрын үед чамайг тойроод байгаа дуулиан шуугианы талаар ярилцъя
гэж хүсч байсан юм.

-Намайг үнэхээр уучлаарай. Зугаатай байлаа. Баяртай.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж