50 Cent: Би хэзээ ч ганц сая хувь борлогдох цомог гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

50 Cent: Би хэзээ ч ганц сая хувь борлогдох цомог гаргахгүй

 Өмнөд
Ямайк гэх Нью-Йоркийн нэгэн захын дүүрэгт төрж өссөн 50 Cent буюу
Кёртис Жэксон хар дарсан зүүд шиг амьдралыг туулж, бууны есөн сумнаас
амь мултарч, өнөө цагийн дэлхийн шилдэг репперүүдийн нэг болж чадсан
бөгөөд хөгжмийн ертөнцийн түүнчлэн кино урлагийн “лорд”-уудын нэг
болоод байна. Дэлхийн хэмжээнд 36 сая хувь цомог борлуулсан тэрбээр шоу
бизнес төдийгүй бизнесийн олон салбарын могул юм. Өнгөрсөн долоон
жилийн хугацаанд 50 Cent хөгжим болон хувцас загварын салбараас гадна
спорт кет, пүүз, кино, ном, видео тоглоом, телевизийн шоу, үнэртэн,
автомашин, спортынхны ундаа гээд олон зүйлд хүч сорьж, 400 сая
ам.долларын хөрөнгийг өөртөө төвлөрүүлж амжжээ.

Түүнийг Нью-Йорк хотноо байх үеэр “The New-York Times” сонины сэтгүүлч Дмитрий Эрлич уулзаж ярилцжээ.

-Өнгөрсөн
хэдэн жилийн хугацаанд таны карьер хөгжмөөс хальж, ийм олон болж
төрөлжсөнийг хараад үнэхээр гайхаж байна л даа. Танд одоогоор дуу
бичлэгийн студи, хэвлэлийн газар, 50 Cent гэсэн видео тоглоом, G-Unit
гэх загварын брэнд, G-Unit-ийн пүүз, таны нэрээр нэрлэгдсэн үнэртэн
байна, дээр нь та “Pontiac”-т зориулж, тусгайлан автомашины загвар
гаргаж өгдөг, бас “Glaceau”-гийн хувьцаанаас 100 саяыг олдог гэж
сонссон юм байна. Дээрхээс гадна та Роберт ДеНиро, Аль Пачино нарын
хамт кинонд тоглоод амжсан. Би бодохдоо таныг реппер гэдгээсээ
илүүтэйгээр бизнесийн үйл ажиллагаанаасаа их хэмжээний ашиг олж байгаа
гэж бодож байна. Миний таамаг зөв үү?

-Тэгэлгүй
яахав. Би уран бүтээлээсээ олдог хөрөнгө мөнгөнөөс хамаагүй илүүг бусад
салбараас олдог. Надад үргэлж л бизнесийн зөв, шинэлэг санаа толгойд
орж ирдэг байсан ч зорьсондоо хүрэхийн тулд санхүүгийн тал дээр үргэлж
л хүндрэл гардаг байлаа. Харин хөгжмийн салбарт амжилт гаргаж, өргөн
хүрээг хамарч чадсан учир өөр олон зүйлд хүчээ сорих сонирхол бий болж
эхэлсэн. 2003 онд гаргасан “Get Rich or Die Trying” нэртэй миний анхны
цомог 19 сая, харин дараачийн “The Massacre” цомог маань 13 сая хувь
борлогдсон. Сүүлд, 2007 онд гаргасан “Curtis” цомог өмнөх хоёртойгоо
харьцуулахад тийм ч олон хувь зарагдаагүй. Гэхдээ сүүлийн үед хөгжмийн
бизнес өөрөө өөрчлөгдөн хувьсч байна. Юу гэх гээд байна гэхээр,
“Curtis” цомог маань худалдаанд гарч байх тэр үед Kanye West бид хоёр
хип-хоп урлагийн салбарыг эзэгнэж, борлуулалтаараа тэргүүлж л байсан
шүү дээ.

-Яг өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний хөрөнгөтэй гэдгээ мэдэх үү? 400 сая ам.доллар гэж сонсч байсан юм байна. Зөв үү?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ сайхан л сонсогдож байна.

-Их
хэмжээний бэл бэнчинтэй болчихлоо. Өөрийгөө үнэлэх үнэлэмж ч юм уу,
үзэл бодол чинь өөрчлөгдсөн үү? Эсвэл одоо ч гэсэн хангалтгүй санагдаж
байна уу?

-Үнэнийг хэлэхэд хангалттай гэж
бодохгүй л байна. Би өөрийнхөө амжилтыг санхүүгийн байдалтайгаа
тэнцвэржүүлэхийг хичээдэг. Учир нь надад юу ч байгаагүй. Хов хоосон
үеийг хангалттай туулсан. Ямар ч мөнгөгүй үед бүх л асуудал, ээдрээг
шийдэх хөдөлгүүр нь мөнгө юм шиг санагддаг байлаа. Гэтэл мөнгөтэй
болсны дараа цоо шинэ гэхдээ бүр цогц асуудалтай тулгарсан юм шиг
санагддаг юм байна.

-Таны эхний хоёр цомог чинь
нийлээд 32 сая хувь борлогдсон. Гэтэл “Curtis” ердөө ганцхан сая. Харин
“Before I Self Destruct” нэртэй шинэ цомог чинь яах бол?

-Юу? Нэг сая аа?

-Дотоодын хэмжээнд шүү дээ. Тэгээд нэг сая биш юм уу?

-Мэдээж
хэрэг саяас илүү. Би ганцхан сая хувь борлогдсон цомог хэзээ ч гаргаж
байгаагүй. Хэрвээ миний цомог ердөө сая хувь зарагдвал би галзуурах
байх.

-За яахав. Тэгээд “Curtis” хэдэн хувь борлогдсон гэж?

-Яг хэлж мэдэхгүй байна. Түр хүлээгээрэй. /Гар утсаа гаргаад борлуулалтын дүнг мэдэхээр хэн нэгэнтэй ярив/

-За
тэр яахав, бид дараа нь харж болно шүү дээ. Гэхдээ миний зорилго гэвэл
таны цомгийг басамжилж, дорд үзэх гэсэн хэрэг биш шүү. Хэн ч 20, 30
саяар нь цомгоо борлуулаад байдаггүй шүү дээ.

-Тийм ээ.

 


-Бусад хүмүүс танд “үгүй” гэж хэлэхээсээ эмээж байгааг харахаар танд бухимдах сэтгэл төрдөг үү?

-Намайг
босс болохоос өмнө надтай яаж харьцаж байсан одоо ч тэр хэвээрээ байж
чаддаг шилдэг найзууд бий. Тэд надаас ямар нэг зүйл хүсдэггүй.

-Жишээ нь хэн гэж? Таны хамгийн сайн найз чинь?

-Миний
сайн найз уу? Чөтгөр ав гэж, мэдээж Эминем шүү дээ. Хэдийгээр бидэнд
байнга уулзаж, зугаацаад байх зав гардаггүй ч утсаар байнга холбоотой
байдаг. Би Детройтод байхдаа тэднийд амьдардаг байсан. Тэр л намайг
гэртээ аваачсан юм шүү дээ.

-Та хүүгийнхээ ээж, хуучин эхнэртэйгээ зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж харьцдаг гэсэн, үнэн үү?

-Би түүнтэй ямар ч харилцаагүй байдаг.

-Энэ их эд хөрөнгө, алдар хүндийн оргилд гарсан ч мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл гэж байдаг. Аз жаргалтай гэр бүл гэх мэт?

-Тийм
ээ. Гэхдээ хөрөнгө мөнгөгүй хоосон хүн хэн нэгэнтэй дотно харьцаатай
болсон ч бүтэлгүйтэх нь их байдаг биз дээ. Хүн гэдэг ургамалтай ижил.
Тэд өсч томорно, тэрнийхээ хэрээр өдрөөс өдөрт өөрчлөгдөж байдаг.

-Таны
амьдралдаа туулсан хамгийн хүнд хэцүү үе гэвэл ээжийгээ алдсан тэр үе
байх. Таныг наймхан  настай байхад бусдын гарт амиа алдсан байх аа?

-Тийм ээ. Энэ миний амьдралын хамгийн хэцүү үе байсан.

-Ээжийгээ
нас барсан гэдгийг анх сонсоход ямар байсан бэ? Тэр үеийг санадаг уу?
Эхийгээ алдсан сэтгэл өнөөдрийг хүртэлх амьдралд чинь хэрхэн нөлөөлж
байв?

-Би хүүхэд байсан даа. Ердөө наймхан
настай байхад ээж маань хорвоог орхисон. Ээж минь намайг төрүүлэхийн
тулд хэцүү шийдвэр гаргаж, тийм л амьдралыг сонгосон. Би ээжийнхээ
амьдралын амин сүнс, гол хөдөлгүүр нь байсан юм. Ээж маань анх жирэмсэн
гэдгээ мэдэх үед дөнгөж 15 настай байсан, тухайн үед өсвөр насныхны
жирэмслэлттэй холбоотой асуудал өнөөдрийнх шиг байгаагүй. Тиймээс л ээж
маань сонголт хийх хэрэгтэй болсон юм. Нэг бол ирээдүйд тансаг сайхан
амьдрах, нөгөөдөх нь бол түүний сонгосон энэ амьдрал. Миний төлөө шүү
дээ. Тийм ч учраас би ээжийгээ үргэлж санаж, түүнийг сайн сайхнаар
бодож явдаг. Учир нь түүний зүрх миний төлөө цохилж байсан юм. Би хэзээ
ч аавынхаа тухай сонсч байгаагүй, мэдэх ч үгүй. Тиймээс ээж минь миний
хувьд хэнээс ч илүү эрхэм. Ээжийгээ алдсаны дараа миний сэтгэл ямар
байсан гэж бодно. Цэцэрлэгт хүрээлэнд очмоор санагдахад гадаа бороо орж
байгаа юм шиг, ээж маань нас барчихсан болохоор л надад бороо орж
байгаа юм шиг санагддаг байлаа. Ээж минь байхгүй болохоор л бүх зүйл
буруутаж байгаа юм шиг. Түүнийг нас барсны дараа эмээ, өвөө хоёр маань
надад түүнийг бүрмөсөн явчихсан, гэхдээ сайн сайхан газар руу гэж хэлж
байсан юм. Тухайн үед би огтхон ч ойлгоогүй. Оршуулгын ёслолд оролцсон
ч юу болоод байгааг ойлгож, ухаарч чадахгүй л байсан. Сайн сайхан бүхэн
маань алга болчихсон гэдгийг л мэдэж байсан даа.

-Таны
байгуулсан “G-Unity” нэртэй буяны байгууллага чинь орлого багатай, ядуу
буурай амьдралтай айлын хүүхдүүдэд боломж олгож, тэднийг боловсролтой
болгох тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Харин чухам ямар учраас
өөрөөсөө тэс өөр стиль, хэв маягтай Бэтт Мидлер /Америкийн жүжигчин,
дуучин/-тэй хамтран “Curtis 50 Cent Jackson Community Garden”-г
байгуулсан юм бэ?

-Тийм ээ, бид хоёрын
амьдралын хэв маяг, биднийг хүрээлж байдаг үзэгч, шүтэн бишрэгчид бүгд
тэс өөр. Гэхдээ бид нэг зорилготой. Бид тэр бүс нутагт байгаа хүүхэд
багачуудын төлөө ямар нэг эерэг алхам хийхийг зорьсон юм. Бэтт бол
Нью-Йоркийн топ 100 энэрэнгүй үйлстэнгүүдийн нэг шүү дээ. Бид хоёр
хамтдаа өөр төсөл дээр ч гэсэн ажиллаж байна. Уг нь би хүмүүнлэгийн
ажлаа сурталчлах дургүй л дээ. Өөрийгөө “рекламдах” гэж буяны үйлс хийх
нь ямар ч утга учиргүй зүйл.

-Нээрээ таныг
нислэгийн зэрэглэлийг хайхардаггүй гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
Онгоцны энгийн зэрэглэлд таны хажууд суусан хүмүүс тантай хэрхэн
харьцдаг вэ?

-Надад шаардлага гарвал би аль ч
зэрэглэлээр байсан хамаагүй нисчихдэг. Хэрэв онгоцны урд хэсгийн суудал
зарагдаад дуусчихсан байвал би хойно нь суугаад л явдаг. Зарим хүмүүс
“Өө, бизнес ангиллын тасалбар дуусчихаж. Би явж чадахгүй ээ” гэдэг.
Хүмүүс тэднийг бизнес ангилалд суугаагүй байна гэж хэлэх вий гэхээс
айсандаа л тэд тэгж хэлдэг. Харин би өөрийнхөө санхүүгийн байдалд
огтхон ч эргэлздэггүй. Би заавал нэгдүгээр зэрэглэлд сууж, өөрийгөө
мөнгөтэй гэдгээ харуулах албагүй шүү дээ. Нэгдүгээр зэрэглэлд
сууснаараа өөрийгөө од гэж бодож байвал тийм биш шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж