Т.Гоош: ”Цасан охин” кино сайн бүтээл болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Т.Гоош: ”Цасан охин” кино сайн бүтээл болно

 Монгол
кино, телевизийн урлагийн хөгжлийг ярихад нэрт зураач, Соёлын тэргүүний
ажилтан Т.Гоош гуайн бүтээлийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Т.Гоош
гуай арван жилийн сурагч байхдаа төрийн шагналт, ардын зураач
О.Цэвэгжавын удирдсан зургийн дугуйланд 1958 онд орсноор урлагийн хүн
болох гараагаа эхэлжээ. Түүний хамгийн анх дагалдан зураачаар ажилласан
уран бүтээл нь "Гологдсон хүүхэн" кино юм. Түүнчлэн "Мандухай цэцэн
хатан" кинонд тайзны зураачаар ажиллахдаа кино үйлдвэрийн павилионд
Мандухайн ордны нүсэр тайзыг хийж гүйцэтгэснээрээ Монголын кино
урлагийн түүхэнд бичигдэх уран бүтээл болсон гэж тэр үеийн уран
бүтээлчид энэ эрхмийг үнэлдэг билээ.

Тайз, дэлгэцийн зураачаар олон жил
ажилласан түүний урын санд нэлээдгүй хувийг гадаадын уран бүтээлчидтэй
хамтран хийсэн кино эзэлдэг. Италийн уран бүтээлчидтэй хамтран "Салхины
хаан" Японы уран бүтээлчидтэй хамтран "Хубилай хаан", Австрийн киноны
уран бүтээлчидтэй хамтарч "Эшийг үзүүлэгч их морьтон Чингис хаан" зэрэг
20 гаруй киноны ерөнхий зураачаар ажилласнаас гадна "Найруулагч", "Ану
хатан", "Түмэн амгалант хийд", "Хоёр хутагтын мэлмий оршвой", "Галдан
бошигт хаан" зэрэг түүхэн хөрөг бүтээж, теле жүжиг, зохиомж, баримтат
кино зэрэг телевизийн олон бүтээл туурвисан юм. Харин түүний хамгийн
сүүлийн үед ажиллаж байгаа уран бүтээл нь "Big Line Film" студи,
"Боловсрол суваг" телевизийн хамтран бүтээж буй "Цасан охин" уран
сайхны кино юм. Монголын кино урлагт хүлээн зөвшөөрөгдсөн залуу уран
бүтээлчидтэй хамтран бүтээж буй "Цасан охин" кино болон түүний уран
бүтээлийн талаар ярилцлаа.

 -Таныг
"Цасан охин" киноны ерөнхий зураачаар ажиллаж байгаа гэж сонслоо.
Удахгүй нээлтээ хийх шинэ бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Кино найруулагч, продюссер
З.Батболд "Цасан охин" шинэ кинонд хамтран ажиллая гэсэн санал тавьсан
юм. Түүнийг нь би маш баяртай хүлээж авсан. Орчин үеийн кино хийх гэж
байгаагийн хувьд тайзны зураглал ерөнхий зохиолоо уншаад үзэхэд сэтгэлд
шууд буусан. Тийм учраас өнөөдрийн залуусын сэтгэлгээгээр кино хийх
ёстой, тэднийг дэмжиж, туслах ёстой юм байна гэж бодсон. Зохиолоо уншиж
үзээд шууд л тайзаа босгох ажилд урамтай орсон. Улсууд юу гэж бодож
байгаа юм. "Цасан охин" гэхээр шинэ жилтэй холбож ойлгож магадгүй.
Үнэндээ тийм биш л дээ. Цасан охин гэдэг нэрийн дор өнөөгийн залуусын
амьдрал, хайр дурлал, хөгжилтэй амьдрал гээд бүхнийг харуулсан кино
байх болно. Кино маань нэг албан байгууллагын доторх үйл явдал, түүний
дотор өрнөж байгаа хөгжилтэй, гунигтай, тэгсэн хирнээ хайр дурлал
өрнөсөн сонирхолтой үйл явдалтай байгаа. Анх киноныхоо зохиолыг уншаад
бууж байсан бүх бодлоо шингээж чадсандаа баяртай байна. Одоо үндсэндээ
киноныхоо нээлтийг хийж, үзэгчдэд хүргэх ажил үлдээд байна. Гол зураг
авалтаа "Найрамдал" зусланд хийсэн. Тэнд гол тайз декориацаа босгосон.
Тайз орчин үеийн залууст таалагдана гэж ах нь бодож байгаа.

-"Цасан охин" кино хэдэн цаг үргэлжлэх вэ?

-Бүрэн хэмжээний кино шүү дээ. Нэг
цаг хорин минутын хугацаанд үргэлжилнэ. Кино монтажаа хийгээд
ерөнхийдөө дуусах шатандаа орж байна.

-Энэ киног хийхэд хичнээн уран бүтээлч ажилласан бол?

-Нийт жүжигчдээ оролцуулаад 30
гаруй уран бүтээлч ажилласан. Цэвэр уран бүтээлч гэх юм бол 10 гаруй
байгаа. Зургийн даргаас эхлүүлээд ерөнхий зураглаач, ерөнхий
найруулагч,  туслахууд, техникчдээ оруулбал 30 гаруй хүн байгаа.

-Киноны зураачийн хувьд дүрээ хир сайн гаргасан гэж бодож байна вэ?

-Угсаатны зүйн судлал гэдэгт эдэлж,
хэрэглэж байсан эд хогшлоос гадна тэр үеийн сэтгэхүй, хэллэг хүртэл
ордог. Дүр гаргаж ирэхдээ тэр дүрийн талаар зураач сайн бодох хэрэгтэй.
"Цасан охин" кинонд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Амарсайхан нар тоглосон
байгаа. Тэдний дүр ямар байх вэ, яагаад тэд уулзав, энэ зохиолын гол
утга учир юу билээ, яагаад заавал тэр хоёр танилцах болов, киноны гол
үйл явдал юунаас үүссэн гээд энэ бүх нарийн зүйлсийг найруулагч, зураач
хоёр оновчтой олж харж байж сая кино амилдаг. Энэ бүхнийг хийж чадсан
гэж бодож байна. Хамгийн гол нь киноны үйл явдлын 80-90 хувь нь том
тайзан дээр өрнөх учраас тэр орчин гоё байх хэрэгтэйг манай найруулагч
маш сайн олж харсан. Киноны тайз засал, зураглалыг хийхдээ оператор
хаанаас зураг авах вэ, найруулагч яаж дүрээ гаргах вэ гэдгийг зураач
давхар бодож явдаг. Ингээд ирэхээр киноны бүх анхдагчийг зураач үүрдэг
байх.

Залуу уран бүтээлчидтэй нэг баг болж ажиллах танд ямар санагдав?

-Би ихэвчлэн түүхийн сэдэвтэй
кинонд ажилладаг ч орчин үеийн залуусыг дэмжиж, залуучуудын
сэтгэлгээгээр уран бүтээл хийхийг оролдсон. Өнөөдөр нийгэм яаж хөгжиж
байгаа билээ, дэлхийн кино урлаг ямар төвшинд яваа билээ. Залуучууд
хүчтэй байна. Юм хийхийг хүсч байна. Магадгүй зарим нь намайг настай
хүн байж яасан онгироо, давилуун юм гэж бодох л байх. Би бол залуустай
хамтарч ажиллаж байгаадаа өөртөө бас нэг том алхам хийлээ гэж бодож
байгаа шүү. Залуусын харж байгааг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Манай
баг их сайхан хамт олноос бүрдсэн. Тэдэнтэй баг болон ажиллаж байгаа
маань намайг залуужуулж байна шүү дээ. Би их сайхан эрч хүч авсан.

-Та Монголын сор болсон түүхэн бүтээлүүдэд зураачаар ажилласан. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Би ихэвчлэн түүхэн кинонд
зураачаар ажиллаж байжээ. Уран бүтээлийн санд маань 30-аад кинонд
ажилласан түүх байдгаас ихэнх нь түүхэн сэдэвт кино юм. Би "Чингис
хаан" киногоор өвчилсөн хүн. "Мандухай цэцэн хатан" кинонд ажилласныхаа
дараагаар 1987 онд "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны жижиг
хэрэглэлийн зураачаар ажилласан. Түүхэн сэдэвтэй кино хийж байгаа хүн
маш их судалгаа хийдэг. Монголын түүхнээ маш гоё сэдвүүд байдаг. Кино
хийж л байна. Өндөр гэгээн Занабазарын тухай "Цөвүүн цагийн богд" хоёр
ангит уран сайхны кинонд би мөн ажилласан. Дараа нь намын гуравдугаар
бага хурлын тухай "Намрын халуун өдрүүд" гэсэн уран сайхны
кинонд хувцасны зураачаар ажилласан. Ер нь бодоод байхад орчин үеийн
кинонд бага ажилласан юм байна.

-Түүхэн сэдэвтэй киноны зураачаар найруулагчид таныг сонгодог нь түүхээ мэддэг, судалдагтай холбоотой байх л даа?

-Найруулагчид түүх тал руугаа
судалгаа ихтэй байдаг учраас тэгж сонгодог байж болох юм. Сүүлд "Үхэж
үл болно" гурван ангит уран сайхны киноны хувцасны ерөнхий зураачаар
ажиллалаа. Нэгдүгээр ангийг үзэгчдэд хүргэчихлээ. Цаашид хоёр,
гуравдугаар ангийг нь хийх санаатай угсаатны зүйн судалгаанд гараад
байгаа. Ер нь зураач хүн түүхэн кино хийхэд угсаатны зүйн судалгааг
хийхгүйгээр хэзээ ч уран бүтээл гаргаж чадахгүй. Залуучуудад захиж
хэлдэг л юм, угсаатан судлалгүйгээр уран бүтээл гарахгүй шүү гэж. Би
өөрөө РТДС-ийн багш хүн л дээ. Анх тус сургуулийг Б.Бадар-Ууган агсан
байгуулсан юм. Энэ сургуулийг төгссөн маш олон шавь нар маань өнөөдөр
хэвлэл, мэдээллийн байгууллагад ажиллаж байна. Сэтгүүлч, найруулагч,
зураглаач, редактор гээд олон шавь нартай болжээ.

-Орчин
үеийн залуусын үзэл бодол шинэлэг, эрч хүчтэй ч таны үеийнхэн зарим
тохиолдолд шүүмжлэлтэй хандах нь бий. Таны хувьд салбарынхаа боловсон
хүчний хөгжлийг яаж хардаг вэ?

-Өнөөдөр залуучууд уран сайхны
киног бол сайхан хийж байна. Гэхдээ хэлж ярих, зөвлөх юм их л байх юм.
Ер нь том хэмжээний уран сайхны кино хийхэд зураачгүйгээр төсөөлөхөд
бэрх. Киноны гол ачааллыг зураач нуруун дээрээ үүрдэг юм. Жишээ нь,
кинонд хувцасны ерөнхий зураачаар ажиллаж байгаа хүн тэр орчин ахуйг,
орд харшийн бүх хэрэгслийг нэг ч алдаагүй байлгах ёстой. 13 дугаар
зуунд орж ирлээ гэхэд ийм байсан нь үнэн үү гэдгийг баталж өгөх
хэрэгтэй. Угсаатан судлал гэдэг бол түүхийн судалгаа сайн хий гэсэн үг
ш дээ. Нүдээ аньж байгаад хийнэ гэдэг хүний сэтгэлд хүртлээ хол гэсэн
үг. Тиймээс зарим залуучуудад шүүмжлэлтэй ханддаг. Дуучин н.Батболдын
"Монгол эр хүн" гэж дуу байна аа. Хүмүүс их сонсдог юм билээ. Гэтэл тэр
дууны клипийг ямар ч судалгаагүй хийсэн нь шууд харагдаж байна билээ.
Тэрэн дээр жишээ нь зураач ажиллах ёстой л доо. Хутагтуудын өмсдөг
шалам малгай өмсчихөөд морьтой дуулаад давхиад байна лээ. Үүнтэй
холбоотойгоор орчин үеийн залуус хувцаслалт гэдэг зүйл дээр маш их
анхаарах хэрэгтэй. Энэ мэт анзаарч хараад шүүмжилмээр зүйл цөөнгүй л
харагддаг юм. Харин би "Цасан охин" киноныхоо хамт олныг, залуусыг, энэ
бүтээлээ бол магтана шүү. Гэхдээ уран бүтээлийн шүүгч нь үзэгчид байдаг
болохоор нээлтийн дараа өөр өөрсдийнхөөрөө цэгнэх байлгүй дээ.

Д.Долгорсүрэн /2009 оны 1 сарын 5/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж