С.Бямбанаран: Бүтээл хийж байхдаа ухаанаа алдсан хүн шиг байдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.Бямбанаран: Бүтээл хийж байхдаа ухаанаа алдсан хүн шиг байдаг

 “NTV”
телевизээс санаачлан “Everyday international” компанитай хамтран залуу
загвар зохион бүтээгчдийн дунд “S Style” реалити шоуг амжилттай зохион
байгууллаа. Тус шоу нь өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-наас өдөр бүр
“NTV” телевизээр гарч эхэлсэн. Өнгөрсөн бямба гаригт тус шоуны ялагчийг
тодруулах ёслолын арга хэмжээ болж, “S Style” реалити шоуны ялагчаар
дизайнер С.Бямбанаран тодорч, “Everyday International” компанийн
нэрэмжит таван сая төгрөгний шагналын эзэн болсон юм. Шоуны ялагчид
“Everyday International” компани шагналаа гардуулж өгөх үеэр залуу
дизайнер С.Бямбанарантай уулзлаа.


-Баяр хүргэе, сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Ялагч
болохын төлөө арван оролцогч бүгд бүх хүчээ дайчлан ажилласан. Би ч
гэсэн бүх бүтээлүүдээ хийхийг хүссэнээрээ хийж чадсан. Шүүгчид ч бас
миний олж хараасай гэсэн бүхнийг ажиглаж чадсан. Хүч хөдөлмөрөө шавхаж,
чармайж ажиллаад шагнал авсандаа баяртай байгаа.

-Шагналын 5000.000 төгрөгийг гардан авлаа, хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна?

-Хамгийн түрүүнд  ээжийгээ баярлуулана даа. Мөн “Урлах Эрдэм” дээд сургуулийн багш нараа баярлуулана гэж бодож байна.

-Олон дизайнертай өрсөлдсөн, түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Анх
энэ тэмцээнд орохдоо түрүүлэх итгэлтэй байгаагүй. Бүгд залуу
дизайнерууд, хэн нь юу хийдэг вэ гэдэг нь танигдаагүй, яг ийм байх
болов уу гэсэн ойлголт байгаагүй.

-Таниас гадна есөн дизайнер өрсөлдсөн, эмээж байв уу?

-Ер
нь эмээж байсан. Таван даалгавар дээр бүгдэд нь эмээж байсан. Хүнийг
басч болохгүй шүү дээ. Тиймээс би бүх даалгавар дээрээ эмээж байсан. Ер
нь гайгүй бүтээлүүд гарсан гэж бодож байгаа.  

-Даалгавруудаас хамгийн хүнд нь юу байсан бэ?

-Дотуур
хувцас, жийнс хоёр байсан. Жийнсэн материалаар хувцас хийх хамгийн
эхний даалгавар байсан. Тэр утгаараа маш хэцүү санагдсан. Харин дараа
нь дотуур хувцас хэцүү байсан.

-Эхний гурван даалгавар дээр ялсан, харин дөрөв, тав дахь даалгавар дээр өөр хүмүүс ялагч болсон?

-Тийм ээ. Эхний гурван даалгавар дээр ялсан. Гоё юм байна лээ. /инээв/

-Жийнсэн материалаар хийсэн загвар чинь их таалагдсан?

-Энэ
тэмцээн бол загвар зохион бүтээгчдийн тэмцээн шүү дээ. Миний бодлоор
загвар зохион бүтээгчийн чадвар нь авангард загвар дээр илүү түлхүү
ажиглагддаг юм болов уу гэж боддог. Өдөр тутмын хувцас бол байх ёстой
ч, загвар зохион бүтээгч бол илүү авангард загвар дээрээ анхаарч
ажиллах ёстой юм шиг санагддаг. Тэр утгаараа энэ шоуны таван даалгавар
дээрээ авангард загварыг тусгасан. Ер нь бол хэцүү байсан. Гар
ажиллагаа, чимэглэлүүд ихтэй байсан учир их цаг авсан. Арай гэж
дууссан. Жийнс өөрөө их оёход хэцүү мөртлөө бүтээл болоод гарсны дараа
их гоё харагддаг. Тиймээс би энэ материалаар даалгавар өгсөнд их
баяртай байсан.

-Цаашид юу төлөвлөж байна, өөрийн загварын коллекци, шоугаа хийх бодол байна уу?

-Би
найзуудтайгаа хамтран ажилладаг. Би урд нь хоёр удаа өөрийн
коллекциороо шоу хийж байсан. Оюутан байхдаа. Оюутнуудын ордог наадам
“Хаврын гоёл” байдаг.  Энэ наадамд оролцож, “Шилдэг дизайнер”-ын шагнал
авч байсан. Үүний дараа хоёр жил гаруй салонд ажилласан. Тэгээд энэ
тэмцээнд оролцсон нь их гоё байлаа. Өдөр тутам хийдэг зүйлээс тэс өөр
зүйл хийсэн нь бас их гоё, сонирхолтой байсан. Залуу хүний хувьд надад
том зорилго байгаа. Тэр зорилгодоо хүрэхэд “Everyday International”
компаниас ивээн тэтгэж зохион байгуулсан энэ тэмцээн их нөлөө үзүүлсэн.
Нэг шат ахилаа гэж ойлгож байгаа ш дээ.

-Ирэх жилийн “Гоёл” наадамд оролцоод үзвэл яасан юм бэ, тийм бодол байна уу?

-Ер нь бол оролцох боломж байгаа. Хамгийн гол нь тэр цаг үеийн цаг зав хэр байхаас шалтгаалах байх даа.

-Дөрөвдүгээр шатанд “Crazy Woman” загварыг бүтээх байсан?

-Дөрөвдүгээр
шат дээр надаас шалтгаалсан буруу байгаа. Би даалгавараа буруу
ойлгосон. Яагаад гэвэл тэр “Crazy” гэдэг нь яг юуг илэрхийлж байгааг
алдсан байх. Шууд утгаараа л Нансалмааг ялсан юм болов уу гэж боддог.
Шүүгчид ч гэсэн сайн ойлгоогүй, аль талаас нь харахаа сайн ойлгохгүй
байсан. Яг энэ шат дээр шүүгчид аль талаасаа болж байгаа, юу нь
болохгүй байгааг хэлж чадаагүй. Гэхдээ би өөрийгөө түрүүлэх ёстой ч гэх
юм уу, тийм зүйл бодоогүй. Би эрсдэл багатай алхам хийж мини хар
даашинз хийсэн.

-Шоуны турш хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Миний хамгийн том өрсөлдөгч Болортуяаг байх болов уу гэж бодож байсан. Яг хүчтэй өрсөлдөгч гэхээр хүн гараагүй шүү.

-Ивээн тэтгэгч S брэндийн загварыг гаргахад хэр хүндрэлтэй байв, ямарваа нэг брэндийн нүүр царайг гаргана гэдэг хэцүү?

-Би
урд нь олон брэндийг илэрхийлдэг загваруудыг хараад үүнийг ингэж
болохгүй юм байх даа, ингэчихвэл гэсэн олон бодол төрдөг байсан. Тэгээд
шоуны явцад S брэндийн загварыг гаргахад сайхан байсан. S гэдэг үг чинь
дан супер, стиль гэх мэт их гоё хүчтэй үгнүүдийг илэрхийлдэг. Тэр
утгаараа S Style-ийг илэрхийлэх загвар гаргах даалгавар өгсөнд
баярласан. Миний хувьд гаргах санаагаа гаргаж чадсан гэж бодож байгаа.
Манай модель өмссөн байгааг харахад S брэндийг илэрхийлж чадсандаа
баяртай байдаг. Манай модель бас S брэндийн нүүр царай болсон. Би их
баярласан.

-Дизайнер, зураач нарыг их этгээд, ойлгоход хэцүү хүмүүс гэдэг. Таны хувьд?

-Надад
бас нэг тийм гаж  зан байдаг юм шиг байна лээ. Яг бүтээл хийж байхдаа
ухаанаа алдсан хүн шиг байдаг. Бараг л өнөөдөр хэдэн билээ, хэдэн он бэ
гэх нь холгүй. Нэг удаа 2006 он мөн биз дээ гэж асууж байсан удаатай
/инээв/.

М.Дөлгөөн /2010 оны 1 сарын 2/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж