Дуучин Quiza өнгөрсөн сард бие даасан тоглолтоо хийх байсан ч хөл хорио тогтоосны улмаас хойшлуулаад байсан. Тэгвэл Quiza энэ сарын 12-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар тодруулахаар Quiza-тай уулзлаа.
-Бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн, бэлтгэл хэр байна даа?
-Бэлтгэл бүрэн хангагдсан. Миний тоглолт 12-нд буюу маргааш “UB Palace"-ын концертын их танхимд болно. Тоглолтыг маань www.voodoo.mn, Fusion брэнд ивээн тэтгэж байна.
-Энэ удаа таныг жааз, хип хоп тоглолт хийнэ гэж сонссон?
-Тийм ээ. Миний тоглолтын голтонцлог бол зуун хувь амьд болно. Мөн хөгжмийн урсгалын хаан гэгддэг жаазыг хип хоптой хольж, мөн ардын урлагтайгаа хослуулах гэж байна. Ардын урлаг өөрөө их гоё хэмнэлтэй хөгжим байдаг. Энэ хэмнэлийг хип хоп болгож гаргана гэдэг бол бас нэг манай монголчуудын онцлог хип хоп болж байгаа юм.
-Таны дуунууд их аялгуулаг байдаг, одоо ардын урлаг, жаазтай хослуулна гэхээр сонирхолтой санагдлаа?
-Ер нь бол хип хоп шүүмжлэлтэй хандах ёстой ч, энэ маань урлаг байх ёстой. Би үүнийг л баримталдаг, тийм ч учраас дандаа мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг. Яахав манай хип хопууд хараалын үг хэллэг хэрэглэж байна. Хараалын үгийг хүртэл урлагтай хэлэх ёстой, хип хоп бол зүгээр үг урсгаж байдаг зүйл биш ээ. Энэ бол илүү гэгээлэг, зөвтгөлтэй байх ёстой. Үүнийг бол хөгжим илэрхийлдэг. Миний дуунуудыг илүү аялгуулаг талдаа гэж хэллээ, баярлалаа. Аялгуу бол үгтэйгээ энэ тэнцэхүйц чухал зүйл. Тиймээс би их анхаарч ажилладаг.
-Тоглолтод амьд хөгжимтэй дуулна гэсэн?
-Ардын хөгжмийн “Жонон” хамтлаг, “Булсара” хамтлагийн соль гитарчин Бадий, “Night Train" хамтлагийн бөмбөрчин Одхүү, бөмбөрчин Жерри, мөн Даагий продюсер М.Баярхүү гэх мэт өргөн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жааз хип хоп гэдэг бол Монголд урд нь тавигдаж байгаагүй урсгал. Би сурталчилгаан дээрээ хэлж байсан. Хип хоп гэдэг бол зөвхөн ам барих, хараал урсгах, хайр хагацал биш ээ. Бид нарт илүү урлаг хэрэгтэй байна. Хип хоп тоглолт гэхээр манайхан нэг их тоодоггүй. Яагаад гэвэл манайхан өөрсдөө нэр хүндээ их унагаадаг. Тиймээс нэг үдэш ч гэсэн хип хоп жааз хөгжмийг мэдрээрэй гэж уриалмаар байна.
-Тоглолтод хамтран ажилладаг уран бүтээлчид оролцох уу?
-Хамтарч ажилладаг уран бүтээлчид ирнэ. Дуучин BX, Эгшиглэн, Агиймаа, Оргил гэж шинэ залуу дуучин “AsianShop" хамтлаг байна.
-Ер нь хэдэн дуу дуулахаар төлөвлөсөн бэ?
-Хорь гаруй дуу дуулна, хоёр цаг 30 минут хангалттай байх гэж бодож байна.
-Тоглолтын тасалбар хэдэн төгрөг вэ?
-Хип хоп тоглолт гэхээр л 2000, 3000 мянган төгрөгийн билеттэй цомог дагалддаг, дандаа л хүүхдүүд цуглаж, зодоон цохион болоод л дуусдаг сул тал байдаг. Иймээс миний тоглолтын тасалбар 20000 мянган төгрөг. Маш тансаг. Энэ бол шоу үзүүлбэр үзүүлэхгүй, урлагаа илүү таниулах зорилготой. Нэг л удаа тоглож байгаа. Энэ бол миний гурван жил хийсэн уран бүтээлийн минь тайлан. Хүмүүс үнэтэй байна гэсэн л дээ. Гэхдээ өнөөдөр хүн 20000 мянган төгрөгөөр нэг хоол идээд л гардаг. Оюун ухааныхаа цангааг тайлахад энэ хэмжээний мөнгө зарцуулахад танд өөрт чинь илүү гэгээ авчирна.
-Тоглолтын тасалбарыг хаагуур худалдаалж байгаа вэ?
-"UB Palace"-ын кассаар худалдаалж байгаа, мөн 99079398 утсаар холбогдоод авч болно. Эсвэл www.voodoo-quiza.mn гэж ороод бүх мэдээллээ авах боломжтой. Ерөнхийдөө бол манайд тоглолт үзэх хэрэгцээ алдагдсан байна. Арван жилийн өмнө билетээ аваад стрессээ тайлж тоглолт үздэг байсан ш дээ. Би бол хип хопоо илүү сурталчилмаар байна. Шинэ жил гэхээр поп, рок гээд явдаг. Хип хоп бол амьдралд хамгийн ойрхон урсгал шүү дээ.
М.Дөлгөөн/2009 оны 12 сарын 11/
Холбоотой мэдээ