Б.Солонго: Альтернатив урсгалаар дуулах сонирхолтой байгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Солонго: Альтернатив урсгалаар дуулах сонирхолтой байгаа

 "UBS"
телевизээс зохион байгуулсан "Universe best songs" төслийн шилдэг 25
оролцогчийн нэгээр шалгарсан “Зүрхэнд гэрэлтэх од” киноны гол дүрийн
жүжигчдийн нэг Б.Солонготой ярилцлаа. Сансрын нисгэгч, мэс заслын эмч
болохыг мөрөөддөг байсан Б.Солонго өдгөө Монголын рок, попод хөл тавьж
байгаа залуу уран бүтээлчдээс үзэгч, сонсогчдын хүлээн зөвшөөрөх
хэмжээний цөөн дуучдын нэг болох ирээдүйтэй гэдгээ дээрх шалгаруулалтад
оролцсоноор баталж чадсан юм. Б.Солонгыг "Universe best songs" гадаад
дуу дуулаачдын уралдааны шилдэг оролцогч, “Оддын эрэлд” телевизийн
реалити шоуны шагналт байрын эзэн гэдгээр нь уншигчид илүү сайн таних
билээ.

-"Universe
best songs” шалгаруулалтын үеэр үзэгчдийн зүгээс өөрийг чинь маш их
дэмжиж байсан. Одоо та цаашид дагнан уран бүтээл хийх бодолтой байгаа
юу?

-Ер нь урлагийн хүн болохыг хүсч
байгаа. Багаасаа л дуулах дуртай байсан болохоор уран бүтээлч болно
гэдэг миний хувьд аз завшаан гэсэн үг л дээ. Манай гэр бүлийнхэн ч
гэсэн миний энэ сонирхлыг маш их дэмжиж байгаа.

-Ямар стилиэр дуулах сонирхолтой байгаа вэ?

-Багадаа бол янз бүрийн л дуу
сонирхож дуулдаг байсан. Ардын дуу, зохиолын дуу, поп аль алийг нь л
дуулахад гоё санагддаг байлаа. Харин одоо бол жааз юм уу альтернатив
урсгалаар дагнаж дуулах бодолтой байгаа. Гэхдээ жааз дуулах хэцүү л
дээ.

-Дуучин
Б.Сарантуяагийн дууг та “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглохдоо гоё
дуулсан байсан. Поп дуу өөрт чинь илүү зохих юм биш үү?

-Сараа эгч бол гайхалтай дуучин. Би
дуучин Б.Сарантуяа, Хулан нарын дууг сонсох дуртай. Кинонд тоглохдоо
Сараа эгчийн дууг дуулсан нь миний хувьд үнэхээр азтай хэрэг байсан.

-"Universe best songs” шалгаруулалтад оролцсон зарим уран бүтээлч "UBS”-тэй хамртарч ажиллах болсон байна лээ. Таны хувьд?

-Тодорхой яригдсан зүйл алга л
байна. Ерөнхийдөө бол бие дааж уран бүтээлээ хийх бодолтой байгаа.
Миний анзаарснаар манай шоуны оролцогчид ихэвчлэн бие дааж уран бүтээл
хийхээр ажиллаж байгаа юм билээ.

-“Зүрхэнд гэрэлтэх од” таны анхны кино юу?

-Яг ч анхны кино биш л дээ. Өмнө нь аравдугаар ангиа төгсөөд нэг хүүхдийн кинонд тоглож байсан.

-Дахиж кинонд тоглох урилга ирвэл хүлээж авах уу?

-Магадгүй. Кинонд тоглох их сайхан юм билээ. Маш их таалагдсан.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Найруулагч. Радио, телевизийн дээд сургуулийг өнгөрсөн жил найруулагчийн мэргэжлээр төгссөн.

-Мэргэжлээрээ ажиллах уу?

-Мэдээж ажиллана. Гэхдээ яг ойрын
төлөвлөгөөнд бол өөр зүйл байна аа. Яваандаа мэргэжлээрээ ажиллаж, гоё
уран бүтээл хийх том мөрөөдөл байгаа.

-Танай гэр бүлийн хүн бас уран бүтээлч юм билээ. Би андуураагүй бол "A sound” хамтлагийн бөмбөрчин гэж сонссон?

-Тийм л дээ. Бид хоёр одоо нэг хүүхэдтэй.

-Магадгүй, нөхөртэйгээ хамтарч уран бүтээл хийвэл сонирхолтой л юм, тийм үү?

-Тэрийг ёстой сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ байж болох л юм. Энэ талаар бид хоёр нэг их ярилцаж байгаагүй юм байна.

-Шоуны хаалтын тоглолтон дээр өмссөн таны хувцас их өвөрмөц санагдсан?

-Баярлалаа. Яг тэр хувцаснуудынхаа
загварыг би өөрөө гаргаж, эгчтэйгээ хамтарч оёсон л доо. Тийм болохоор
хүмүүст таалагдсан бол надад сайхан л санагдаж байна.

-Нүүр будалтаа та хэнээр хийлгэдэг вэ?

-Өөрөө. Тэр нь амар байдаг юм.

Б.Дулмаа  /2009 оны 10 сарын 19/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж