Төмөр
замын дуу, бүжгийн чуулгын дуучин СТА Б.Батболдтой ярилцлаа. Тэрээр
сүүлийн үед манайхны дунд хит болоод байгаа “Би монгол эр хүн”
дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн бие даасан тоглолтоо удахгүй хийх гэж
байгаа.
-”Би монгол эр хүн” хаана төрсөн, хэн
байсан гэдгээс яриагаа эхэлбэл сонин болов уу?
-Завхан аймгийн
Ургамал сумынх. 1995 онд СУИС-д орж, Ардын жүжигчин Д.Жамьяанжав
багшийн удирдлаган дор зургаан жил сурч 2001 онд төгссөн. СУИС-ийн
түүхэнд манайх шиг зургаан жил сурсан анги байхгүй. Анхны төгсөлтийн
дараа Дуурийн театр, бусад байгууллагуудаас “СУИС төгссөн оюутнууд
Багшийн дээд, Хөгжим бүжгийн оюутнуудаас доогуур байна” гэдэг
шүүмжлэл гарсан юм шиг байна лээ. Тэгээд биднийг орох жил СУИС-ийн
бэлтгэлийг хоёр жил, үндсэн курсыг дөрвөн жил болгож, бэлтгэлдээ
амжилттай сурсан оюутнуудыг үндсэн курсэд элсүүлдэг болсон юм. Дараа
жилээс нь “Энэ болохгүй юм байна” гээд эргээд таван жилээр төгсгөдөг
болсон л доо. “Ньюанс”-ынхан таван жилээр төгссөн шүү дээ.
-Нэлээд хожуу сурсан юм байна, аймагтаа дуулж байгаад ирсэн үү?
-Үгүй,
ерөөсөө малын бэлчээр дээрээс ирсэн хүн шүү дээ. 1992 онд цэргийн
албанд явж, нэг жил алба хааж ирээд сумандаа мал малласан. Анхны нэг
жилийн цэрэг. /инээгээд/ Тэр үед өмч хувьчлал явагдаж, мал хувьчилсан
болохоор есөн хүүхэдтэй айлын мал гэдэг овоо юм болно л доо.
-Та хэд дэх нь вэ?
-Яг
голынх нь. Таван хүүгийн бас дундах. Надад ч мал маллахаас өөр
амьдрал байхгүй юм байна даа гэж бодож явсан. “Улсын тэргүүний малчин
залуу” ч боллоо. Гэтэл аавын маань сэтгэлд нэг л хүрэхгүй байсан юм
байлгүй. Нэг өдөр “За миний хүү, хотод СУИС гэж байдаг юм байна.
Дуулаачийн анги гэж байдаг бол тэнд очиж шалгалт өгөөд ир” гээд аймаг
руу явуулсан юм. Очтол СУИС-ийн хуваар ирээгүй, Соёлын коллежийн
дуулаачийн ангид тэнцээд гэртээ харилаа. Аав миний хуваарийг аваад хот
руу явах юм боллоо. Эргэж ирээд надад юу ч хэлээгүй, тэгж байтал
аравдугаар сар ч гарлаа. “Одоо ч өнгөрсөн юм байна даа” гэж бодож
байтал аав нэг өдөр “Миний хүү одоо хот руу яв, сургуулиас чинь
дуудсан. Яруу найрагч Сумьяа, СУИС-ийн хөгжмийн багш Чулуунцэцэг гэдэг
хүнтэй уулзаарай” гээд явуулсан. Одоо бодоход АЖ Д.Хайдав багш,
Д.Жамьяанжав багш, Найдалмаа багш, Загдсүрэн багш эд нар намайг тосч
авсан юм билээ. Намайг дуулууллаа, сонсгол энэ тэр шалгалаа. Хоорондоо
оросоор яриад байдаг. Намайг “Миний хүү, гарч бай” гэж гаргачихаад
эргэж дуудаад “За миний хүү маргааш хичээлдээ орно, таван ширхэг
дэвтэртэй ирээрэй” гээд явуулсан. Дуулаачийн ангид орсны дараа
Д.Жамьянжав багш намайг тенор хоолойтой гэж, бусад багш нар баритон,
басс баритон хоолойтой гэж маргаад. Д.Жамьяанжав багш “Та нар харж
байгаарай, зургаан жилийн дараа би энэ хүүхдийг тенор хоолойтой
болгоод төгсгөнө” гээд өөр дээрээ авсан.
-Төгсөөд яагаад Төмөр замын чуулга руу явчихсан юм бэ, СУИС төгссөн хүмүүс Дуурийн театр руу л зүтгэдэг шүү дээ?
-Дуурийн
театрт нэг сар ажилласан. Тэгээд энэ миний явах зам биш юмаа гэж
бодоод гарсан даа. Дуурийн театрыг та нар мэднэ шүү дээ, нэг л тийм
нүсэр. Хөл, гар нь олдохгүй. Дээр нь би өөрөө бүрэг, юмны урдуур
гүйгээд байж чаддаггүй болохоор.
-Төмөр замын чуулга ер нь ямар юм. Яагаад аав тань таныг дуучин болгох гэж тэгж их зүтгэсэн юм бол?
-Миний
аав, ээж хоёр хоёулаа аймгийн аварга дуучид байсан. Аав маань
насаараа даргын жолооч хийсэн хүн. Миний ах, эгч, дүү нар бүгд хаана ч,
хэний ч өмнө очоод гурван дуу дуулчихна шүү. Бид есөөс аав, ээж
хоёрынхоо хоолойг арай илүү авч үлдсэн нь намайг гэж сонгосон юм шиг
байгаа юм. 2004 онд аав маань өөд болсон. Аавынхаа дурсгалд зориулаад
хүмүүс шиг мөнгөөр суварга босгож, баяр наадам хийж би чадахгүй. Уран
бүтээлч хүний хувьд аавдаа зориулж сайхан дуун суварга босгоё гэж аавын
тухай сайхан шүлэг хайж их явсан. Хөдөө тоглолтоор явж байгаад “Бурхан
аав” гэж гоё шүлэг нутгийн хүнээс аваад АЖ Д.Энхтайван ах дээр ая
хийлгэх гэж очсон юм. Тэгтэл өөдөөс маань “Олонтой явсан аав минь”
гэдэг бэлэн дуу өгсөн. Аавдаа, ээждээ зориулсан дуунуудыг маань ард
түмэн дуулаад, нэг ч гэсэн бадгийг нь зөв аялж явбал би тэднийхээ
араас маань уншсантай адилхан гэж боддог. Тэгээд яруу найрагч
Ц.Бавуудоржид “Миний ээж ийм сайхан дуулдаг, уран хүн байлаа” гэж
ярьж өгөөд ээждээ зориулсан нэг сайхан шүлэг захиалаад байгаа.
-Одоо хэр олон дуутай болсон бэ?
-Болсон
болоогүй дуулсан дуунууд 100 гаруй байна. Яг өөрөө аваад дуулсан,
амьдруулсан дуу бол арав гаруй байгаа. Тоглолтон дээр маань бүгд
дуулагдана.
-Тоглолтонд тань танаас өөр ямар хүмүүс оролцох вэ?
-Ардын
дуу, бүжгийн чуулга, Төмөр замын чуулгын бүжигчид оролцоно. Завсраар
нь “Говь” компанийн загварын үзүүлбэр явна. Нийтдээ тавиад хүн
оролцоно, бүжигчид голдуу. Дуучдаас МУГЖ, дуучин С.Батсүх, МУГЖ
Д.Сосорбарам гуай оролцоно. Рок попынхноос бас нэг хүн оролцоно оо.
МУГЖ Д.Жаргалсайхан гуай, Б.Сарантуяа, Т.Ариунаа гурвын хэн нь
оролцох бол, бодоод л байна. Уртаашаа гурван дуучин дуулна, би өөрөө
дуулна, арай нэг өөр тоглолт болно гэж бодож байгаа.
-Тоглолтын зар яагаад явахгүй байгаа юм бэ, хаана тоглох вэ?
-Бөхийн
өргөөнд ирэх сарын 17-нд тоглоно. Манай дуучид л миний өмнөөс давчдаад
л “Чи юугаа хийгээд яваа амьтан бэ, маргааш 17 боллоо шүү дээ” гээд
загнаад байгаа. Би “Яах вэ дээ, болно биз” гэдэг юм.
-Таны “Би монгол эр хүн” дууны шүлэгнээс гадна хөгжмийн найруулга нь маш гоё болсон байсан, оркестр авсан уу?
-”Анир”
студийн н.Алтанхуяг гэж залуу хөгжмийн найруулгыг нь хийсэн юм.
Оркестр авахын шаардлагагүй, компьютерт бүх амьд хөгжмүүд байж байна
шүү дээ. “Анир” студиэс партетурыг нь аваад Дуурийн театр, улсын
филармони дээр очиход яг дуугарна, нотоор нь биччихсэн учраас ялгарах
юу ч байхгүй. Одоо Ц.Бавуудорж, Т.Сэр-Одын хөгжим “Алтан нөхөд” дуун
дээр ажиллаж байгаа, болж өгвөл тоглолтондоо оруулчих санаатай.
Дуурийн театрын дуучин н.Бямбахүүтэй хамтарч дуулж байгаа. Ш.Сүрэнжав
гуайн шүлэг “Ямар азаар монголдоо төрөв өө” гэж бас нэг сайхан дуу хийж
байгаа, тоглолтон дээрээ шинээр дуулна. Голдуу эх орон, эр хүнийг,
аавууд, ах нарыг, бас морийг дуулдаг.
-Яагаад хайрын тухай, хүүхнүүдийн тухай дуулдаггүй юм бэ? Шинэ залуу дуучид хайрын дуугаар л гарч ирдэг шүү дээ…
-Дуулна
аа, дуунууд байгаа. Гэхдээ арай гаргаж ирэх болоогүй. Хүн юм чинь
бодол байгаа шүү дээ. Хайрын дуу бол угаасаа мөнхийн сэдэв, хүн
болгон л дуулдаг. Би тэднээс жаахан ялгараад эртэйхэн, цогтойхон
дуулья л даа. Тэгвэл Монголын сайхан залуус эх орон, газар шороогоо,
эцэг эхээ, ах дүү, амраг садангаа гэдэг зүрх сэтгэлтэй, эрч хүчтэй байх
юм болов уу гэж боддог. Ямар ч байсан эхлээд би нэг иймэрхүү монгол эр
хүн гэдгээ ард түмэндээ харуулаад орхиё /инээв/.
-Энэ дуу таныг яаж “олсон” юм бэ?
-Хөгжмийн
зохиолч Д.Цэвээнравдангийн ая, Д.Энхтайван, Р.Баярсайхан гэж хоёр
залуугийн шүлэг дээ. Анх С.Батсүх гавьяатаар дуулуулсан юм билээ.
Тэгээд “Сайхан дуу боллоо, клипээ хийлгэе” гээд очиход нь С.Батсүх
гавьяат “Нэгд би, ийм сайхан дууны клипэнд тоглож тэнцэх хүн биш,
хоёрт наад дууг чинь үнэхээрийн гүйцээж дуулж чадахгүй байна, өөр
сайхан залуу дуучин олж өгье” гээд надад өгсөн юм билээ. Эхлээд
С.Батсүх гавьяатын фонаграмм дээр дуулсан чинь яг түүний манераар
дуулчихаад болохгүй байсан. Тэгээд “Батболд бол Батболд шүү дээ, арай
нэг өөр байх ёстой” гээд “Анир” студиэр хөгжмөө шинээр бичүүлээд дахиж
дуулсан. “Олонтой явсан аав”-ыг анх дуулчихаад уйлаад л, уугаад л, нэг
хэсэг явсан. Аавыгаа дөнгөж алдаад байсан үе. Тэгж яваад осолд орж,
хоёр жил гаруй уран бүтээлээ орхисон. Үхэл амьдралын дэнсэн дээр нэг
хэсэг байлаа. 82 кг жинтэй байсан хүн 49 кг болтлоо турсан. Ээж маань
өвдөөд эмнэлэгт, би өөрөө үхэл амьдралын дэнсэн дээр. Нэг хэсэг хэцүү
байсан. Ямар ч байсан дуулахаасаа өнгөрлөө, цаашаа яаж амьдрах вэ, мал
маллахуу, яах вэ гэдэг дээрээ байлаа шүү дээ. Яг тэр үед энэ дуу надад
ирсэн. Тэгээд өөрөө өөртөө “За, Батболд оо, чамд ийм үед ийм
хийморьтой сайхан дуу орж ирлээ. Одоо чамд ямар л нөөц үлдсэн байна,
түүнийгээ гарга” гэж хэлсэн. Энэ дуун дээр маш удаан ажилласан, бараг
дөрвөн сар. Гайгүй сайхан дуу болсон. Саяхан дууныхаа клипний зураг
авалтыг дуусгасан, одоо монтаж хийгдээд бэлэн болж байгаа.
-Зурагтаар цацагдаад байгаа биш юм уу?
-Биш
л дээ. Тэр зүгээр TV9-ийнхөн очоод дуулаад өгөөч гэхээр нь дуулаад
өгсөн чинь өөрсдөө дүрсжүүлээд цацчихсан байсан. Сонгуулиас 5-6.хан
хоногийн өмнө.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар уу?
-Тийм.
Эхлээд бол өөрсдөө тиймэрхүү санаа хэлж орж ирсэн юм. Тэгэхэд нь “Би
улстөрийн янз бүрийн юманд оролцохгүй” гээд зөвшөөрөөгүй. Монгол эр хүн
гэхээр заавал нэг боксын аварга ч юм уу, мундаг улстөрч байх ёсгүй биз
дээ. Зүгээр монгол эр хүн ямар намба төрхтэй, ёс заншилтай байх ёстой
юм, тийм л клип хийе л дээ. Хөдөлмөрийн баатар Д.Цэрэнтогтох аваргыг
хар, халхын сайхан эр байж л байна шүү дээ. Би яг тэр утгаар нь
өөрийнхөө санааг хэлж байгаад клипнийхээ зургийг авахуулсан, “Яндаг
фильм” студи хийж байгаа. Яг тоглолтынхоо дундуур клипнийхээ
нээлтийг хийнэ, анхны үзэгчид нь бөхийн өргөөнд үзнэ. Дараа нь бүх
телевизүүдээр цацна. Одоо гараад байгаа тэр клипийг хараад би санаа
зовдог юм. Дээл нь томдчихсон, янзын л юм байгаа биз дээ. Монгол эр
хүн тийм байж болохгүй биз дээ./инээгээд/ “Наад дуугаа хаа, би өөрөө
клипээ хийлгэхээрээ өгнө” гэж телевизийнхэнд зөндөө хэлдэг. Яалт
үгүй үзэгчдээс захиалга орж ирээд болдоггүй юм шиг байна лээ.
-Клипээ уг нь тоглолтынхоо өмнө цацсан бол дээр байсан юм биш үү, нэг төрлийн сурталчилгаа?
-Юманд
хэт яарах дэмий. Хэтэрхий их яарах юм бол цаанаас нь бүгдийг
зогсоочихоод байна шүү дээ. Миний том ах аавын мэргэжлийг өвлөж,
жолооч болсон юм. Аав ахад нэг удаа “Миний хүү одоо хэзээ ч хаана ч
явсан санаа зовохооргүй бүрэн жолооч болсон юм байна” гэж хэлсэн
байхгүй юу. Би бас Төмөр замын чуулгадаа дуучин Л.Уранмандахтай
хамтраад уран бүтээлийн тоглолт хийсэн. Аавыгаа эмнэлэгт хэвтэж байхад
нь чөлөөгөөр авчирч үзүүллээ. Тэгээд намайг бас “Миний хүү дуучин
болжээ” гэж хэлэх болов уу гэж бодсон чинь “Миний хүү их юм сурчээ” гэж
хэлсэн. Дараа нэг тоглолтоо хийгээд аавдаа үзүүлэхэд “Миний хүү
дуучин болжээ” гэж хэлэх байх гэж бодож, зүтгэж явсаар аавыгаа алдсан
даа. Дараа нь “Олонтой явсан аав”-ыг дуулж, “Морин хуур” наадам, улсын
уралдаанд түрүүллээ, “Шилдэг уран бүтээлч” боллоо, анхны бие даасан
цомгоо гаргалаа. Тэр үед би гэдэг хүн ёстой нөгөө Монголын газар
шороог хөлөөрөө, дэлхийн бөмбөрцгийг нэг хөлөөрөө гишгэж явлаа шүү
дээ. Тэгж яваад осолд орсон. Үндсэндээ 100 хувь өөрөөсөө болсон хүн.
Харин ч бурхан цаанаас нь “Арай ч ингээд явуулчихаж яах вэ дээ” гэж
харсан байх. Дээр нь сайн ханийн буян.
-Танай эхнэр бас урлагийн хүн үү?
-Манай
чуулгад бүжигчин. Бид хоёр охинтой, одоо таван нас хүрч байгаа.
Найзууд “Танай аав чинь царай муутай” энэ тэр гээд цаашлуулахаар “Би
монгол эр хүний хүүхэд шүү” гэдэг гэж байгаа юм. Ямар ч дууг сонссон
эхлэл, төгсгөлийг яг тэр каналистаар нь хийнэ шүү дээ. Тэгсэн хэрнээ
өөрөө дуучин болно гэж ерөөсөө ярьдаггүй. “Би хуруун дээрээ гардаг
хүүхэн болно, Та нар намайг балетын сургуульд оруулж өг” гэдэг. Ийм л
гурван хүн амьдарч байна даа. Түмэн олны буянд тоглолт маань сайхан
болох байх аа.
-СТА цолыг хэзээ авсан бэ?
-Өнгөрсөн хавар, сонгуулийн өмнө БСШУ-ы сайдаас авсан. “Би монгол эр хүн” дуугаараа.