Зургийн их дэлгүүр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Зургийн их дэлгүүр нээгдлээ

 Бид “Alag photo agency”-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэтэй шинэхэн үүдээ нээсэн зургийн их дэлгүүрийн талаар ярилцлаа.

-“Зургийн их дэлгүүр” гэхээр их гоё содон сонсогдож байна шүү? Хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-Баярлалаа.
Манай зургийн их дэлгүүр нээгдээд удаагүй байгаа. Ердөө хагас сарын
өмнө үүдээ нээгээд ажиллаж байна. Анх бид нар “Photo&Art Gallery”
гэж нэрлэе гэж бодож байсан л даа. Тэгээд ихэнх хүмүүсийн хандлагаас
ажиглаад байхад галерейг хүмүүс галерей л гэж ойлгодог юм байна. Тэр нь
юу гэж байна гэхээр хүмүүс галерейд үзэсгэлэн л гардаг, тэгээд такс
төлж ордог ч гэдэг юм уу нэг тиймэрхүү ойлголттой байдаг юм байна.
Тэгэхээр бид нар зураг сонирхсон, авахыг хүссэн хүн бүрт хүрч
үйлчлэхийн тулд ийм нэр сонгож өгсөн л дөө.  

-Танайд ямар төрлийн зургуудыг худалдаалдаг вэ?

-Манай
монголчууд ном уншдаг түвшнээсээ гараад одоо уран зураг сонирхдог, тэр
чинээгээрэ зургийн үнэ цэнийг үнэлж мэддэг болсон байна. Тэгэхээр энэ
зах зээл нь ч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм л даа. Гэртээ ч юмуу албан
өрөөндөө нэг сайхан уран зураг эсвэл үзэсгэлэнтэй сайхан байгалийн
зураг ч юм уу худалдаж авъя гээд гарахаар тийм дэлгүүр нь алга байна.
Байлаа гэхэд маш муу чанарын Эрээнээс оруулж ирсэн зургууд байх
жишээтэй. Бид тэгээд энэ хэрэгцээ шаардлагыг бодолцож үзээд дэлхийн
сонгодог зургуудыг, бас алдартай гэрэл зургуудын фото хуулбарыг хүмүүст
хүргэе гэж бодсоны үндсэн дээр ийм дэлгүүр нээж ажиллуулаад байна.
Саяхан 25 давхар өндөр барилгын хажууханд байдаг нэг томхон хэмжээний
ресторанд орлоо л доо. Тэгсэн тэднийх баахан сэтгүүлийн зургуудыг
хайчлаад нэг юман дээр наачихсан байсан, ойртоод харсан чинь ямар ч
пиксельгүй үрчийж хорчийчихсон аягүй муухай харагдаж байсан. Яахав нэг
талаасаа арвич хямгач зүгээр байх л даа. Гэхдээ нэгдүгээрт
үйлчлүүлэгчдийгээ, хоёрдугаарт өөрсдийгөө дорд үзэж байгаа хэрэг шиг
санагдсан. Бид нар тэр түвшинг л өөрчилмөөр байна. Хүмүүсийг зурагт
дуртай болгомоор байна. Зураг бол яадаг ч байсан үнэтэй байх ёстой.
Хүнд сэтгэлийн таашаалыг өгч байх ёстой. Тэрийг ойлгуулмаар байна л
даа.

-Тэгэхээр танай дэлгүүр тэрхүү фото
хуулбаруудаа энд тэндээс авчирдаг гэсэн үг үү? Эсвэл эндээ хэвлэлийн
лабораторит хийдэг юм уу?

-Манайх өөрийн гэсэн
фото зургийн лабораторитай. 2009 оны нэгдүгээр сард үйлдвэрлэгдсэн
хамгийн сүүлийн үеийн найман хортой, 2800-ын нягтаршилтай Epson маркын
хэвлэх машинаар фото хуулбаруудаа чанарын дээд түвшинд хэвлэдэг. Манайх
1.1-1.6 метрийн урттай том, жижиг хоёр төрлийн хэвлэх машинаар худалдан
авагчийн хүссэн зургийг хэвлэж өгнө. Ямар хэвлэлийн материал дээр
хэвлүүлэхээ худалдан авагч өөрөө сонгож болно. Зургийн хэвлэх машин бол
офсет хэвлэлээс хамаагүй үнэтэй, нягтаршил өндөртэй хэвлэдэг л дээ

-Худалдан авагчийн хүссэн зураг танайд байхгүй бол яах вэ?

-Энэ
тохиолдолд худалдан авагч манай архивтай танилцаж болно. Одоогийн
байдлаар бидэнд 10000 гаруй зургийн сайн чанарын файлууд бий. Бид
тэдгээр файлуудаа албан ёсоор худалдаж авч зургуудаа хэвлэдэг байгаа.
Фото хуулбар, гар хуулбар гэж хоёр төрлийн хуулбар зураг байдаг л даа.

Мэдээж
гар хуулбар зураг бол фото хуулбараас хамаагүй үнэтэй. Фото хуулбар бол
хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглан тухайн бүтээлийг
хүмүүст боломжийн үнээр, хялбархан хүргэж байгаа арга юм л даа.

-Монгол зураачдын бүтээлүүд танайд бий юу?

-Одоогоор
монгол зураачдын бүтээлүүдийн сан бүрдэж эхлээгүй байна. Бид нар ямар ч
авъяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа дуртай байх болно гэдгээ
энэ дашрамд хэлье. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл манайд хандаарай.
Манай зургийн их дэлгүүрийн бас нэг гол зорилго бол уран бүтээлчдийг
бизнестэй холбох явдал юм шүү. Бид худалдан авагчдын хүссэн зургийг
боловсруулж хэвлэж гаргахаас авахуулаад жаазлах, гэрийнх нь болон албан
өрөөнийх нь интерьерт тааруулан хананд өлгөх хүртэл бүхий л үйлчилгээг
үзүүлнэ.

-Зургийн үнийг хэрхэн тогтоосон бэ?

-Бүх
зургууд чанарын хувьд яг ижил түвшинд хэвлэгдэж байгаа. Тэгэхээр
хэвлэлийн хэмжээ болон жаазнаасаа хамаарч үнэ нь өөр өөр байгаа.
Одоогоор манайх 20000-аас нэг сая хүртэлх үнэтэй зургууд худалдаалж
байна.

-Монголынхоо уран бүтээлчидтэй ямар байдлаар хамтарч ажиллах вэ?

-Дэлхийд
оюуны өмчийг хамгаалахдаа зохиогч нь нас барсан бол түүнээс хойш 50
жилийн дараа бүтээлийг нь ашиглах боломжтой гэсэн байдаг. Галерейд
маань хамгийн түрүүнд Рембрант, Ван Гог, Пикассо гэх мэт зураачдын
сонгодог бүтээлүүд дэлгэгдсэн байгаа. Бид нар Монголын зураачид болон
гэрэл зурагчидтай хамтран ажиллана. Ингэхдээ зураг бүтээлийг нь үнэ
тохироод худалдаж авна. Нэг зургийг бид хэт олноор хувилахгүй. Нэг
зурагнаас тэдэн хувь гэж эрхээ авч харилцан тохироод хамтран ажиллаж
байна. Ер нь монголчуудын бүтээлүүд гадаадад их гарсан. Тэнд
хуулбарлагдаж зарагдаж байгаа явдал ч байна. Монголын зах зээл жижигхэн
болохоор монголчууд өөрсдийнхөө оюуны бүтээлийг доогуур үнэлдэг. Гэтэл
тэдгээр бүтээлүүдийн хуулбар гадаадад илүү өндөр үнэтэй зарагдаж байна
шүү дээ. Тэгвэл яагаад Монголдоо өөрийнхөө бүтээлийг үнэлүүлээд хүмүүст
хүргэж болохгүй гэж. Монголчууд сүүлийн үед зураг маш их сонирхож
байна. Хана нь хоосон байгаа айл олон байна. Тиймээс бид зураач болон
үзэгчдийг холбох арга замыг эрэлхийлсэн хэрэг л дээ. Ингэхдээ хамгийн
түрүүнд чанарыг эрхэмлэнэ гэдгээ хэлмээр байна.

А.Болор /2009 оны 9 сарын 1/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж