Л.Оюунгэрэл: Ээж маань монгол хүнтэй суух хэрэгтэй гэж зөвлөдөг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Л.Оюунгэрэл: Ээж маань монгол хүнтэй суух хэрэгтэй гэж зөвлөдөг

 Их Британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Лувсандоржийн Оюунгэрэл
өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Монголчуудын төдийгүй дэлхийн
нийтийн танил болоод буй Л.Оюунгэрэл өнгөрсөн жилийн  “Авьяаслаг
Британичууд” шоунд оролцож, британчуудын гайхшралыг төрүүлж байсан юм. 
Л.Оюунгэрэл өдгөө Лондон хотноо хуулийн чиглэлээр суралцдаг бөгөөд уян
налархай хөдөлгөөн, уран нугаралтын гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг
татаж чадсан Оюунаа долоон хүүхэдтэй айлын отгон охин.  Оюунааг
“Авьяаслаг Британичууд” шоунд оролцож байхад шулуун шударга, хахир
хатуугаараа алдартай, шүүгч Саймон Ковелл хүртэл алмайрч байв. Монгол
бүсгүй Саймон Ковелл, Аманда Холден, Пиерс Морган нараас өндөр үнэлгээ
авч, танхим дүүрэн үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Мөн тэрбээр энэ
оны тавдугаар сард Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман
дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтсоноор, өмнөх дэлхийн амжилтыг 11
секундээр ахиулж, Гиннесийн номонд бичигдсэн билээ. Түүнтэй уулзаж
ярилцлаа.  

-Сайн байна уу. Юуны өмнө өөрт чинь баяр хүргэе?

-Баярлалаа.

-“Авьяаслаг
Британчууд” шоуг манай үзэгчид сонирхон үздэг байсан. Гэтэл нэг өдөр
монгол охин гараад ирэхэд нь гайхаж бас их бахархаж байсан?

-Би
Английн Лондон хотын циркэд 1998 оноос хойш гэрээгээр ажиллаж байсан
юм. Тэндхийн циркийн жүжигчид байнга тоглолтоор явж, янз бүрийн арга
хэмжээнд их оролцдог. Өмнө нь “Авьяаслаг Британчууд” шоуг үзээд орж
болох болов уу гэсэн бодол надад төрж байсан л даа. Гэтэл 2008 оны
Крисмасын тоглолтод оролцоод найзуудтайгаа хоол идэж байхад нэг найз
маань ийм санал ирсэн, би орохгүй гэж хэлсэн юм.

-Татгалзсан найз чинь монгол охин байсан гэж дуулсан юм байна.Тэр хүн яагаад оролцохгүй гэж шийдсэн юм бол?

-Монгол биш ээ. Хамт циркэд ажиллаж байсан жонглёрчин Франц залуу л даа. Тэр яагаад оролцохоос татгалзсаныг мэдэхгүй.

-Тийм
том шоунд Монгол хүн оролцож байгааг хараад сүүлийн шатанд үлдэх болов
уу гэж хүлээж байсан. Гэтэл сүүлийн тоглолтын үед гэмтсэн гэсэн. Яагаад
гэмтэл авсан юм бэ?

-Нийт зуун мянган хүнээс
сүүлийн шалгаруулалтад 40 хүн үлдсэн юм. Шоу болж байгаа хот Лондонгоос
багагүй зайтай. Би тэр өдөр бага зэрэг хоцорсон юм. Гэхдээ шалгаруулалт
эхлээгүй байсан л даа. Нугарахын тулд доод тал нь 30 минут биеэ халаах
хэрэгтэй байдаг юм. Гэтэл бэлтгэл хангахаар тайзны ард байсан ширээн
дээрээ очихоор явж байгаад том нүх байгааг харалгүй уначихсан. Барьж
явсан зүйлээрээ нүүрэндээ цохиод хавдсан байсныг үзэгчид зурагтаар
харсан байх.

-Нугарч болохгүй болтлоо гэмтсэн үү?

-Унасан
даруйдаа эмнэлэгт үзүүлсэн. Би өөрөө зорьж тэмүүлж орчихоод, 100
мянгаас хүнээс шалгарсан атлаа тэгээд бүхнийг орхино гэдэг их
харамсалтай байсан. Эмч үзээд нуруу болон эх биед ямар нэгэн гэмтэл
байхгүй гэдгийг хэлсэн. Зөвхөн хацар л хавдсан байгааг сонсоод би их
баярласан. Ингээд би хамгийн сүүлийн тоглолтод оролцсон.

-Цирк, уран нугаралт манайханд ойр урлаг. Тийм болохоор таныг Геннисийн номонд бичигдсэн тухай мэдээ сайхан сонстож байлаа?

-Тийм
шүү. Манайхан дэлхийд уран нугаралтаараа тэргүүлдэг. Англичууд нугардаг
ч үнэхээр манайхан шиг биш. Тиймээс ч миний үзүүлбэрийг мянга гаруй хүн
маш сайхан хүлээн авч, бүгд суудлаасаа босч хүндэтгэл илэрхийлж байсан.

-Манай улсад нугараач охид олон байдаг. Тэр бүр их
гүрэн рүү явж, ийм амжилт үзүүлж чадахгүй байгаа шүү дээ. Хамгийн анх
Англид очиход хэн тусалж, хөл тавьж байсан бэ?

-Би
есөн настайгаасаа эхлэн МҮЭСТО-д н.Доржпалам багшийн дугуйланд явдаг
байсан. Сүүлдээ циркэд очиж, н.Норжмаа багшийн шавь болсноор урлагийн
замд орсон. Манай багш олон жил циркэд ажилласан туршлагатай хүн.
Багшийн маань танил н.Энхбаяр гэдэг хүн Англид намайг очиход хүлээн
авч, өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд тусалсан.

-Хэдэн настай Англид очиж байсан бэ?

-Гэрээ хийсний дагуу 17 настай байхдаа хүний нутагт хөл тавьж байлаа.

-17 настай охин хүүхэд хүний газар, хэл ус мэдэхгүй ганцаараа байна гэдэг хэцүү л байсан байх. Шантрах үе байсан уу?

-Анхандаа
эх орон, ээж, аавыгаа их санадаг, хэцүү л байсан. Английн циркэд
ихэвчлэн зүүн Европ болон Азиас жүжигчид очдог юм. Циркээ тойроод л
амьдардаг. Өдөржин бэлтгэл хийгээд байнга явуулын тоглолт хийнэ. Өлсч,
ядрах үе байсан. Хамгийн гол нь би энэ ажилдаа маш их дуртай, үнэхээр
сонирхолтой байдаг болохоор хэр баргийн зүйлийг тоодоггүй юм билээ.

-Та одоо ямар цирктэй гэрээтэй ажилладаг вэ. Тэнд Монгол хүүхдүүд байгаа юу?

-Одоо би хэн нэгэнтэй гэрээ хийж хамтарч ажиллаагүй байгаа. Өөрөө бие дааж ажиллах болсон.

-Дэлхийд
нэр хүндтэй шоунд оролцож, олны танил болсон нь таньд ийм боломж
олгосон уу. Шоунд оролцсоны дараа таны амьдралд ямар өөрчлөлт гарсан
бол?

-Энэ шоунд оролцохоосоо өмнө, 2006 оноос
бие даан ажиллаж эхэлсэн. “Авьяаслаг британичууд” шоу миний амьдралд их
зүйлийг өөрчилсөн гэдэг үнэн. Миний утсанд өдөржин дуудлага тасрахгүй.
Е-майлээр дэлхийн маш олон улс орноос захиа ирдэг болсон. Фэн чинь
байна гээд л /инээв/. Хүмүүс зураг, бичлэг, гарын үсгээ явуулахыг
хүсдэг байсан. Том компаниуд хамтарч ажиллах, рекламд тоглох, шоунд
оролцохыг хүссэн урилга явуулж байна. Одоогоор Арабын хааны гэр бүлийн
хүндэтгэлийн тоглолт, Английн парламентын гишүүдэд зориулсан тоглолт
гээд олон арга хэмжээнд оролцож байна.

-Энэ шоунаас гадна Геннисийн номонд амжилтаараа багтсан нь бас ховор аз шүү. Өөрийн амжилтаа нэг удаа эвдсэн гэсэн?

-Шоунаас
хойш нэг жилийн дараа Геннисийн амжилт тогтоодог нэвтрүүлгийн
найруулагч надад оролцох хүсэлт тавьсан. Би 33 секундэд зубник /
Амандаа зуудаг хэрэгсэл/ дээрээ тогтсон. Үзүүлбэр маань Геннисийн 
номонд энэ төрлийн анхдагч нь байсан юм билээ. Гэтэл дараа нь Италийн
мөн энэ төрлийн нэвтрүүлгээс амжилтаа эвдэхийг хүссэн юм. Ингээд би ес
хоногийн дараа 50 секунд тогтож чадсанаар амжилтаа 17 секундээр
ахиулсан.

-Лондонгийн их сургуульд ямар чиглэлээр сурдаг вэ?

-Би хууль зүйн чиглэлээр сурч байгаа.

-Урлагаар 20 гаруй жил явж байгаа хүн яагаад хууль зүйг сонгох болсон юм бэ?

-Урлаг
тэр дундаа уран нугаралтад нас заавал нөлөөлдөг. Би Англид олон
найзтай. Английн алдартай өмгөөлөгч, хуульч найз маань хуульч болохыг
санал болгосон. Анх би тэгж боддоггүй байсан. Нас яваад ирэхээр нээрэн
л би насаараа нугарахгүй. Одоо биеэ биш толгойгоо ажиллуулах хэрэгтэй
гэдгийг ойлгоод ийм шийдвэр гаргасан. Тэгээд ч цагийн ажил хийгээд
хажуугаар нь сурах боломж байхгүй учир циркээсээ гарсан.

-Та англи хэлийг хаана сурсан бэ, тэнд очоод уу?

-Англичуудын
дунд байж, орчинд нь ороод ирэхээр аяндаа л хэл сурдаг юм байна. Хагас
жилийн сургалтад сууж байсан. Гэсэн ч ойр зуурын зүйлээ ярихаас нарийн
сайн сурдаггүй юм билээ. Би үүнийг сургуульд ороод л мэдлээ. Үнэхээр
хүнд хэцүү шүү. Анх багш даалгавар өгч, уншаарай гээд ном өглөө. Гадуур
явж байхдаа  хэнтэй ч үг хэлээ олдог байсан хүн чинь нарийн мэргэжлийн
ном бариад суусан чинь ойлгодоггүй. Бүр уншихад ч хүнд байдаг байгаа.
Эхэндээ нэг хуудас хичээлээ унших гэж гурав хоносон. Одоо ч хоёр жил
болж байгаа болохоор харьцангуй дасч байна даа.

-Лондонгийн
их сургуулийн төлбөр их өндөр байдаг гэж сонссон. Уучлаарай нэг зүйл
асууя. Би биш ч уншигчид таны нэг сарын орлогыг их сонирхдог юм билээ?

-Сургуулийн
төлбөр гадны орны хүмүүст их өндөр, бараг гурав нугалж төлдөг гэсэн
байх. Би гэрээнийхээ дагуу олон жил ажилласан болохоор хугацаагүй
амьдрах эрхтэй учир тэндхийн иргэдтэй адил үнээр сурч байгаа. Зарим нэг
хүн орлого чинь хэд вэ гэж асуудаг юм. Энэ тухай би олон нийтэд зарлаад
баймааргүй байна. Ямар ч байсан сургуулийнхаа төлбөрийг хийгээд
боломжийн ажиллаж амьдардаг.

-Та найз залуутай
гэж Саймоныг асуухад хариулж байсан. Одоо найзалсан хэвээр байгаа юу.
Олон эрчүүд өөрийг чинь сонирхож байгаа байх?

-Шоунд оролцож байх үедээ найз залуутай байсан. Гэхдээ одоо бид холбоогүй болсон.

-Гадаадад
ажиллаж амьдарч байгаа иргэд гадны иргэдтэй амьдрал холбох нь элбэг. Та
одоо 30 нас хүрлээ. Ханийн тухай бодохгүй бол оройтох нь. Өөрийнхөө
ханиар англи, монгол хүний алиныг сонгох бодолтой байдаг вэ. Сумочид 
япон эмэгтэйчүүдтэй нэр холбогдохоор монголчууд тийм ч таатай хүлээж
авдаггүй. Хүч чадалтай, дэлхийд нэр алдраа цуурайтуулж байгаа элэг
нэгтнээ эх орондоо ирээсэй, монгол цусаа хадгалаасай гэсэндээ л
харамладаг байх?

-Монголчуудынхаа сэтгэлийг
ойлголгүй яахав. Гэхдээ би одоо ямар ч хүн сонгоогүй байна. Хүнийг
гаднаас нь бус хувь хүн нь хэн гэдэг л надад чухал мэт санагддаг юм.
Ээж маань монгол хүнтэй суух хэрэгтэй гэж зөвлөдөг.

-Одоо сургуулиа төгсөхөд хэдэн жил дутуу байна вэ. Эх орондоо ирж ажиллах бодолтой байдаг биз дээ?

-Ирэх
сарын эхээр Англид явна. Гурван жил сураад бакалавр болно. Нэг жилийн
дараа магистр болно. Тэгээд  хоёр жил дадлага хийсний дараа хуульч
гэсэн үнэмлэхээ гардана. Англид эмч, хуульч нарыг ингэж бэлтгэж
гаргадаг. Манай улс одоо хөгжиж, гадаад харилцаа нь тэлж байна. Тиймээс
олон улсын хуульч мэргэжилтэй хүн их чухал байх. Манай сургууль олон
улсын хуулийг судалдаг. Ажиллах нөхцөл бүрдвэл эх орондоо ирж ажиллана.

-Монгол
орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа таниар олон Монголчууд бахархдаг.
Цаашдын ажил , амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье?

-Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.


Х.Оюунсүрэн/2009 оны 8 сарын 28/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж