Дуучин ВХ буюу Ц.Батбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Цомогтоо
орсон дуунуудаа клипжүүлэх гээд хүмүүстэй нэлээд нягт хамтран ажиллаж
байна. Мөн энэ намрын залуучуудын сүлд дууг хийхээр бэлтгэл ажилдаа
ороод явж байна. Энэ дуу бол “Fusion” гээд цоо шинэ дуу байгаа. Одоо
ямар нь мэдэгдэхгүй нэг нууцлаг реклам яваад байгаа биз. Тэрэнд зориулж
дуулж байгаа байхгүй юу. Энэ дууг Quiza, Эгшиглэн, Агиймаа гээд
дуучидтай хамтран дуулсан. “V” студиэр клипийг нь хийлгэж байна. Тун
удахгүй залуусын хүртээл болох болно.
-“Pro Sounds” студитэй хамтран ажилласан анхны уран бүтээлч болсон гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?
-“Fusion”
дууныхаа бичлэгийг энэ студиэр хийлгэсэн байгаа. Мөн залуучуудын сайн
мэдэх болсон “Love song” гэдэг дууныхаа клипийг хийлгэсэн. Хамгийн гол
нь энд хамтран ажиллаж байгаа хүмүүс бол маш өндөр түвшний, мэргэжлийн
хүмүүс.
-Шинэ клипүүдээ хийлгэнэ гээд завгүй л яваа байх. Өөртөө цаг гаргаж чадаж байна уу? Ер нь энэ зун хэр амарч байна?
-Өө,
энэ зун нэг их сайхан амрах зав гарахгүй л байх юм шиг байна. Гэхдээ
саяхан аавынхаа нутаг болох Завхан аймагт хэд хоног амраад ирлээ. Тэгж
л нэг хүч сэлбэх шив дээ. Үүнээс гадна Солонгост зуны улиралд “Халууны
баяр” болдог юм байна. Энэ баярт монголоос ойролцоогоор 30-аад уран
бүтээлч явна. Тэдний нэг нь болсондоо баяртай байна.
-Яг хэзээ явах юм бэ?
-“Халууны
баяр”-т оролцох уран бүтээлчид наймдугаар сарын 07-нд явна. Тэнд очиж
баярт оролцохоос гадна БНСУ-д суугаа монголчууддаа уран бүтээлээ
толилуулна.
-Өөрийнхөө шинэ тоглолтыг хэзээ хийх вэ? Ямар нэгэн төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Аравдугаар
сард багтаан тоглолтоо хийнэ гэж төлөвлөөд л байна. Гэхдээ тоглолтоо
хийхийнхээ өмнө цомгийнхоо promotion, цомгийнхоо дуунуудыг хүмүүст сайн
хүргэх хэрэгтэй байна. Дээр нь нэмээд хоёр, гурван шинэ дуу гаргана.
Яахав нэг их том, нүсэр тоглолт хийнэ гэж амлахгүй. Гэхдээ хичээж
байгаад шинэлэг, өвөрмөц тоглолт хийнэ.
–Таны
саяхан гаргасан “I have a dream” цомог сонсогчдын зүгээс өндөр үнэлгээ
авсан шүү. Дуунууд, хөгжмийн найруулга, цомгийн дизайн гээд бүх л зүйл
нь сайн болсон санагдсан?
-“I
have a dream” цомгийг хийхэд хамтран ажилласан залуустаа баярлалаа гэж
хэлмээр байна. Ялангуяа энэ цомгийг хийхэд хамтран ажилласан продюсер
Рагу, мөн Оки гээд залуу байгаа, бүгдэд нь баярласнаа илэрхийлье.
Хөгжмийн найруулга гээд бүх зүйл нь санаанд хүрсэн сайн цомог болсонд
сэтгэл өндөр байна.
-МҮОНТ-ийн
“Хит” нэвтрүүлгээр шүлэг уншиж байхыг чинь харсан. Бас дууны үг бичдэг
биз дээ? Өөрөө дуулахаас гадна шүлэг, яруу найрагт их сонирхолтой юмаа
даа?
-Ер нь багаасаа шүлэг
бичих гэж оролддог байсан. Мөн “Дөрвөн өдөр”, Р.Чойномын “Хүн” гээд
хоёр шүлгийг интро маягаар өөрөө уншаад цомогтоо оруулсан. Энэ хоёртоо
клип хийлгэх гэж байгаа. Хүндэлдэг яруу найрагчид гэвэл Р.Чойном,
Б.Лхагвасүрэн, Д.Пүрэвдорж, Д.Цоодол гээд олон хүмүүс байдаг. Энэ зуны
бас нэг ажил гэвэл “Киви” хамтлагийн “Love love love” гэдэг дууны үгийг
бичсэн. Одоо сонсогчдод нэлээд хүрсэн байх.
-Та
дуучин хүний хувьд өөрийн гадаад төрх, имидждээ хэр анхаарал тавьдаг
вэ? Анх гарч ирж байхдаа бүрх малгайгаар имиджээ бүрдүүлдэг байсан.
Харин одоо таныг илтгэх гол зүйл, гангараа тань юу болсон бол?
-Дуучин
хүн гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй шүү дээ. Одоогоор намайг илтгэх
гол зүйл маань үс болсон байна. Үс засалтаараа гангарсан гэхэд болно
доо. Үс засалт, стиль имиджийн хувьд надад тусалж, зөвлөх хүмүүс олон
байдаг.
-Та дуучин хүн, нөгөө талаар сонсогч. Барууныхнаас хэнийг сонсч, үлгэр жишээ авахыг боддог вэ?
-Би
өөрөө дуучин ч гэсэн надад бас хүндэлдэг дуучид байдаг. Барууны
дуучдаас Майкл Жексон, Ашер, Стив Вондер, Грег Дэвид гэх мэт олон
дуучдыг сонсдог. Ялангуяа Майкл Жексон бол хамгийн агуу нэгэн.
Хэдийгээр нас барсан ч гэлээ дуунууд нь мөнхөрч чадсан.
-Одоо
маш олон хамтлаг дуучид гарч ирэх болсон. Тэдний талаар ямар бодолтой
явдаг вэ? Дуучид өөрөө дуулж байгаад, сүүлдээ өөрийн гэсэн студи
продакшнтай болох, шинэ уран бүтээлчдийг төрүүлэх гээд ерөнхийдөө
“арын албаны хүн” болдог. Тэгэхээр таны хувьд иймэрхүү мөрөөдөл бий юу?
-Үе
нь ирэхээр болох байлгүй дээ. Одоохондоо болоогүй байна, залуу дуучин
хэвээрээ байна. Мэдээж, I have a dream. Би өөрөө сайн туршлагажиж
байгаад л болно. Аль болох авъяаслаг залуусыг дэмжиж, хамтран ажиллахыг
боддог. Тухайлбал “Sound of kiss” гээд хамтлаг байна. Тэдэнтэй хамтран
ажиллаж байгаа.
-Та “В”
продакшны дуучидтай хамтран ажилладагийн хувьд гадуур гараад байгаа “В
продакшн дамдуурсан” гэх ярианд няцаалт өгөх ч юм уу, ямар нэгэн
тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу?
-Би
“В” продакшныг юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан шинээр байртай
болж байгаа гэж сонссон. Би “В” продакшны дуучидтай хамтран ажилладаг ч
гэсэн надад үнэхээр тэр талаар тодорхой мэдээлэл алга.
Т.Амаржаргал /2009 оны 8 сарын 5/