Сюзан Бойл гэгч эмэгтэй дэлхий нийтийг гайхашруулж байна. “Авьяаслаг британичууд” шоуны од болно гэж хэн ч төсөөлж байгаагүй түүний бичлэгийг YouTube-ийн түүхэнд хамгийн олон хүн үзэж, Ларри Кинг, Опра Уинпри гээд дэлхийн алдартай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн түүнээс ярилцлага авах гэж хошуурч байна. Ингээд “Авьяаслаг британиууд” шоуны албан ёсны вэб сайтад өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.
-Тэгэхээр Сюзан, сүүлийн хэд хоног хэрхэн өнгөрөв дөө?
-Би үнэхээр амсхийх завгүй байлаа. Гэхдээ мэдээж хэрэг, энэ нь надад таатай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Миний амьдралд гэнэтхэн л хуй салхи босоод ирэх шиг болсон. Үнэхээр цаг хугацаатай уралдаж байна.
-Галзуурмаар гэж хэлэхэд болно байх?
-Тийм ээ, яг үнэн. Надад энэ бүх зүйл тохиолдож байгаа гэдэгт одоо болтол итгэхгүй л байна. Үнэхээр гайхалтай.
-Таныг дэмжиж байгаа энэ олон сая хүмүүсийн тухайд…?
-Үнэхээр гайхалтай, энэ ертөнцөд байж боломгүй зүйл шиг л санагдаж байна. Над шиг ийм хүнд энэ ийм гайхалтай явдал тохиолдоно гэж би зүүдэлж ч байгаагүй шүү дээ.
-Та энэ долоо хоногт гэхэд л Америкийн хэд хэдэн ток шоунд оролцсон. Ямар санагдаж байна даа?
-Маш гайхалтай мэдрэмж, туршлага гэдгийг би юун түрүүнд хэлэхийг хүсч байна. Бас энэ боломжийг ашиглаад намайг дэмжиж буй хүн болгонд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Би Ларри Кингийн ток шоунд оролцож, түүнтэй утсаар ярилцсан. Би өмнө нь эдгээр олон шоуны тухай сонсч ч байгаагүй гэхээр хачирхалтай.
-Ларри танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Тэр үнэхээр сайхан хүн. Мэргэжлийн ур чадвартай, хөгжилтэй. Тэр намайг үргэлж инээлгээд л байсан.
-Опра Уинфригийн шоунд уригдсан талаар бид сонссон. Та түүний шоунд оролцоно очно биз дээ?
-Хэн мэдэхэв дээ. Гэхдээ очихгүй бол үнэхээр бүдүүлэг хэрэг болно. Хэрэв надад урилга ирвэл би таатайгаар хүлээж авах болно. Хүн болгон түүний шоуг үздэг, сонсдог, биширдэг. Опра бол гайхамшигтай эмэгтэй. Гэхдээ яг одоохондоо би шоундаа бэлтгээд тун завгүй байгаа шүү.
-Ямар шоу?
-Мэдээж хэрэг “Авьяаслаг британичууд”. Би дөнгөж л хөл тавьж байгаа болохоор суралцах зүйл их байна.
-Холливудын алдарт жүжигчин Деми Мур таны үнэнч бишрэгч болсон гэсэн. Танд хачирхалтай санагдсан уу?
-Шуудхан хэлэхэд, энэ бүхэн дууссаны дараа намайг Деми Муртай уулзахаар явах уу гэж хүмүүс асуудаг юм. Гэхдээ би бүгдэд нь ижил хариулт өгдөг. Би аливаа асуудалд ул суурьтай хандахыг хичээж байгаа.
-Таны шүтээн Английн алдарт дуучин, жүжигчин Элейн Пейж өөрийнхөө “Radio 2” сувгаар тантай хамт дуэт дуу хийхийг хүсч байгаагаа хэлсэн байсан…?
-Тийм ээ, би энэ талаар сонссон. Сонсонгуутаа л би “Пөөх” гэж орилсон шүү. Элейн бол миний хамгийн ихээр хүндэлж, хайрлаж байдаг дуртай дуучин маань. Тэгэхээр түүнтэй хамт дуулна гэдэг үнэхээр гайхалтай, хүндэтгэлтэй, нэр төрийн хэрэг.
-“Авьяаслаг британичууд” шоуны нэгдүгээр шалгаруулалтад оролцсон таны бичлэг YouTube-ын бүх цаг үеийн хамгийн олон удаа үзсэн видеогоор тодроод
байгаа. Ямар санагдаж байна даа?
-Надад яг ямар мэдрэмж төрж байгаагаа үгээр илэрхийлэхийн ч аргагүй юм аа. Энэ бол үнэхээр, бүр дэндүү гайхамшигтай хэрэг. Надад тусалж, намайг дэмжиж байгаа тэр бүх хүний гавьяа, хүч хөдөлмөр юм шүү дээ. Би бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Шоунд оролцсоныхоо дараа л би YouTube гэж чухам юу болохыг мэдэж авсан шүү. /Инээв/
-Төрөлх хотынхон тань таныг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Мэдээж хэрэг гайхалтай. Гудамжинд тааралдсан хүмүүс маань надад сайн сайхныг ерөөж, хүн бүр надтай сайхан харьцаж байгаа. Надад үүнээс ихийг хүсч, шаардах хэрэг байхгүй ээ.
-Таны гарын үсгийг авахаар улайрч байгаа хүмүүстэй хэрхэн зохицож байна?
-/Инээв/. Үнэнийг хэлэхэд гарын үсэг зурсаар байгаад гар минь өвддөг. Хүмүүс яагаад миний гарын үсгийг авахыг тэгж их хүсээд байгааг гайхах юм.
-Таныг Сюзан гэдэг кинонд тоглох гэж байгаа гэсэн сураг гарч байна. Энэ үнэн үү?
-Энэ талаар надад хэлэх зүйл байхгүй ээ.
-Тэгвэл хүмүүс таны тухай ном бичих гэж байгаа гэсэн ярианы тухайд?
-Надад хэд хэдэн санал ирсэн гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байна. Гэхдээ одоохондоо миний амьдралд хамгийн чухал зүйл нь “Авьяаслаг британичууд” шоу болоод байна. Үүнээс бусад бүх зүйлийг түр азнаж болно.
-Таны шалгаруулалтад оролцож байсан үе рүү буцаад очъё. Та Пирс Морганы сэтгэлд нийцэж, түүнийг зөөлрүүлж чадсан. Харин дараа нь удалгүй тэр таныг Лондонд тансаг ресторанд романтик зоог барих санал тавьсан. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсвол? Та гайхаж, цочирдсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Пирс маш сайн хүн. Би үүнийг л хэлж чадах байна.
-Эцэст нь, Сюзан Бойлын фенүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Намайг дэмжиж буй хүн бүрт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Миний төлөө сэтгэл гаргаж байгаа тань үнэхээр гайхалтай. Би чадах бүхнээ хийх болно гэдгээ амлая.
2009 оны 4 сарын 28