-Ардын намын гишүүд Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд “Н.Энхбаярын авлигын аалзны торыг задлая” гэсэн лоозон барьжээ. Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгуулах хүмүүсийн дунд таны нэр ч байгаа болов уу?
-АТГ-т шалгуулахын тулд жагсаал хийдэг ямар ёс байдгыг мэдэхгүй юм. Өмнө нь намайг АТГ-т шалгуулна л гэж байсан. Өнөөг хүртэл юугаа хийгээд шалгуулахгүй байгаа юм бэ. Би шалгуулахад бэлэн байна. АТГ гэдэг нэр хэлэнгүүт нь би айх юм уу. Тэгдэггүй юм.
-Та жагсаалыг сонирхохгүй байна уу?
-Надад өөр олон ажил байна. Хийх юмаа олж ядсан хэдэн хүнийг харж, сонирхох зав алга.
-УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн таныг дэмжиж байна гэсэн утгатай ил захидал удирдлагууддаа өргөн барьсан нь Ардын намынхны жагсаал хийх шалтгаан болсон учраас асууж байна?
-Очиж хараагүй учраас яагаад жагсаад байгааг нь ойлгохгүй байна. Халууцаад байгаа юм байлгүй дээ. Ер нь Ардын намынхны шинэчлэлийг би олж хараагүй. Жагсаал хийж намынхныгаа дарамталж байгаагаа шинэчлэл гэж байгаа юм уу. Тэд намдаа ил захидал өгсөн хүн бүрийг хөөж зайлуулна гээд байгаа бололтой. Тэгвэл жагсаж байгаа хүмүүс нь өөрсдөө УИХ дахь Ардын намын бүлгийн даргад өргөх бичиг өгсөн. Тиймээс тэднийг ч бас намаасаа хөөх ёстой. Дөрвөн хүн захидал бичсэнд цуглаад байвал цагаан сар ч хийхгүй жагсах юм байна. Ер нь тэр жагсаал нь зохиомол гэдэг нь тодорхой байна.
-Та Ардын намынхныг жагсаал хийж гишүүдээ дарамталж байна гэж үзэж байгаа юм уу?
-Монголд ардчилал байхгүйг харуулж байна. Би л лав дөрвөн гишүүний бичсэн ил захидлаас нэг их ноцтой юм олж хараагүй. Юу нь хорыг нь хөдөлгөөд байгаа юм бэ. Ойлгохгүй байна.
-Намынхнаасаа тантай учраа ололцохыг шаардсан нь хорыг нь хөдөлгөөд байгаа юм биш үү?
-Ер нь 1990 оноос хойш өчнөөн нам нийлж салсан. Гэхдээ хэзээ ч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний эсрэг жагсаал хийж, заналхийлсэн тохиолдол гарч байгаагүй. УИХ-ын гишүүн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө нэрийг нь дуудаад жагсаал хийж байгааг дарамт, заналхийлэл гэхээс яах юм. Үг хэлсэн хүн бүрийг “Шантааж хийж байна” гэж хэлэхээс үнэхээр залхаж байна. Ийм утгагүй амьдралаар 20 жил амьдарлаа.
-Ардын намынхныг хагаралдуулсан буруутнаар Н.Энхбаяр та хоёрыг нэрлэж байна. Та Ардын нам дахь “Дөрвийн бүлэг”-ийг өөртэйгээ нэгд гэж ятгасан юм биш үү?
-Та нар надаар яагаад ийм өчүүхэн зүйл яриулаад байгаа юм бэ. Ардын нам хагарах эсэх нь надад хамаагүй. Тэдний л асуудал. Би УИХ-ын бүх гишүүнтэй уулзаж, холбоотой ажиллаж байгаа. Тэр дөрвөн гишүүнд л хариуцлага тооцвол бүх зүйл сайхан болчих юм уу. Үгүй учраас энэ талаар яримааргүй байна. Нийгмийн асуудлыг шийдэх гарц хайхаасаа илүү “Дөрвийн бүлэг”-ийг ална, тална гээд байгаа Ардын намынхныг ойлгохгүй байна. Тэр дөрөв юу юм бэ. Нэг өдөр 40-үүлээ болоод ч хүрээд ирж болно.
-Хэн рүү очно гэж?
-Хаашаа ч очиж болно. Дарамтлуулаад тэнд байж байх ямар хэрэгтэй юм.
-УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн тантай нэгдвэл “МАХН-ын Түр штаб” их хурлаа хийх санхүүгийн эх үүсвэртэй болох нь гэсэн хардлага байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Их хурал хуралдуулахад ямар ч мөнгө хэрэггүй.
-“Дөрвийн бүлэг” танай намд элсье гэвэл хүлээж авах уу?
-Намд элсэнэ гэсэн хүн бүрийг л хүлээж авна.
-Та Д.Зоригт сайдыг огцруулах 10 үндэслэл байна гэж байсан. Үндэслэлүүдээ дурьдаад сайдыг огцруулах өргөдөл өргөн барих уу?
-Тэр 10 үндэслэл чинь 100 болчихсон. Зуун үндэслэл бичвэл сонингууд нийтэлнэ. Цаасны гарз биз дээ. Тэртэй, тэргүй Д.Зоригтыг намынх нь бүлэг огцруулахгүй гэнэ. Засгийн газар нь хамгаална. УИХ Ардын намын шийдвэрээр хуралдана. Тэгээд л миний зуун үндэслэл үр дүнгүй болно. Нэгийгээ улайм цайм өмгөөлөөд байхаар цөхөрч байна. Ийм ялзарсан Засгийн газарт юм хэлээд яах юм бэ. Гэхдээ би өргөдөл өгөх эсэхээ шийдээгүй байна. Багануурын нүүрсний уурхай ямар хүнд байдалд байна. Кадастрын албанаас лицензүүдийн файл алга болчихсон. Бүгдийг нь хулгайд алдчихсан. III цахилгаан станцын тендерт ялсан хүнийг подвальд хорьсон зэрэг Д.Зоригттой холбоотой олон асуудал байна.
Зохиогчийн эрх: