БНСУ-ын
Сөүл хотноо болсон “Asian Model” наадамд 2008 оны “Гоёл” наадмын шилдэг
загвар өмсөгч Э.Сэлэнгэ, загвар өмсөгч Г.Мөнхдалай нар амжилттай
оролцоод иржээ. “Asian Model” наадмаас “Star model” шагнал хүртсэн
Э.Сэлэнгэтэй уулзаж, ярилцлаа.
-Энэ шагналыг ямар шалгуураар өгдөг талаар эхлээд сонирхож болох уу?
-Улс
болгоны моделиудын дунд шалгаруулалт явуулж,11 модельд өгсөн байгаа.
Тухайн загвар өмсөгчийг өөрийн улсыг төлөөлж, гадаадын орнуудад амжилт
үзүүлж чадахуйц төвшинд хүрсэн байна гэж үзвэл өгдөг шагнал юм билээ.
-Манай
загвар өмсөгчид шагнал хүртэж, олны анхааралд өртөх тусам хэл ам жам юм
шиг дагадаг. Та энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Нэг
хүн сайхан харагдаж, үнэлэгдаж байгаа бол тэр эмэгтэй олон
бүсгүйчүүдийн төлөөлөл гэж би ойлгодог. Тэр утгаараа аль болох
хүлээцтэй ханддаг. Дэлхийн бүх сайхан эмэгтэйчүүдийн хийж буй үйлдэл,
бодож байгаа зүйлс нь хүмүүсийн сонирхлыг татдаг байх л даа. Харин
манай нөхцөлд бол олны анхаарлыг татсан бүсгүйчүүдийг яагаад ч юм сайн
нэр дагадаггүй. Тэр нь хамгийн хэцүү л дээ.
-Гадаадын загвар өмсөгчид хэл ам, атаа жөтөөнөөс хамгаалсан сахиустай байдаг юм билээ. Танд тийм сахиус байна уу?
-Надад тийм хамгаалалт байхгүй ээ. Магадгүй, би нэг их сүсэг бишрэлтэй хүн биш байх.
-“Гоёл”
наадмаас шагнал хүртсэн, тэр дундаа топ модель болсон бүсгүйчүүдийг
Ц.Мянганбаяр гэж хүнтэй холбоод л биччих юм. Хүмүүс ч тэгж хүлээж аваад
л…?
-Би энэ асуултад тийм, ийм
гэж тайлбар хэлээд яах вэ. Манайхны дунд тийм сонин ойлголт байдаг.
Үнэндээ тухайн шагнал хүртсэн загвар өмсөгч цаашдаа ямар амжилт үзүүлж,
яаж хөдөлмөрлөж байгаа нь хүмүүст харагддаг байлгүй дээ. Сайн загвар
өмсөгч болохын тулд заавал хэн нэгэнтэй холбогдоно гэдэг тийм түгээмэл
арга гэж би л лав бодохгүй байна.
-Ойрын зорилгоо тодорхойлж амжсан уу. Топ модель болохыг мөрөөдөж байна гэдэг ч юм уу?
-Шагналын
төлөө хөдөлмөрлөж, карьер хөөцөлдөх дургүй. Би заавал топ болох албагүй
биз дээ. Гэхдээ би нэгэнт загвар өмсөгч болохоор шийдсэн учраас энэ
салбарынхаа тэргүүн эгнээнд байхыг зорино оо. Ойрын зорилго гэвэл энэ
онд болох “Top model of the world” тэмцээндээ амжилт үзүүлж, эх орныхоо
нэрийг тэр тайзан дээр сайнаар гаргах юмсан гэж бодож байна. Хамгийн
ойрын зорилго.
-Та жилд дунджаар хэдэн загварын шоунд оролцдог вэ?
-Яг
тэд, эд гэсэн тоо гаргаж үзээгүй юм байна. Ер нь сүүлийн үед манайд
зохион байгуулдаг загварын шоу олон болсон. Загвар зохион бүтээгчид ч
гэсэн нэмэгдэж байгаа. 9-12 сард илүү их ачаалалтай байдаг. Монголын
загварын оргил сар гэж хэлж болох байх. Тэр үед ядарч унатлаа
ажилладаг.
-Тэгвэл загвар өмсөгч болоод хичнээн хувцас тайзан дээр амилуулсан бэ?
-Мянга гаруй… Тэр хавьцаа байх.
-Нэг сонин асуулт асуух уу?
-За…
-Та өөрийгөө ямар нэгэн биет зүйлээр төлөөлүүлбэл юу байхыг хүсдэг вэ?
-Эрдэнийн
чулуу байвал гоё байх аа. Хамгийн бат бөх, бас хамгийн сайхан үзэмжтэй
эрдэнийн чулуунд эмэгтэй хүн бүр дурладаг. Ямар хариулт байна…
-Дажгүй л юм. Тэгвэл таны нүүр царайг тайзны будалт хэр өөрчилдөг вэ?
-Тайзан
дээрх будалт, энэ бүхнээс салаад бүх будгаа угаачихаад гэртээ амрах
үеийн хооронд мэдээж зөрүү байгаа. Үнэнийг хэлэхэд, би хоёр өөр хүн шиг
л харагддаг. Тайзны будалт чинь энгийн будалтаас өөр зүйл шүү дээ.
-Тэгвэл аль төрх чинь илүү таалагддаг вэ?
-Хоёулаа би шүү дээ. Загвар өмсөх бол миний ажил. Гэртээ байхдаа би өөрийнхөөрөө байдаг. Аль аль нь таалагддаг.
-Өдөр бүхэн сайхан харагдахын тулд гоё ээмэг, зүүлт зүүх нь чухал уу, та юу гэж бодож байна?
-Зүүх
үедээ зүүнэ. Би ялангуяа ээмэг, зүүлт их цуглуулдаг. Гэхдээ үргэлж
зүүхийн тулд биш л дээ. Өнөөдөр гэхэд ямар ч зүүлт зүүх хүсэл
байгаагүй.
-Таныг дизайнер болохыг хүсдэг байсан гэж сонссон. Магадгүй биелүүлж болох л мөрөөдөл байх, тийм үү?
-Дизайнер
болохыг хүсдэг байсан. Багадаа резинэн материалаар өөртөө зориулж
хувцас оёдог байсан. Таарахгүй бол сунагаад өмсчихнө. Хэ хэ.
-Тэгвэл одоо өөртөө зориулж хувцас урлавал ямар загвартай байсан нь дээр бол?
-Одоо
дизайнер болвол өвдөгнөөс үл ялиг дээш хормойтой, энгэр нь битүү, нуруу
гарсан, цайвар даашинз хиймээр санагдаж байна. Төсөөлөхөд, тийм л
даашинз санаанд орж байна.
-“Asian model”-д та ямар даашинз өмссөн бэ?
-“Шилмэл
загварын ордон”-ы загвар зохион бүтээгдчийн урласан сарнайн ягаан
өнгөтэй даашинзыг сонгож өмссөн. Гоё даашинз байна гэсэн магтаалын үг
сонссон шүү.
Т.НИПОНЬ /2009 оны 1 сарын 23/