“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонготой ярилцлаа.
-Та машинаа угаалгахаар явж байгаа юм аа даа. Жолооч болоод хэр удаж байна?
-Гурван
жилийн өмнө жолооны курс төгссөн. Машин бариад нэг жил гаруй болж
байгаа. Анхандаа торгуулдаг л байлаа. Хааяа дүрэм зөрчих үе гарна. Энэ
бол яарч сандарсан тоглолттой үед ихэвчлэн гардаг асуудал гэх үү дээ.
Замын асуудал хүндрэлтэй юм аа. Хэдхэн километр газар л бараг нэг цаг
явж байна шүү дээ.
-Олны танил, залуухан дуучин бүсгүйд учирдаг бэрхшээл ер нь мундахгүй гардаг байлгүй?
-Асуудал
байдаг л даа. Жишээ нь, шар хэвлэлд гарсан элдэв худал мэдээллийг
тоохгүй байя гэж бодсон ч болдоггүй юм. Угийн жаахан эмзэг хүн чинь бүр
хүндээр тусгаж авна. Тэр бүхэнд ээж маань л миний сэтгэл, санааг
тайвшруулдаг гэх үү дээ. Ээж минь миний бурхан. Ээжийнхээ хажууд
байхад ямар ч бэрхшээлийг давж чаддаг.
-Охидын
хамтлаг санасанд хүртэл удаан хугацаанд уран бүтээл хийгээд явсан нь
Монголд тийм ч олон биш. Эрт уран бүтээлээ орхих юм уу, хамтлаг
тарахад олон л зүйл нөлөөлдөг бололтой?
-Эмэгтэйчүүд,
охид гэдэг утгаараа бага зэргийн маргаан, үйл ойлголцол гардаг байх.
Удаан оршин тогноход ер нь л хэцүү. Тийм болохоор бид гурав аль болох
эв нэгдэлтэй байхыг нэгдүгээрт тавьдаг. Бие биедээ итгэж, тусалж уран
бүтээлээ хийдэг. Аль болох нэгнийхээ үзэл бодлыг сонсох ч юм уу, ер нь
л гурван биенээ маш сайн хүндлэх хэрэгтэй гэж боддог.
-Танай
хамтлаг энэ жилийн “UBS Music Video Awards”-т амжилттай оролцож, хоёр
ч шагналын эзэн болсон. Өөрөөр хэлбэл, хамгийн амжилттай оролцсон
хамтлаг гэсэн үг. Шагнал авчирсан уран бүтээлийнхээ тухай
сонирхуулаач?
-Баярлалаа. Хүлээж
байгаагүй хоёр том шагналын эзэн болсондоо баяртай байгаа. Бидний
хувьд энэ шагнал нэр төрийн хэрэг. Жил гаруй хичээж хийсэн уран
бүтээлийн маань үнэ цэнэ, шаргуу хөдөлмөрлөсний үр шим байх. Энэ
асуултад хариулахын тулд “Жинхэнэ хайр” цомгийнхоо тухай ярихгүй байх
аргагүй л дээ. Цомгийн зөвлөхөөр “В” продакшны захирал Д.Болд,
найруулагчаар нь Б.Наранзун, Н.Баярхүү нарын чадварлаг хүмүүс
ажилласан. Мэдээж хэрэг, тэдний авьяас чадвар тэр хүндтэй шагналыг
авахад нөлөөлсөн. Н.Баярхүү, дуучин Quiza хоёрын зохиосон “Бид
гурвуулаа” дуу шилдэг имидж бүрдүүлэлтийн шагнал авсныг санаж байгаа
байх. Клипийг нь “Cross animation” студийн залуус хийсэн. Зохиомж
сайтай, сайн клип болжээ гэсэн дүгнэл авсандаа сэтгэл өндөр байгаа.
Бид бас “Hero intertainment”-тай хамтарч ажиллаад багагүй хугацаа
өнгөрч байна. Тус студид бүтээсэн “Чамайг хайсаар байх уу” дуугаар топ
шагналын эзэн боллоо. Яриад байвал их зүйл гарах байх. 2008 он бидний
хувьд амжилт бүтээлээр дүүрэн, сайхан жил болж байна.
-Яг одоогоор ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Саяын
хоёр шагнал бидэнд маш их эрч хүч өгсөн. Ямар ч байсан өмнөхөөс илүү
сайн уран бүтээл гаргах ёстой гэсэн хариуцлага оногдож байна. Одоо
гурав дахь цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. Бас
“жинхэнэ хайр” цомгийн гурав дахь дуу болох “Би чиний хүүхэлдэй биш”
дууныхаа клипний зураг авалтыг эхлүүлэхээр зэхэж байна. Клипийг нь
“Wanted” студийнхэнээр хийлгэхээр тохиролцсон. Зохиолоо гаргаад, хоёр
гурван санаа гаргачихсан байгаа.
-Гадаадад гарч тоглолт хийх бодол бий юу?
-Уран
бүтээлдээ шаргуу орж байгаа. Шинэ цомог, клип гээд л. Хийх юм их байна.
Гадаадын зарим орноос тоглолт хийгээч гэж урилга ирдэг. Ирэх
арваннэгдүгээр сарын эхээр Москвад тоглолт хийх төлөвлөгөө байгаа.
Бэлтгэж байна. Гадаад гэхээс илүү хөдөө орон нутгийнхаа фенүүдтэйгээ
уулзах бодолтой явдаг. Он гаргаад замд гарна даа. Энийг харин амлачихъя.
-Таны дуучин болох замыг хэн нэгэн зааж өгсөн үү. Эсвэл өөрөө сонгосон уу?
-Би
зургаан настайгаасаа эхлээд Хөгжим бүжгийн коллежийн сурагч болсон.
Төгөлдөр хуурын ангид. Тэр үеэс эхлээд дуу, хөгжимгүйгээр нэг ч өдрийг
өнгөрөөж байсангүй. Тиймээс дуучин болох замыг сургууль маань зааж
өгсөн байх.
-Мэдээж, хүн бүр л хэн нэгнийг онцолж сонсдог. Таны үнэнчээр шүтэн биширдэг дуучин хэн бол?
-Селин
Дион. Үнэхээр агуу дуучин шүү. Багадаа дууг нь дагаж дуулдаг байлаа.
Анх 1998 онд “Ирээдүйд одод” тэмцээнд бид гурав Селин Дионы “I love
you” дууг дуулж, нэгдүгээр байр эзэлж байлаа. Магадгүй их урам өгсөн
байх. Тэр тэмцээнээс хойш нэг их удалгүй хамтлагаа байгуулж байлаа.
-Солонгоо хэр сайн тогооч вэ?
-Сайхан
хоол хийх гэж хичээлгүй яахав. Харин сүүлийн үед цаг зав муутай байгаа
болохоор гал тогоо руу ойртсонгүй. Бага зэрэг төсөөрчихөж. Цаашдаа айл
гэрийн эзэгтэй болох учраас хичээх л хэрэг гарах нь.
-Нууц биш бол анхны хайртайгаа хэзээ учирсан бол?
-Мэдээж
учирсан. Тэр үеийг эргээд бодоход сонин санагддаг юм. Хүүхэд насны
гэнэн хайр гоё ч юм шиг. Одоо бол амьдралыг арай өөрөөр хардаг болжээ.
Буурь суусан гэх үү дээ.
-Эрчүүдийн ямар зан чанар таалагддаг вэ?
-”Хувцсаар
нь угтаж ухаанаар нь үднэ” гэж сайхан зүйр үг байдаг даа. Ямар ч
байсан нэг их дэгжин биш, ухаалаг эрчүүд гээд тодорхойлчихвол
буруудахгүй байх аа.
-Ямар стилиэр хувцаслах дуртай вэ?
-Ихэвчлэн
даашинзаар гангардаг даа. Чимэг зүүлтний тухайд брэнд, үнэтэй алт,
мөнгө зэргийг сонирхдоггүй. Залуу насаараа гоёх дуртай. Нэмж хэлэхэд
миний нэг хобби бол өсгийтэй гутал.
Б.Ганаа /2008 оны 10 сарын 30/