Б.Насанцэнгэл: Эрчүүд хөргөө зуруулах дуртай болсон байна лээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Насанцэнгэл: Эрчүүд хөргөө зуруулах дуртай болсон байна лээ

 Нэгэн
гоо бүсгүй орон дээр нойрсч байна. Түүний хажууд хөөрхөн охин
инээмсэглэн зогсоно. Хажууханд хар даашинз өмссөн гоо бүсгүй толинд
туссан нүцгэн дүрээ харан суух. Хүмүүний нэг л агшин, нэг төрхийг
мөнхөлж, хөрөг зургийн төрлийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж
яваа энэ бүсгүйг Б.Насанцэнгэл гэдэг. Ингээд түүнтэй уран бүтээлийн
яриа өрнүүлснээ толилуулья.

-Монголын
уран зургийн ертөнцөд та өөрийн гэсэн “имиж”-тэй. Өөрөөр хэлбэл хөрөг
зургаараа та өөрийн гэсэн орон зайгаар бүрдүүлчихэж. Ингэхэд хэзээнээс
хөрөг зураг зурж эхэлсэн бэ?

-Хүүхэд
байхаасаа л хүн зурах дуртай байлаа. Ихэвчлэн бүсгүй хүн зурна. Бас
найзуудаа зурна. Миний зурсан зургийг харсан найзууд маань натуртайгаа
их адилхан болжээ хэмээн магтдаг байсан юм. Оюутан байхдаа ч хөрөг
зураг их зурдаг байсан. Манай ангийн багш Төрийн соёрхолт, Ардын
жүжигчин зураач Д.Одон багш маань ч хөрөг зураг их зурдаг байсан. Энэ
нь надад их нөлөөлсөн болов уу.

-Багаасаа л зураач болно гэж боддог байсан уу?

-Үгүй
ээ, би хөгжимчин болно хэмээн мөрөөддөг байсан юм. Тэгээд Хөгжим
бүжгийн сургуульд шалгалт өгсөн л дөө. Харамсалтай нь би Хөгжим бүжгийн
сургуульд би тэнцээгүй ээ. Тэгээд л зургаараа дагнах болсон доо.

-Та хөрөг зургаас өөр төрлөөр зурж байв уу. Б.Насанцэнгэл гэхээр л хүмүүс таны хөрөг зураач уу хэмээн асуудаг юм билээ?

-Зуралгүй
яахав. Ерээд оны эхээр Монголд модерн төрлийн зураг их моод болж байлаа
шүү дээ. Би ч гэсэн энэ чиглэлээр зурж үзсэн. Гэхдээ нэг их удаагүй л
дээ. Яагаад гэвэл тухайн үед хүн болгон модерн чиглэлээр зурах болсон
учраас хөрөг зураг зурдаг хүн их ховордсон. Хөрөг зургийн төрөл ч
орхигдох тал руу гаа орчихсон байсан юм. Тэгээд л модерн чиглэлээр энэ
олон хүн зурж байхад би өөр төрлөөр Монголын уран зургийн хөгжилд хувь
нэмэр оруулах ёстой юм байна гэж бодсон. Тэр тусмаа залуу байгаа
дээрээ, нүдний хараа сайн байгаа дэрээ хөрөг зураг зурах хэрэгтэй
гэдгээ ойлгосон л доо.

 -Хөрөг
зураг зурахад их хэцүү юу. Гадаад төрхөөс нь гадна дотоод сэтгэлгээг
гаргаж ирнэ гэдэг зураачаас маш их ур ухаан шаарддаг байх?

-Хөрөг
зураг бол хүнд талдаа л даа. Зарим хүн хөрөг зураг зурах их амархан гэж
боддог юм шиг байна лээ. Нэг хүнийг хажуудаа суулгаж байгаа д л
зурчихна. Толгойгоо ажиллуулах ямар ч шаардлагагүй гээд л. Миний хувьд
үүнтэй санал огтхон ч нийлдэггүй. Хөрөг зураг зурах зураачаас маш их
хөлс, хөдөлмөр, ур ухаан шаарддаг зүйл дээ. Бодит хүнийг яг адилхан
зурахгүй бол болохгүй шүү дээ. Нүднийх нь харц, давхраа, нүүрнийх нь
үрчлээс бүр хүзүүний зүүт чимэглэл ээмэг бөгжийг яг тэр хэвээр нь
буулгана нарийн чимхлүүр, хараа шаардсан зүйл. Нэг л зураас буруу
зурчихвал натураасаа өөр болчихно. Миний хувьд урдаа нэг хүн суулгаж
байгаад яг тэр чигээр нь ямар ч сэтгэхүй оруулалгүйгээр зурчихдаг юм
биш. Тэр хүний арын фон ямар байх вэ. Натураа яаж, ямар байрлалаар
зурвал өөрийг нь илүү илэрхийлж чадах вэ, юутай, ямар өнгөтэй зохицож
чадах вэ зэргээр сэтгэхүйгээ ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, би модерн
урсгалыг хөрөг зурагтай хослуулж зурдаг юм. Пантастик реалист бүтээлүүд
надад цөөнгүй байдаг.

-Зарим хүмүүс тэртээ тэргүй гэрэл зураг байхад хөрөг зураг зурж яадаг юм бэ гэсэн бодолтой байдаг л даа?

-Харин
тиймээ, ийм бодолтой хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Миний хувьд гэрэл
зураг, хөрөг зураг хоёрын хооронд маш их ялгаа байдаг гэж боддог шүү.
Нэг нь техник, технологийн хүчийг ашиглаж байгаа бол нөгөө нь зураачийн
ур ухаан, авьяас чадвараас бүтдэг юм. Энэ ялгааг олж чадахгүй байгаа
тэр хүмүүст харамсалтай байна гэхээс өөр юу ч хэлэх билээ.

-Натураа та яаж сонгодог вэ?

-Ихэвчлэн
хүмүүс өөрсдөө захиалдаг юм. Ер нь ажиглаад байхад монголчууд хөрөг
зураг нэлээд сонирхдог болсон байна лээ. Аав ээж, найз нөхдөө зуруулна.
Өөрсдөө ирж зуруулдаг. Зарим тохиолдолд би өөрөө ч санал болгодог.
Сүүлийн үед эрчүүд их хөргөө зуруулдаг болсон л доо.

-Л.Өлзийтөгсийг хөрөг их гоё болжээ?

-Тийм
байна уу. Би Л.Өлзийтөгсийг зурах юмсан гэж их боддог байсан.
Боловсролтой, даруухан, сайхан бүсгүй шүү дээ. Тэгээд нэг өдөр би
чамайг зурмаар байна. Хүрээд ирээч гэсэн санал тавьсан л даа. Хөрөг нь
өөрт нь их таалагдсан байна лээ.

-Бас Жорж Бушийн үеэл ахыг зурсан гэл үү. Хэзээ түүнийг зурсан юм бэ?

 -Хоёр
гурван жилийн өмнө байна уу даа, сайн санахгүй байна. Ж.Бушийн үеэл ах
Монгол ирэхдээ манай урланд ирж зургаа зуруулсан юм. Маш гоё болжээ гэж
надад урам өгсөн шүү.

-Хөрөг зураг маань өөр болжээ гэх гомдол хэр ирдэг вэ?

-Санхүүгийн
асуудал дээрээ унжсан хүмүүс л ийм гомдол гаргадаг юм. Зарим олны танил
хүүхнүүд зургаа зуруулчихаад дараа нь мөнгөө өгч чадахгүй, хэл ам
гаргадаг л даа. Үүнээс болоод би захиалгаар хөрөг зураг зурах болсон
тохиолдолд гэрээ байгуулдаг болсон. Тэр нь амар юм билээ.

– Ингэхэд нэг хөрөг зургаа та хэдээр зурдаг вэ?

-Янз
бүр. Доод тал нь 1000 ам.доллар. Хэр хэмжээтэй зурахаас шалтгаалдаг юм.
Монголчууд гэхээсээ илүү гадаадынхан хөрөг зураг их худалдаж авдаг.

-Танихгүй хүний зургийг уу?

-Тиймээ, гадаадынхан хөрөг зурганд их дуртай юм билээ.

-Та ихэвчлэн бүсгүй хүн зурдаг юм шигээ.

-Би их залуу сэтгэлгээтэй л дээ. Залуучуудыг зурах их дуртай. Тэр тусмаа залуу эмэгтэйчүүдийн хөргийг зурах урамтай байдаг юм.

-Та нүцгэн бүсгүйчүүд их зурдаг. Нүцгэн хүн зурах хэцүү юу?

-Хувцастай
хүн зурахаас хэцүү. Тэр хүнийг хараад хүмүүс гоо сайхны таашаал авч
байх ёстой шүү дээ. Тийм болохоор нүцгэн биений гоо сайхныг гаргах
амаргүй л байдаг юм.

-Нүцгэн эрэгтэй хүн зурж байв уу?

-Зурж байсан, оюутан байх даа л.

-Байгалийн зураг хэр их зурдаг вэ?

-Нэг хөрөг зурчихаад нөгөө хөрөг зурах хоорондоо л зурдаг юм.

-Бурханы зураг зурж байв уу?

-Нэг
л удаа зурж байсан. Маш их ажиллагаа, нарийн хараа шаарддаг юм билээ.
Бурхан зурснаас хөрөг зурах нь надад илүү ойрхон байсан л даа.

-Та саяхан Бээжингийн олимпийн үеэр гарсан Олон улсын зургийн үзэсгэлэнд оролцоод ирсэн. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Монгол зураачдын ур чадвар гадаадынхаас дутахааргүй юм билээ.

-Хөгжимчин биш зураач болсондоо харамсдаг уу?

-Үгүй ээ, хэзээ ч үгүй.

Ж.ЭРХЭС/2008 оны 10 сарын 17/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж