Жижиг ачааны тэрэг төв талбайд нэвтрэхэд уг машины урдуур цагдаа нар хааж зогссон ч жагсагчдын хүчийг давж чадалгүй талбай руу оруулсан юм. Тэр даруйд лоозон, бөмбөр барьсан залуус төв талбай руу цувж эхэллээ. Жагсагчид бэлтгэлээ сайн базаажээ. Ардын нам, НАМЗХ-ны далбаа олон уриа лоозонгийн дунд намирч харагдана. Бас жагсагчдад бүгдэд нь шүгэл, намын тэмдэг тараажээ. Ардын намын дэргэдэх “Шинэ эхлэл” хөдөлгөөний санаачлагч Ж.Мөнхбат энэ дунд “Дүлийрч, хатсан нийгэмд шинэ салхи оруулъя…” хэмээн шүлэглэж жагсаалыг цааш үргэлжлүүлэв.
Ийнхүү намын дэргэдэх залуучуудын байгууллагын гүшүүд зоригтой дуугарч эхэллээ. Тэд намдаа болж байгаа зүй бус зүйлд арга хэмжээ авахыг намын удирдлагуудаасаа шаардаж, хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө арга хэмжээ авахаа хатуухнаар илэрхийлж байна. Ардын намын гишүүн хэмээн баг зүүсэн зарим хүмүүсээс болж УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээхээс тэд хамгийн ихээр болгоомжилж байгаа гэнэ.
Улмаар намынхаа удирдлагуудад гурван зүйл бүхий шаардлагыг хүргүүллээ. Үүнд, намыг шударга бус үйлдлийн үүр, уурхай болгосон хэмээн үзэж буй Н.Энхбаярыг өөрийнх нь хэлсэнчлэн “Сална гэж салсангүй.Салаа замын эрхээр саллаа” гэдэг үгийг нь ёсоор болгохыг тэд хүсч байв. Мөн Ц.Даваасүрэнг намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон улс төрийн шантаажчин гээд намынхаа залуучуудыг заналхийлсэн гэх Д.Тэрбишдагва нарт намын дүрмийн дагуу хариуцлага тооцож, намын гишүүд дэмжигчид, олон нийтэд хандан уучлалт гуйхыг шаардав. Түүнчлэн Ардын намын Бага хурлыг яаралтай зарлан хуралдуулж, намаас сонгогдож томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад сахилга хариуцлага тооцохын зэрэгцээ намын эв нэгдэл, шударга ёсны асуудлыг хэлэлцэн ярилцахыг тэд хүслээ.
Энэ үеэр жагсаалд оролцож буй Ардын намын зарим гишүүдтэй уулзлаа.
Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал:
-Намын дэргэдэх залуучуудын байгууллагад өнөөдөр манай улсын хамгийн боловсролтой, чадвартай, сэхээтэн залуус ажиллаж байна. Залуусаа дэмжиж, тэдний үгийг сонсохгүй бол өөр намд элсээд ажиллаад явах эрх бий. Тиймээс одоо энэ цагаан сараас өмнө намын дотор болоод байгаа энэ явдлуудыг эцэслэх хэрэгтэй. Зарим хүмүүс манай залуучуудын холбооныхноос айгаад байна гэх юм. Бид хүн айлгадаг, сүрдүүлдэг хүмүүс биш.
Ардын намын гишүүн Л.Нямаа:
-Залуучууд зөв хөдөлж байна. Яриа сайтай, эрч хүчтэй байна. Яахав залуу хүмүүс жаахан ойворгон байж магадгүй. Бид одоо залуучуудаа дэмжихгүй бол, тэдний үгийг сонсохгүй бол энэ байдлаар дахин хэдэн жил өнгөрвөл энэ улс төр чинь өөрчлөгдөхгүй шүү дээ.
Ардын намын гишүүн н.Пүрэвхүү:
-Би намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүн. Энэ тогооноос л ирээдүйн улстөрчид бэлтгэгдэн гарч ирдэг. Тиймээс залууст боломж олгох хэрэгтэй. Манай залуучууд мэдлэгтэй боловсролтой байна. Нээрээ л тэдний хэлж буйгаар цонхоо нээхгүй бол бүгчим байна шүү дээ.
Тэд шаардлагаа олон нийтэд уншиж танилцуулсныхаа дараа намын удирдлагуудаа уг шаардлагыг нь хүлээн авч, гуравдугаар сарын 1-нээс өмнө хариу өгөхийг хүслээ. Хэрвээ тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол улс төрийн дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжихээ ч илэрхийлсэн. Намын удирдлагуудаа төв талбайд хүрэлцэн ирж шаардлагыг авахыг хүлээх зуураа тайван жагсаалаа идэвхитэйгээр үргэлжлүүлж байлаа. Тэд “Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн мөнгөөр баяжсан хүмүүсийн талаар бид зөв мэдээллийг цуглуулан Авилгатай тэмцэх газарт шалгуулах болно. Тийм хүмүүсийг бид энэ Засгийн газраас, улс төрөөс гаргана” хэмээн орилж байлаа. Мөн залуусыг сонгуулийнхаа ажилд ажиллуулсныхаа төлөө баярлалаа гэж хэлээгүй байж, элдэв хэл үгээр доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүйгээ тэд Д.Тэрбишдагва гишүүнд хандаж илэрхийлсэн. Түүнчлэн намдаа өөрийн албан тушаалаа буцаан өгч залуучуудын байгууллагадаа бүх хүчээ дайчлан ажиллахаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр “Цонхоо онгойлгоцгооё, залуусаа! Бүгчим байна” хэмээн үгээ дуусгав. Түүний ярьснаар залуус өнөөдөр хэн нэгний амны зугаа, хэн нэгний гарын аясаар хөдөлдөг хүч биш гэдгээ нотлохыг хүсчээ. Тэд бага зэрэг лоозогносон төдий боловч залуучуудын байгууллын туйлын зорилгын хүрээнд жагслаа. Удалгүй Ардын намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар гарч ирэн залуустай нэгдлээ. Түүний хэлснээр “Өнөөдөр Монголын улс төрийн хүрээнд болж буй бусармаг үйлдлийг арилгахын тулд эхлээд нам дотроосоо ийм бусармаг зүйлийг үгүй хийх ёстой. Тиймээс залуучуудын зөв” гэсэн.
Жагсаал үргэлжилж төв талбайн урд хэсгээс лоозонгоо барьж, уриа хашгирсаар Төрийн ордны баруун хаалганд ирэв. Жагсагчид хаалганы өмнө багтаагүй тул хажуугийн зам руу шахан зогсч замын хөдөлгөөнд бага зэрэг хүндрэл учруулсан тул цагдаа нар хүрч ирэн замаас гарч зогсохыг шаардсан. Тэд шаардлагаа УИХ дахь Ардын намын бүлгийн даргад хүргэхээр түүний нэрийг дуудан хашгирч эхэллээ. Энэ үед УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга Д.Дондог гарч ирснээр тайван жагсаал тайвнаар өндөрлөсөн юм.
Зохиогчийн эрх: