-Би
таныг их л хээнцэр эмэгтэй гэж боддог ш дээ. Өсгийтэй гутал, богино
банзалтай, нэг л их будаг шунх болсон хүн ирнэ гэж төсөөлж байлаа?
-Хэ
хэ хэ. Ихэнх хүмүүсийн төсөөлөл тиймэрхүү байдаг байх аа. Нэг л их
дэрвийж сэрвийсэн эмэгтэй гээд л. Би чинь энгийн үед байгаагаараа л
байдаг ш дээ. Пүүз жинс өмсч, үсээ задгай тавиад, бага зэргийн
будалттай явж болно биз дээ.
-Яагаад ч юм тайзан дээр, эсвэл телевизийн дэлгэцээр харагддаг байдлаар чинь төсөөлчихлөө?
-Өнөөдөр зураг авалт ч юм уу, олны нүдэнд өртөхөөр зүйл хийх төлөвлөгөө гаргаагүй явж байна аа.
-Өнөөдөр
хоёулаа янз бүрийн хэвлэл дээр гараад байгаа таны тухай цуурхалыг
ярилцана шүү. Хамгийн сүүлд гэхэд л таныг шууд нэвтрүүлэгт оролцож
байхдаа ам барьж дуулсан гээд л биччихсэн байна лээ?
-Тэгэхэд
нэвтрүүлгийн дүрмэнд баригдаад ам барьж дуулсан юм. Тэр нэвтрүүлэгт
оролцогчдыг гутаан доромжлох гэж шууд утсанд холбогддог хүмүүсийн эсрэг
үзэл баримтлалтай нэвтрүүлэг гэж хөтлөгч нь анхааруулж байсан. Хэрэв
тэр нэвтрүүлэг ам барьж дуулах дүрэмгүй байсан бол мэдээж би амьдаар
дуулах байсан.
-Тэгээд тоглолт хийх гэж байж ийм болчимгүй үйлдэл хийсэнд чинь сонсогчид их л эвгүйцэж байх шиг байна лээ?
-Тоглолт
гэхээр л их сүржин маягаар хүлээж авч байна л даа энэ хүмүүс. Хариуд нь
би тэгэхээс тэгэх гэж тоглолтынхоо бэлтгэлийг шаргуу хийж байгаа.
Намайг зурагтаар үзээд дуулж чаддаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тэр
сэтгүүлч болон уншигч, сонсогчид тоглолтоос намайг хэрхэн дуулахыг
харах биз. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг билүү.
-Та сэтгүүлчдэд их дургүй юм аа даа?
-Дургүйцээд
байх юу байх вэ. Өөр өөрийн өнгөөр ертөнцийг харж, тоос хөдөлгөж яваа
хүмүүст би эндээс юу ч гэж хэлээд нэмэргүй. Тэд намайг элдэв янзаар
бичлээ гээд би огтхон ч өөрчлөгдөхгүй байж чадахаас хойш тэдэнд дуртай,
дургүй нь ямар хамаа байхав.
-Сонин сэтгүүл болоод хэвлэлийн элдэв шуугианд хэт эмзэглээд байгаа юм шиг санагдлаа?
-Манай
найзууд л намайг их гайхаад байдаг болчихсон. Сэтгүүлчидтэй урьд нь
уулзахдаа ярихыг хүссэнээ ярьдаг байсан бол одоо үг бүрийнхээ араас
зүйр үг хэлж, тайлбар тавьдаг болсон гээд л…
-Тийм юм байна. Та зүйр үг их хэрэглэх юм?
-Зүйр
үг сайхан шүү дээ. Багаасаа л зүйр үгэнд дуртай байсан болохоор одоо
амьдралын хэв маягтаа тохируулаад хэлээд л байгаа. Зарим талаар
сургааль айлдаад байгаа юм шиг энэ зангаасаа санаа зовдог шүү.
-Найз залуугийнхаа талаар ярих хүсэл байна уу?
-Хэрэггүй
биз дээ. Энд нэг янзаар бичвэл нөгөө тийш нь мушгисан хувилбарыг нь өөр
сонингоос уншаад сэтгэл өвдчихнө. Тэгээд ч миний ямар найз залуутай
байх нь бусдад ямар хамаа байхав дээ. Би л нэг дуулдаг гэхээрээ хамаг
амьдралаа бусдын өмнө дэлгээд байх ёстой биш. Тэгээд ч найз залуугаа
энэ бүх шуугианаас хол байлгамаар байна.
-Урьд нь мушгиж бичсэн юм уншаа юу?
-Тийм
ээ. Хэхэхэ. Аль ч билээ сонинд манай дүү найз залуутай минь
танилцуулсан юм гээд санаандгүй ярьчихсан чинь дараа нь бөөн юм болсон.
Нара дүүгийнхээ нөхөртэй явалддаг гэж ирээд л аймаар муухай юм
биччихсэн байгаа юм даа. Тийм ёс суртахуунаа уландаа гишгэсэн юм гэж юу
байхав дээ. Би дүүгийнхээ нөхөртэй нууцаар уулзаад л. Энэ чинь гаж юм
биз дээ. Тэгээд ч миний найз залуу тэнэг хүн байсан бол бид хоёрын
хооронд маргаан гарна, хэцүү байдал үүснэ биз дээ.
-Найз залуу чинь юу гэж байна?
-Ийм
балиар юм гэж хаана байх юм. Би тийм зүйл хийх хүн биш гэдгийг мэддэг
учраас л чимээгүй өнгөрөөсөн. Мэдээжийн хэрэг ш дээ. Манай сэтгүүлчид
хүний амьдралыг огтхон ч хүндлэхгүй. Би жаахан мангуудаа найз залуутай
байсан бол тэр маань найз бүсгүй нь сонин хэвлэлээр нэг их биеэ үнэлэгч
мэтээр бичүүлсэнийг хараад байж сууж чадахгүй, салах дээрээ тулах ч юм
бил үү. Өөрсдөө л хэдэн юм бичээд л болчихно гэж боддог шиг байгаа юм.
Гэтэл цаана нь бүхэл бүтэн амьдрал нурж унахад бэлэн байна шүү дээ.
Намайг дуулж эхлээгүй байхад Сэрчмааг элдэв янзаар их бичдэг байсныг
санаж байна. Тухайн үед би энэ эмэгтэй үнэхээр ийм муухай зүйл хийдэг
юм байх даа гэж боддог байсан юм. Одоо бол намайг янз бүрээр бичээд
байхаар нь Сэрчмаа энэ тэр бол ердөө л хэвлэлийн бай болчихсон гэмгүй
хүмүүс байсан гэдгийг мэдэрч байна аа.
-Таныг
сард гурван сая төгрөгийг хөнгөхөн үрчихдэг баян хүүхэн гээд л, эсвэл
ямар нэг ивээн тэтгэгчтэй байна гэсэн яриа их гардаг шүү дээ. Энэ
талаар ярилцмаар байна.
-Манайхан ийм сонин үзэлтэй хүмүүс
байгаа юм. Бас нэг сонин дээр Нара зөвхөн гоо сайхандаа сард гурван сая
төгрөг зарцуулдаг гээд биччихсэн байсан. Би ганц гоо сайхандаа гэж огт
хэлээгүй. Тэгээд ч манай урлагийн эмэгтэйчүүдийг бүгдийг нь ямар нэг
спонсортой болгож бичээд байдаг нь сонин санагддаг. Яагаад эмэгтэй хүн
мөнгөтэй байж болдоггүй юм бэ. Заавал эмэгтэй хүн гэхээрээ нэг баян
хөгшинтэй явдаг байх албагүй биз дээ. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг
шиг эмэгтэй хүн яагаад эмэгтэй хүндээ хайртай байж болдоггүй юм бол.
Нэг сайхан хүүхэн явж байхад хараад баярлах ёстой байтал муулж байж
санаа нь амарч байдаг сонин улс шүү. Би лав иймээ, тиймээ асуудалд
хутгалдчихгүй гэсэндээ олон хөлийн газар явах дургүй байдаг юм.
Т.Нипонь /2008 оны 4 сарын 22/