BX: Би сонгуулиар сая төгрөгөөр дуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

BX: Би сонгуулиар сая төгрөгөөр дуулна

 Залуусын дунд ВХ нэрээр алдаршсан дуучин Батбаатартай ярилцлаа.

 

-Сая Багануур дүүргээс ирлээ гэсэн. Тийшээ ямар ажлаар яваад ирэв?

-Сонгуулийн
сурталчилгаа хэдийнэ эхэлжээ. Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшиж буй
нэг хүний сонгуулийн сурталчилгааны ажилд яваад ирлээ.

-Нууц биш бол сонгуулийн шоунд хэдэн төгрөгөөр дуулахаар төлөвлөөд байгаагаа хэлээч?

-Дөрвөөс таван дуу сая төгрөгөөр дуулах төлөвлөгөөтэй байна.

-"New star" студиэс яагаад гарав. Хамтын гэрээ чинь дуусав уу, үл ойлголцох асуудал гарсан юм уу?

-Бидний
хооронд аман маягийн гэрээ байсан нь дууссан. Бас бага зэрэг үл
ойлголцол байсан болохоор өөрийнхөө санааг хэлсэн. Урлаг бол залуу
насных. Залуу, эрч хүчтэй байгаа дээрээ өөрийнхөө хүчээр юм хийж
үзэхийг хүссэн. Гэхдээ "New star" студийн Гантөр, Мандах эгчээс сурсан
зүйл их бий. Цаашид тэдний зааж сургасан мэдлэгээ ашиглан сайн уран
бүтээл хийж, тэдний итгэлийг алдахгүй гэсэн том зорилго тавиад байгаа.

Магадгүй ирэх намраас Гантөр ахтай хамтран шинэ уран бүтээл хийнэ байх. Гантөр ах бид хоёр дууны бичлэг хийхдээ гар нийлдэг юм.

Харин
одоогоор бие даан уран бүтээл хийж байна. Шинэ бүтээлээ эхнээс нь
гаргаад эхэлсэн. Яг одоо л гэхэд "Ийм нэгэн дурлал" киноны хоёрдугаар
ангийн дуун дээр ажиллаж байна. Дууны бичлэг бэлэн болсон. Энэ дууны
аяыг Л.Тайванбат ах хийж, үгийг нь би бичсэн юм.

-Бие даан уран бүтээл хийхэд ямар байна вэ?

-Бүх зүйлээ өөрөө хийж байгаа болохоор ажил ихтэй байна. Гэхдээ энэ нь нэг талаар өөрийгөө хөгжүүлж байгаа хэрэг.

-Стиль, имижээ өөрчлөх үү?

-Өөрчлөлт
хийх цаг нь болоогүй байна. Би дөнгөж олонд танигдсан залуу дуучин.
Тиймээс хэсэгтээ энэ имижээ барина. Өмнө нь "New star"-тай хамтарч
байхад зөвхөн студид дуугаа бичүүлээд л болдог байв. Гэтэл одоо олон
асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй болсон. Огцом өөрчлөлт хийж болохгүй
байна. Харин уран бүтээлийн хувьд бага багаар өөрчлөлт хийхийг оролдож
эхэлсэн. Тухайлбал, "Ийм нэгэн дурлал" киноны хоёрдугаар ангийн дуу л
гэхэд поп тал руугаа хэлбийсэн байгаа.

-Үүнээс өөр ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Саяхан
"Promise" нэртэй дуу гаргасан. Энэ дууныхаа бүхий л зүйлийг их хотын
хэв маягт тохируулан хийхийг оролдлоо. Дууны үг, ая хөгжим гээд л. Тэр
ч бүү хэл өөрийнхөө гадаад үзэмжээ хүртэл хотын залууст тохируулахыг
хичээсэн. Энэ нь ч залууст таалагдаж байх шиг. Анзаараад байх нь ээ
залуус миний уран бүтээлээс уйдах аяс мэдрэгдэж байсан. Намайг
өөрчлөгдөөсэй гэж хүсдэг юм шиг. Тиймээс бага зэргийн өөрчлөлт хийсэн.
Гэхдээ хот, хөдөөгийн залуусын сэтгэхүй өөр юм билээ. Энд залуус намайг
өөрчлөгдөөсэй, бүрх малгайнаасаа салаасай гэж хүсч байхад хөдөө
эсрэгээрээ. Малгайгаар минь л намайг таньж байна. Сая л гэхэд Багануур
дүүрэгт очиж дуулахдаа малгайгүй тайзан дээр гарсан чинь үзэгчид
гайхаад байсан.

-Хэсэгтээ сонгуулийн шоу тоглолтод явах болохоор шинэ цомгоо сонсогч, үзэгчдийнхээ гарт хэзээ хүргэх бодолтой байна?

-Шинэ
цомогт орох дуунуудынхаа ихэнх ажлыг "В" продакшн дээр хийж байгаа. Уг
нь энэ хавар цомгоо гаргах бодолтой байсан ч тэднийхэн нүүдэл хийгээд
сар гаруй үйл ажиллагаа нь зогссон. Тиймээс ирэх намраас цомгоо гаргах
байх. Шинэ цомогт R&B болон поп дуу орно. Ингэж холимог бүтээл
хийхгүй бол хайрцганд орчихоод болохгүй юм. Шүлгээ хүртэл Quiza-гаар
бичүүлж байна.

-Бусад дуучинтай хамтрах бодол байна уу?

-Хамтарч
дуулах санал ирж байгаа. Хамтрах эсэхээ бодож байж шийднэ. Сая л гэхэд
"Хоёр хүү" хамтлагийн Гавана хамтрах санал тавиад байна. Нэг ийм үг
байдаг даа. "Оновчтой цаг үед оновчтой зүйл хийвэл амжилтад хүрдэг"
гэж. Тэр утгаараа хэрэв хэн нэгэнтэй хамтарч дуулах бол бодож байж
шийднэ. Гэхдээ эргээд бодоход анх гарч ирснээсээ хойш олон дуучинтай
хамтран дуулсан юм байна. Сая л гэхэд дуучин Quiza-тай хамт нэг дуу
хийсэн. Зураг авалт удахгүй дуусна.

-Саваагүйтээд нэг зүйл асуумаар байна. ВХ-ийн найзыг даруухан охин байдаг гэж сонссон. Найз охиныхоо тухай яриач?

-Даруухан
биш шүү дээ. Харин ч эсрэгээрээ. Ингээд яривал ямар байна. Энэ худлаа
зүйл. Одоохондоо найз охинтой болох төлөвлөгөө алга. Яг одоо миний
хувьд цаг хугацаатай уралдан цоо шинэ уран бүтээл хийх хэрэгтэй байна.
Олигтой, өөрийн санасанд хүрсэн бүтээл хийгээгүй байж найз охинтой
болж, амьдрал зохиохыг хүсэхгүй. Тиймээс эхлээд өөрийнхөө амьдралыг
босгосны дараа найз охин, цаашлаад гэр бүлтэй болно гэж боддог. Тэгээд
ч одоогоор өглөө гараад л шөнийн хоёр, гурван цаг хүртэл шинэ дууны
бичлэг энэ тэр гээд завгүй явна.

2008 оны 4 сарын 8

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж