“Nokia”-гийн лэптоп 300 ам.доллараар худалдаалагдана

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Nokia”-гийн лэптоп 300 ам.доллараар худалдаалагдана

 Дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч “Nokia” корпорацийн бүтээсэн анхны лэптоп АНУ-ын зах зээлд 300 ам.доллараар удахгүй худалдаалагдаж эхлэх гэнэ. Ингэхдээ үүрэн телефоны оператор “AT&T” компанийн утасгүй интернэтийн хоёр жилийн эрх дагалдаж ирэх юм байна. Финляндын “Nokia” корпорацийн бүтээсэн “Booklet 3G” нэртэй уг нэтбүүк /жижиг хэмжээтэй, овор багатай, үзүүлэлт багатай лэптопыг нэтбүүк гэж нэрлэх болсон/ нь “Microsoft” корпорацийн Windows 7 үйлдлийн системтэй, 10 инчийн дэлгэцтэй, 2.8 паунд буюу 1.27 кг жинтэй бөгөөд албан ёсоор энэ сарын 22-ноос эхлэн захиалга авч эхлэн, ирэх сарын дундуур худалдаалагдаж эхлэх гэнэ. 300 ам.доллараас хямд үнээр худалдаалагдаж буй олон нэтбүүк байгаа боловч “Nokia” компаниас гаргасан “Booklet 3G” нэтбүүк нь хөнгөн цагаан гадаргуутай, GPS удирдлагын чиптэй, нэг удаагийн цэнэглэлтээр 12 цагийн турш цэнэгээ барих чадвартай зэрэг олон давуу талтай ажээ.


Дашрамд сонирхуулахад, Финляндын гар утас үйлдвэрлэгч “Nokia” корпораци гар утасны үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулахаас өмнө ширээний компьютер үйлдвэрлэдэг байсан бөгөөд 1991 онд компьютерийн салбараа худалдсан байна.


2009 оны 10 сарын 14

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж