Б.Цолмон: Цоомоо гартаа цохиур атгаж төрсөн байж магадгүй шүү

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Б.Цолмон: Цоомоо гартаа цохиур атгаж төрсөн байж магадгүй шүү

 Бүрх
малгай, хар шилээр гоёсон энэ эрхмийг Б.Цолмон гэдэг. Ярих яриа, байгаа
байдал нь дэндүү даруухан тэрээр Монголын эстрад урлагт сэтгэл зүрхээ
зориулсан нэгэн билээ. "Соёл эрдэнэ"-ээр овоглосон түүнийг дал, наяад
оны залуус андахгүй. Амьд хөгжмийн урлагийг Монголд хөгжүүлэхийн тулд
тэр амьдралынхаа 33 жилийг зориулжээ.

-Та
хэдэн оноос бөмбөр тоглох болсон бэ. Бөмбөртэй учирсан анхны "учирлаас"
чинь ярилцлагаа эхлэе гэж бодож байна. Яагаад гэвэл Цоомоо гэдэг нэрийг
сонсохоор бөмбөр гэдэг үг санаанд буугаад байдаг юм?
 

-Тухайн
үед хүүхэд болгон л бөмбөр тоглодог байлаа шүү дээ. Түн, түн гэж нүдээд
л. Энэ утгаараа бол 1975 онд бөмбөртэй анх найзалсан гэхэд болно. Би
чинь 40 мянгатын хүүхэд. Тэр үед 40 мянгатынхан пянз их цуглуулдаг
байлаа. Тэгээд л нөгөө алдарт "Битлз"-ийн дууг тавина. Тэр дуунуудаасаа
уйдна гэж үгүй, дахин дахин тавиад л сонсоод байна. Тэр үеэс бөмбөрчин
болохыг мөрөөдсөн байх. Цаг хугацаа явсаар одоо тэгээд 33 дахь жилдээ
бөмбөр "нүдэж" байх шив дээ.

-Хөгжим, бүжигт орохоор шалгуулахад чинь таныг шууд цохиур хөгжмийн ангид хуваарилсан юм уу?

-Дотоод
мэдрэмж, ритм чинь бусад хүүхдүүдээс илүү байна гэж цохиур хөгжмийн
ангид хуваарилсан. Хар багын сонирхол байсан болохоор би ч уухайн тас
зөвшөөрөлгүй яахав. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхдаа "Хонх"-ын
А.Энхбаяр, том Жагаа, Н.Болд бид дөрөв нэрнийхээ эхний үсгийг
нийлүүлээд "ЖБЭЦ" гэдэг хамтлаг байгуулж байлаа.

-Аан тийм, "Хүлээлт"-ийг тэгэхэд хийсэн гэдэг бил үү. 

Үдшийн тэнгэрт одод түгэхэд

Үзэсгэлэн гоо чи минь ирээч…гээд л, гоё дуу шүү?

-"Хүлээлт"
бараг бидний анхны уран бүтээл. Том Жагаа маань зохиосон. Би бөмбөр
"нүдээд" л, Жагаа басс гитар "балбаад", Энхбаяр, Болд хоёр маань
дуулдаг байсан юм. Бид сургуулийнхаа бас өөр сургуулийн үдэшлэгт их
уригдана аа. Орос III, 23 дугаар дунд сургуулийнхан манай хамтлагийг их
урьж тоглуулдаг байлаа. Бас Гадаад явдлын яаман дээр ч урилгаар очиж
тоглодог байсан. Элчин сайд асан Д.Чойнхор гуай биднийг их дэмждэг
байлаа. Тухайн үед бид өөрсдөө хөгжимгүй болохоор Гадаад явдлын яамны
хөгжмөөр л хорхойгоо дардаг байсан.

-Урьж тоглуулаад мөнгө өгдөг байв уу?

-Тийм
юм байгаагүй. Нөгөөдүүл нь ч юун мөнгө авах тухай бодох манатай. Бид
чинь өөрсдөө хөгжим тоглож, дуулах гэсэн бөөн дурны хонгионууд байгаа
юм чинь.Үсээ урт ургуулж, өргөн өмдөөр гоёсон жаалууд л хамтлаг энэ тэр
гээд гүйдэг байсан. Сургуулийн захирал бусад хүүхдүүдэд буруу үлгэр
дууриал үзүүллээ гээд үсийг маань хусч, өмдийг маань тайраад л…Цаг ч
хэцүү байж дээ. Гэхдээ амархан бууж өгөхгүй ээ, үсээ ахиад л
ургуулчихдаг байсан.

-"ЖБЭЦ" хамтлаг тэгээд хэзээ тарсан хэрэг вэ?

-Сургууль
төгсөөд ажил, амьдралынхаа мөр мөрийг хөөцгөөсөн болохоор хамтлаг маань
тарахаас өөр аргагүй болсон. 1978 онд сургуулиа төгсөөд Улсын
филармонийн симфони найрал хөгжмийн оркесторт бөмбөрчнөөр
хуваарилагдлаа. Жагаа маань өмнөх жил нь сургуулиа төгсөөд "Баянмонгол"
чуулгын басс гитарчин болчихсон байсан. Тухайн үед залуусын ганц үздэг,
даган дуурайдаг хамтлаг "Соёл-Эрдэнэ" л байлаа ш дээ. Би ч тэр л
залуусын адил "Соёл-Эрдэнэ" хамтлагийн тоглолтыг алгасалгүй үздэг
байсан. Тэднийг шүтнэ гэж жигтэйхэн. Үнэхээр тэр үеийн залуусын биеэ
авч явах соёл, хувцаслалт, үзэл бодол гээд олон зүйл дээр
"Соёл-Эрдэнэ"-ийнхэн багагүй хувь нэмэр оруулсан даа. Түүгээр ч
зогсохгүй Монголд эстрадын урлаг хөгжих үндсийг тавьсан гэж би боддог.
Улсын филорманид ороод удаагүй байтал "Соёл-Эрдэнэ" хамтлагийн
бөмбөрчин Хүрэлчулуун гадагшаа хуулийн сургуульд суралцах болсон учир
намайг хамтлагтаа авахаар Улсын филорманийн захиралтай ярьсан юм билээ.
Ингэж л би шүтэн биширдэг хамтлагтаа өөрөө тоглохоор болсон доо. Яг
"Соёл-Эрдэнэ"-д очиход Жагаа миний өмнөхөн тэнд орчихсон байсан.

-"Соёл-Эрдэнэ"-ийнхэн ямар хувцасаар гангардаг байсан бэ?

-Жинсээр
гоёдог байлаа. Мэдээж, тухайн үед жинс их ховор олдоно. Тийм болохоор
гадагшаа явж байгаа хүмүүст захина. Өөрсдөө гадагшаа тоглолтоор явахдаа
худалдаж авна шүү дээ. Нэг авах юм гэвэл "Соёл-Эрдэнэ"-ийнхэн бүгд
гарын уртай, өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байсан юм.

-Тухайн
үед цаг хатуу байсан болохоор та нарыг жинс өмсөөд, үсээ урт ургуулаад
явахаар чинь барууны үзэл суртал нэвтрүүллээ гэсэн шүүмжлэл их ирдэг
байсан биз?

-Тодорхой хэмжээгээр бидэнд хяналт тавьдаг байсан л
даа. Ийм хувцас өмс, ингэж хувцасла, үс гэзгээ ингэж янзал гээд л
Соёлын яамнаас үүрэгддэг байсан. Дуулах дууг маань хүртэл шалгана. Ямар
дуу болж вэ гэдгийг шалгахаасаа илүү хайр дурлалын сэдэвтэй тэдэн дуу
байна, нам төрийн сэдэвтэй дуу цөөхөн байна гээд л тоолоод суудаг
байлаа шүү дээ. Нам засгаа магтсан дуу хиймээр байна, хайр дурлалынхаа
дууг багасгамаар байна гэсэн санал хүртэл тавьж байлаа. Манай хамтлаг
нэг удаа "Шалзат баахан шарга" дуугаар жүжигчилсэн тоглолт хийхээр
бэлтгэлээ. Түүнийгээ Соёлын яамныханд шалгуулсан чинь Монгол ардын дууг
цахилгаан хөгжимтэй дуулж болохгүй гээд баталж өгөлгүй, гурван удаа
буцааж билээ. Арай гэж нэг юм зөвшөөрсний дараа ард түмэнд тоглож
үзүүлсэн. Үзэгчид санаснаас илүү сайхан хүлээж авсан шүү. Тэр ондоо
манай хамтлаг "Шалзат баахан шарга"-аараа Соёлын яамны "Шилдэг уран
бүтээл"-ийн эзэн болж байлаа.

-"Соёл-Эрдэнэ"
хамтлагтай Б.Баяраа агсан салшгүй холбоотой хүн. Уучлаарай, энэ хүний
амиа алдсан тухай мэдээлэл тухайн үед танай хамтлагийнханд хүнд цохиолт
болсон байх?

-"Соёл-Эрдэнэ" хамтлагаас олон сайхан дуучин,
хөгжимчин төрж гарсан. Түүний нэг нь Б.Баяраа агсан. Гайхалтай
хоолойтой, хүнийхээ хувьд ч жинхэнэ мужик байлаа. Тэр жилийн цагаан
сараар бид хэд бие биенийхээр золгоод салснаас хойш түүнтэйгээ эргэж
уулзаагүй ээ. Мэдээж хэрэг, манай хамтлагт бас Монголын эстрад урлагт
маш том гарз тохиосон. Нэг хэсэгтээ л хамтлаг маань өм цөм оргиод хэцүү
байсан.

-Сайн бөмбөрчид сайн дуучин байх тохиолдол байдаг шүү дээ. Та дуулдаг уу?


Чингис хаан гартаа нөж атгаж мэндэлсэн бол Цоомоо гартаа цохиур атгаж
төрсөн гэж "Харанга"-ын Чука надад зориулж шүлэг бичсэн байсан.
Магадгүй шүү /инээв/. Гэхдээ энэ наргиа л даа. Бөмбөр бол миний аз
жаргал. Бөмбөр тоглох үедээ л би дэндүү гайхалтай аз жаргалыг мэдэрч
чаддаг. Бурхан хэрвээ надад сайхан хоолой заяасан бол би бөмбөрөө
цохиод л дуулах байсан байх. Ер нь бол дуулах гэж оролдож үзсэн,
барахгүй юм билээ. Оркейстерт удирдаач гэж байдаг шүү дээ. Тэгвэл амьд
хөгжмийн хамтлагийн удирдаач нь бөмбөрчин байдаг гэж би ойлгодог. Би
бөмбөрөөрөө л амжилт олж, бөмбөр минь надад амжилт, алдар нэр, амьдрал
бэлэглэсэн.

-Та одоо хэд дэх бөмбөр дээрээ тоглож байна?

-Би бөмбөрчин болсноосоо хойш гурван бөмбөр дээр л тоглож үзсэн. Анхных нь Японы "Тама". Дараагийнх нь "Ямаха", "Пирл" гээд л.

-Цохиур бол тоогоо алдаа биз дээ?

-Тэгэлгүй
яахав, тоогоо алдсан. Сайн цохиур бол гурав дөрвөн тоглолтыг тэсчихнэ
шүү. Харин сургалтын цохиур хоёр тоглолтыг давж чадахгүй л дээ.

-Дуучид, хөгжимчид дээр Монголын "номер нэг" гэж ирээд ярьдаг л даа. Та тийм "номер нэг" бөмбөрчин мөн үү?

-Монголын
бөмбөрчдийг номерлож, дугаарлаж болохгүй. Бөмбөрчин болгон өөр өөрийн
онцлогтой. Тиймээс өөрийнхөө тоглож байгаа урсгал бүртээ л нэг
номерийнх байж чаддаг гэж ойлгох хэрэгтэй.

-Бөмбөр тоглохдоо ярих юм байхгүй гэдгийг чинь хүлээн зөвшөөрч байна. Харин өөр хөгжим хэр тоглодог вэ?

-Өө, гитарыг орцны хэмжээнд л тоглоно доо. Бас төгөлдөр хуур бага зэрэг дарчихна аа.

-Та их даруухан хүн юм аа?

-Миний байгаа царай нь л энэ.

-"Харанга"-ын
Х.Лхагвасүрэнтэй таныг их ойр байсныг мэднэ. Найзынх нь хувьд, уран
бүтээлчийнх нь хувьд та түүнийг цөөн үгээр тодорхойлооч?

-Далаад
оны сүүлчээр "Соёл-Эрдэнэ"-тэй зэрэгцээд олон сайхан хамтлаг гарч
ирсэн. "Харанга", "Өргөө", "Айзам" гээд л. "Харанга" хамтлаг бол надтай
их ойрхон байдаг л даа. Ялангуяа Лхагватай их ойр, дотно байдаг. Мань
хүн тэнгэрээс заяасан гайхалтай хоолойтой хүн шүү дээ… Билэг танхай
уран бүтээлч гэх юм уу даа. Дууныхаа үгийг өөрөө бичнэ, яруу найрагт их
сонирхолтой. Хүнийх нь хувьд би түүнийг маш их хүндэлдэг. Их тусархуу
зантай. Рок поп урлагийг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр маш
өндөр гэдгийг онцолмоор байна. Ахархаж, ихэрхээд байхгүй, шинэ залуу
үеийг сэтгэлээсээ дэмждэг хүн шүү дээ. "Шар айраг", "Булсара"-г рок
попын ертөнцөд хөл тавихад нь маш их тусалж дэмжсэн. Хамгийн сүүлд "Сар
шиг холын нутаг" дуугаа манай "Соёл-Эрдэнэ"-тэй хамт дуулсан юм. Их
сайхан дуу болсон доо. Олон жилийн өмнө дуулсан дуу нь одоо ч гэсэн ХИТ
хэвээрээ байдаг нь түүнийг ямар уран бүтээлч вэ гэдгийг тодорхойлчих
болов уу.

-"Зуун дамжсан аялгуу" нэртэй таны
тоглолт их сайхан болсон. Үзэгчид ч сэтгэл хангалуун байсан шүү. Танд
тоглолт хийх санаа хэзээнээс төрсөн бэ?

-Уг нь хоёр, гурван
жилийн өмнөөс найз нөхөд маань тоглолт хийгээч гэсэн хүсэлт тавьсан юм.
Дан ганц бөмбөрөө цохиод нүдээд байлтай нь биш гээд би жаахан
цааргалаад байсан юм. Өнгөрсөн жил Жагаа маань тоглолтоо хийсэн. Түүний
өмнө Насаа уран бүтээлийн цэнгүүнээ толилуулсан. Тэгээд л намайг
тоглолтоо хийх хэрэгтэй гэж ярилцаад, он гарангуут л бэлтгэл ажилдаа
орсон. Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жилтэй өдрийг сонгож
тоглолтоо хийсэн юм. Тоглолт их сайхан болсон. Намайг дэмжсэн найз
нөхөд, дүү нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Ах нь нийтдээ 1500 орчим
дуу, 50-аад кинонд бөмбөр тоглосон байна.

-Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа тоглолтоо хийж байнаа гэсэн үг үү?

-Бараг л тийм гэх үү дээ.

-Өнөөгийн томчууд "Соёл-Эрдэнэ"-ийн тоглолтиыг их үздэг байсан байх даа?

-Тэр
үеийн залуусын шүтээн яах аргагүй "Соёл-Эрдэнэ" байсан. Одоогийн
Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэг телевизээр ярьж байхыг нь би сонссон юм
байна. Сурвалжлагч түүнээс таны сонсох дуртай хамтлаг чинь юу вэ гэж
асуухад, гадаадаас "Битлз", Монголоос "Соёл-Эрдэнэ" гэж хариулж байсан.
Ерөнхийлөгчийн сонсох дуртай хамтлагт тоглодогтоо тэгэхэд баярлаж л
байлаа.

-Халааг чинь авах шавиа бэлтгэж байна уу?

-Энэ
чинь миний хувьд том асуудал болчихоод байна. Бөмбөрийг багаасаа тоглож
сурах хэрэгтэй байдаг болохоор нэг гайгүй хүүхэд олоод авчих санаатай л
байгаа.

-Хүүхдүүдээс чинь бөмбөр тоглодог хүн бий юу?

-Нэг зээдээ л найдлага тавьж байгаа. Манай хүүхдүүд бөмбөр тоглодоггүй.

-Нээрээ таныг нэг подволкноос салдаггүй гэж найз нөхөд чинь хошигнодог юм билээ?
-Манай
нэг найз уржнан Германд явж байхдаа "Queen"-ий тоглолтыг үзсэн юм
билээ. Тэгээд л надад тэр подволкийг малгайтай нь авчирч өгсөн. Миний
шүтэж явдаг хамтлагийн маань подволк, малгайг бэлэглэсэн нь надад маш
том бэлэг болсон. Тоглолтынхоо үед би байнга л өмсдөг юм.

-Та ковбой гутал, жинсэн өмд, бүрх малгайгаар л их гоёдог шүү дээ. Ер нь костюм өмч байсан уу?

-Надад
хэд хэдэн костюм бий л дээ. Гэхдээ бараг өмсч үзээгүй шахуу. Миний
өмсдөг хувцсыг чи нэрлэчихлээ шүү дээ. Яагаад ч юм тэр хувцаснууддаа л
хайртай.

Ж.Нямсүрэн /2008 оны 3 сарын 19/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж