А.Долгор: “Бүүвэй тэнгэр ээжий” дуугаа гурван жил хадгалсан

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

А.Долгор: “Бүүвэй тэнгэр ээжий” дуугаа гурван жил хадгалсан

 Ардын
жүжигчин А.Долгор саяхан Архангай аймагт тоглолтоо хийгээд иржээ. Харин
одоо тэрээр "Бүүвэй тэнгэр ээжий" хэмээх бие даасан тоглолтоо энэ сарын
7-нд хийх гэж байгаа гэнэ. Уран бүтээлийн 19 дэх бие даасан тоглолтоо
толилуулах гэж буй түүнтэй ярилцлаа.

-Тоглолтоо "Бүүвэй тэнгэр ээжий" хэмээн нэрлэсний учрыг эхлээд сонирхмоор байна?
-"Бүүвэй
тэнгэр ээжий" хэмээх миний хамгийн хайртай дуу байдаг юм. Энэ уран
бүтээл гурван жил өмнө бэлэн болсон ч би дуугаа хайрлаад тэр бүр олны
өмнө дуулаагүй. Харин одоо л энэ сайхан дууныхаар нэрээр нэрлэсэн цомог
гаргаж байна. Дууны маань үг маш гоё болохоор энэ дуугаараа нэрлэсэн
юм. Энэ дуундаа клип хийлгээрэй, дэмжье гэсэн хүмүүс байгаа. Удахгүй
клиптэй болох байх. "Бүүвэй тэнгэр ээжий" дууны маань үгийг
З.Түмэнжаргал, аяыг нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн
Б.Шарав зохиосон. Энэ хоёр уран бүтээлчтэйгээ хамтран олон дуу хийсэн л
дээ, жишээлбэл "Монголын тал нутаг " гэхчлэн.

-"Хайр", "Бүүвэй тэнгэр ээжий" хэмээх хоёр цомгоо тоглолтынхоо үеэр бэлэглэнэ гэл үү?

Тийм ээ, үзэгчид хоёр цомгоос аль дуртайгаа сонгож авах боломжтой. Гэр
бүлийн хоёр байлаа гэхэд нэг нэгээр нь аваад сонсвол зүгээр байх болов
уу.

-Таны тоглолтыг хэн хөтлөх вэ, томчуудын нэг нь л байх гэж бодож байна?
-Миний
тоглолтыг Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч нар хөтлөн явуулна.
Ард олны хүндлэл хүлээсэн хоёр найрагч маань уран бүтээлээсээ
сонирхуулж, ээжийхээ тухай сайхан дурсамжуудаасаа хуваалцаж, харилцан
яриагаар тоглолтыг хөтлөх юм.

-"Бүүвэй тэнгэр ээжий" цомогт таны ээжийн тань дуулсан дуу байна лээ. Та ээжийнхээ тухай дурсамжаасаа хуваалцаач?
-Миний
ээж бол жирийн эмнэлэгийн ажилтан байсан. Ижий маань залуу насандаа
Сэргэлэн сумынхаа клубт "Учиртай гурван толгой" дуурийн Насалмаад дуулж
байлаа. Өвөө хуурч, эмээ уртын дуу дуулдаг байсан. Эмээгийн маань 86
настай байхдаа дуулж байсан дууны бичлэг одоо надад байдаг шүү. Аав бас
сайхан дуулна, манай эгч, дүү нар Соёлын тэргүүний ажилтан гээд
бүгдээрээ урлагийн хүмүүс дээ.

-Эмэгтэйчүүдийн баяраар авч байсан хамгийн сайхан бэлэгний талаар асуумаар байна?
-Мэдээж
бэлэг авах сайхан. Энэ том бэлэг өгчихлөө, тэр тийм бэлэг өгчихлөө гэх
юм байхгүй. Хүү маань цэцэг бариад, ижийдээ баяр хүргэх маш гоё. Ер
нь,юу ч байлаа гэсэн сэтгэлээсээ өгч байгаа бол бүх л бэлэг үнэ цэнэтэй
байдаг.

-Тэгвэл таны хань яаж баярлуулдаг вэ?
-Хань маань өглөө эрт босоод гарынхаа хоолыг хийж өгдөг. Удаан хийдэг ч маш амттай байдаг юм. Гэхдээ жилд ганц удаа л даа.

-Харин та цэргийн баяраар түүнийг яаж баярлуулдаг вэ?
-Үргэлж л "Би чамдаа хайртай" гэж хэлдэг. "Хайр" цомгоо гэхэд л би ханьдаа зориулж гаргасан.

-Танд ойрын хугацаанд гадаадад тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?
-Өнгөрсөн намар морин хуурын чуулгатай Япон улс руу явсан. Мөн ирэх намар Японд бие даасан сонгодог концертоо хийнэ.


Ч.Болортуяа /2008 оны 3 сарын 3/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж