Ж.Мөнхбат: Шударга үнэний төлөө хаана ч тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Шударга үнэний төлөө хаана ч тэмцэнэ

“Шинэ эхлэл” хөдөлгөөний санаачлагч Ж.Мөнхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Нийгмийн ард­чилал-Мон­голын за­луучуудын хол­бооноос зохион байгуулсан “Шударга ёс, эв нэгдлийн төлөө” цуглаан төлөвлөж байснаас тань арай эрт дуучихав уу, үгүй юү?

-Үгүй ээ, бид анхнаасаа цайны цагийн өмнө дуус­гахаар төлөвлөсөн. Яагаад гэвэл, одоо өвөл цаг. Гадаа хүйтэн байна. Хүмүүс энэ хүйтэнд нэг цагаас илүү зогсч чадахгүй л дээ.

-Асар сайн зохион байгуулсан бололтой?

-Ерөөсөө л өглөө 10 цаг 30 минутаас сэтгүүлчдэд мэ­дээлэл хийгээд  гадаа цаг 30 минут байхаар төлөвлөсөн. Ер нь энэ өвлийн хүйтэнд цаг 30 минут зогсох нь битгий хэл 30 минут зогсоод л бээрнэ.

-Гэхдээ жагсагчид бээр­сэнгүй шүү дээ?

-Ард түмэн маань шударга ёс, эв нэгдлийн төлөө 30 минут байтугай зогсдог юм байна. Ардын намын залуус энэ бүхний төлөө зогсдог гэдгийг бид харлаа. Өнөөдөр /нэгдүгээр сарын 24-нд/ 5000 гаруй хүн ирлээ.

-Энэ жагсаал өөрийн тань хувьд хэд дэх удаагийн жагсаал вэ?

-Тав дахь удаагийнх юмуу даа. Нэг жижиг жагсаалыг оруулбал зургаа дахь нь юм байна.

-Иймэрхүү ажил зохион байгуулахад таныг асар их туршлагатай гэж хэлж болох юм?

-Тэгж хэлээд хэрэггүй ээ. Харин нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Юуг тэр вэ?

-Монголын төрд өнөөдөр шантааж байна уу, байна. Бохир улс төр байна уу, байна. Энэ бүхнийг хаанаас эхэлж, цэвэрлэх ёстой юм бэ. Ардын нам төр барьж байгаа учраас эндээс л эхэлж цэвэрлэх хэрэгтэй. Ардын нам бусад намд үлгэр жишээ болдог. Тийм учраас эндээс л цэвэрлэх хэрэгтэй. Залуучууд ийм зорилгоор энэ ажлыг хийсэн. Би одоо 31 настай. Шударга үнэний төлөө бид хаана ч тэмцэнэ. Бид өөрсдийнхөө болон үеийнхнийхээ төлөө жагссан. Уг нь заавал гудамжинд жагсах хэрэггүй л дээ. Гол нь жагсахаас өөр арга алга.

-Хүсээгүй жагсаал руу тань хэн түлхээд байна гэж?

-Биднийг жагсахад хүр­гэсэн нь харамсалтай хэрэг. Энэ бүхэнд тэр  хүмүүс л буруутай.

 -Буруутан нь Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн тэргүүтнүүд үү?

-Тийм ээ. Өөрсдийнх нь төлөө таван төгрөг авалгүй сэтгэлээрээ ажиллаж байсан залуусыг доромжилж, дарамтлах эрх тэдэнд байхгүй. Бид Д.Тэрбишдагва гишүүн рүү муухай харах нь битгий хэл муу хэлж ч үзээгүй.

-Танай намын залуус “Бид та нарын төлөө үнэ хөлсгүй зүтгэж байсан” гэж хашгирах болж. Энэ чинь өөрөө өр нэхэх санаархал юм биш үү?

-Өр нэхээгүй ээ. Бид хэзээ ч мөнгө нэхээгүй. Албан тушаал, эрх мэдэл нэхээгүй. Зөвхөн тэднийг залуусаа ойлгодог байгаасай. Шударга, цэвэр ажиллаасай л гэж хүссэн. Тийм байхад “Ална шүү. Үнсэн товорго болгоно шүү” гэж хэлж болохгүй л дээ.

-Энэ үгийг хэн, хэзээ, хэнд хандаж хэлсэн юм бэ?

-Сонгинохайрхан дүүргийн на­мын дэргэдэх залуучуудын холбооны хурал саяхан болсон. Тэр хурлаар Д.Тэрбишдагва гишүүн өөрийнхөө хүнийг дүүргийн НАМЗХ-ны тэргүүнээр тавих гэхэд нь олонхийн саналаар өөр хүнийг сонгосон юм билээ. Тэгсэн чинь л Д.Тэрбишдагва гишүүн манай Л.Оюун-Эрдэнэ, Б.Баярмагнай хоёр руу утасдаад “Ална шүү, бацаанууд аа. Танай залуучуудын холбооныхныг бүгдийг нь ална шүү” гэсэн байсан. Тэгж болохгүй л дээ.

-Баримт нь байгаа юм уу?

-Бид шинэ үеийн залуус. Ийм зүйл дээр худлаа ярих шаардлага бидэнд байхгүй. Би хувьдаа зөв зүйл, итгэл үнэмшлийнхээ төлөө хэрэгтэй үед нь бүр зодолдож ч чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

-Өчигдрийн сонинуудад нийтлэгдсэн У.Хүрэлсүх даргын ярилцлагад “Бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж, алтан амиа зориулж байгуулсан Ардын намыг, түүний олон зуун мянган гишүүдийг улс төрийн хэн нэгэн луйварчин, шантаажчин улстөрчдөд доромжлуулахгүй гэдгээ эр хүний ёсоор хэлчихье” гэсэн өгүүлбэр байна. Өөрөө бас иймэрхүү утгатай үг хэлэх бололтой?

-Зөв шүү дээ. Эр хүн итгэл үнэмшлийнхээ төлөө гар зөрүүлэх тохиолдол бол байх л зүйл. Өнөөдөр ганц, хоёр шанаа авсныхаа төлөө гонгиноод байх хэрэггүй шүү дээ. Тэгээд ч хүн өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн төлөө явах л хэрэгтэй. Би албан тушаал гуйж яваагүй. Ардын намаас мөнгө авч үзээгүй. Би зөвхөн итгэл үнэмшлийнхээ төлөө л энд зогсч байгаа. Гэхдээ энэ холбооны ард 90 мянган залуу бий. Жагсаалд Дархан, Эрдэнэтээс өөрсдийн зардлаар ирсэн залуус оролцсон. Бид бүгдээрээ сэтгэлээрээ оролцсон. Тэгэхэд энэ намын буянаар сэнтий бүрт нь сууж, сэтэр бүхнийг нь зүүсэн хүн өөрийн мэдлийн хэвлэлээр намаа доромжлуулж болохгүй байхгүй юу. Бид анх намыг доромжлоход ах нар хоорондоо учраа ололцоно биз л гэж бодсон. Гэтэл өнөөдөр тэд залуус руу дайрч байна. Энд нэг зүйлийг хэлэхэд энд нэр дурьдагдаж байгаа хүмүүсийн явуулгаар залуус өөр хоорондоо зөрчилдөж, хагаралдсан түүх бий гэдгийг сануулчихъя. Н.Энхбаяр дарга 1998 онд залуучуудын холбоог хоёр хувааж хагалсан. Дараа нь 2004 онд өөрт нь таалагдсангүй, эхнэрийг минь шүүмжиллээ гээд “Улаан сарнай” хөдөлгөөн байгуулж хагалсан. Нэг үеийн залуус өөрөөс нь болж өнөөдөр хүртэл ойлголцож чадахгүй л явж байна. Ганц хүний эрх ашиг гэдэг ийм том байх ёстой юм уу. Улс орныхоо төлөө, нэг үеийнхнийхээ гэсэн эрх ашиг байгаа юм бол тэр бүхний төлөө эвдрэлцэж болж байгаа байхгүй юу. Түүнээс бус нэг хүний төлөө эвдрэлцэнэ гэж байхгүй. Өнөөдөр цаг үе өөр болсон. Арван жилийн өмнөх он жил биш шүү дээ. Залуус цаг үеэ, хүнээ таньчихсан байхад ингэж болохгүй. Намд асуудал үүсмэгц “Элсний 13” энэ тэр гэсэн хэсэг бусаг юмнууд гаргаад ирнэ. Тэр хүмүүс нь ч бэлэн байж л байдаг. Ийм байж болохгүй.

-Д.Тэрбишдагва гишүүний тухайд заналхийлсэн гэж бурууддаг байж. Харин  Ц.Даваасүрэн гишүүнд яагаад ингэж их аллергитаад байгаа юм бэ?

-Ц.Даваасүрэн шантааж хийсэн. Жигүүрийн ерөнхий зохицуулагч байхдаа сайд болно гээд л явж байсан. Гэвч өөрийг нь сайд болгосонгүй. Удирдах зөвлөлд оруулсангүй. Байнгын хорооны даргаар үлдээсэнгүй гэсэндээ л эсрэг зүйл ярьж эхэлсэн. Энэ хүмүүсийн талаар ярих зүйл бидэнд хангалттай их бий. Ц.Даваасүрэн энэ намын төлөө яг үнэндээ юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй л байхгүй юу. Би сүүлийн 11 жил энэ намын төлөө зүтгэсэн. Би л хувьдаа энэ 11 жилийн хугацаанд тэр хүнийг мэдэхгүй юм байна. Нам хүнд хэцүү байхад Ц.Даваасүрэн хэзээ ирж байсан юм бэ. Тэгсэн хэрнээ энэ намын тус дэм, дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон.

-Энэ чинь танай намын алдаа шүү дээ. Яах гэж хэн ч биш хүнийг өөрсдөө алган дээрээ өргөсөн юм бэ. Энэ чинь та бүхний дотооддоо ярих асуудал юм биш үү?

-Тийм ээ. Наадах чинь харин асуудал шүү. Манай намд ийм алдаа бий учраас бид засч, цэвэрлэхийн төлөө тэмцэж байгаа юм. Хэрвээ шаардлагатай бол тэд явах хэрэгтэй. Залуучуудаа “Ална, тална” гэж дарамталж, шантаажлах эрх тэдэнд байхгүй. Баахан өөр намын хүмүүстэй нэгдэж, улс төрийн тэмцэл хийгээд л. Тэгж болохгүй. С.Молор-Эрдэнэ ярилцлагадаа хэлсэн л байна лээ шүү дээ.

-Манай сонин дээр гарсан ярилцлагаар улс төр хийгээд байгаа юм уу?

-Шууд хэлсэн байна лээ ш дээ. Онц их хурлаа хийснээр би даалгавраа биелүүлнэ гээд л. Тэр хүн хэний даалгаврыг биелүүлээд байгаа юм бэ. Н.Энхбаяртай өдөр болгон уулздаг гэсэн байсан. Онц их хурлынхаа талаар, МАХН-ын түр штабын талаар ч байнга ярилцдаг ч гэх шиг. Тийм муухай юм хийж байгаа хүнийг шууд явуулах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын үйлдлийг С.Молор-Эрдэнэ докторын ярилцлагаар нотлох баримт болгож байгаа хэрэг үү?

-Тийм. Бас өөрийнх нь мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд байна. Нотлох баримт хангалттай олон байна. Ёстой нөгөө хормойд нь салхи орчихсон хүүхнийг явуулах хэрэгтэй гэдэг шиг сэтгэлд нь салхи орчихсон улстөрчдийг явуулах хэрэгтэй байхгүй юу. Явна гэдгээрээ айлгаад аргадуулж гуйлгах гээд байгаа юм уу, хаашаа юм. Албан тушаал авах гээд байгаа юм уу. Ийм муухай зуршлаа болих хэрэгтэй.

-Тэгвэл өөрийн тань хувьд чимээгүй байж байснаа жагсаал гэхээр л яагаад гэнэт онцгойрч, тодроод ирдэг юм бэ?

-Зүй бус зүйлийн төлөө үгээ хэлэхийн тулд зогсдог.

-Олон жил уясан морьд наадам дөхөхөөр уяан дээрээ дүүхэлзээд байдаг гэдэг шиг өөрөө жагсаал болохоор чиргүүл дээр гарч, чанга яригчаар хашгираад эхлэх юм?

-Монгол Улс ардчилсан улс биз дээ. Би үгээ л хэлдэг. Сэтгэл хөдөлсөндөө биш ш дээ. Гол нь миний үеийнхэн шударга ёс, итгэл үнэмшлийн төлөө хамтдаа явах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор эдэнтэйгээ нэгдмэл байх нь миний үүрэг. Би залуу хүн. Цэвэр орчинд ажиллаж амьдармаар байна. Түүнээс бус жагсах дуртайдаа жагсаад байгаа хэрэг биш шүү дээ.

-Анх жагсаал хийх шийдвэрээ хэзээ гаргасан юм бэ. Чамгүй их бэлтгэл хийсэн бололтой харагдаж байсан?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт.

-Жагсаал болох өглөө нь Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн ярилцлага хоёр, гурван сонинд гарсан байсан. Та нар тэр ярилцлагын үгийг ерөнхийд нь давтаж хэлээд байх шиг санагдсан?

-Би одоо хүртэл У.Хүрэлсүх даргын ярилцлагыг уншиж амжаагүй байна. Тийм болохоор давтсан энэ, тэр тухайд хэлэх юм алга. Миний хувьд хүний зааж өгсөн үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Би өөрийнхөөрөө л ярьдаг. Хэлэх үгээ хэнээр ч заалгахгүй. Ер нь бол нэг намын хүмүүс адилхан байр суурьтай байж болно шүү дээ.

-Тэгвэл намын удирдлагаас өөр байр суурьтай байгаа эсрэг талын нөхдийг “намнах”-ын тулд залуучууд жагсаалд “морддог” энэ хэв маягийг дахин, дахин давтах шаардлага нь юу юм бэ?

-Энэ удаагийн жагсаал бол харин ч анх удаагийнх шүү. Яагаад гэхээр өмнө нь бид өөр зүйл дээр жагсч байсан. Өөр намын эсрэг, иргэний хөдөлгөөнүүдийн эсрэг жагсч байсан. Харин энэ удаад Монгол Ардын нам гэдгийг дандаа дарга, сайд нарын нам биш гэдгийг харуулахын төлөө жагссан. Энэ намд олон мянган залуус бий. Тэд ирээдүйд энэ намыг удирдана. Бид цаг нь ирэхээр цэвэр нам авмаар байна. Улс төрийн цэвэр орчинд өөрөөр амьдармаар байна. Яагаад заавал Монголын улс төр бохир заваан байх ёстой юм. Тийм биз дээ.

-Өөрсдийнхөө суудлыг засахын тулд гэсэн үг үү?

-Суудал засах хэлбэр гэж хэлж болохгүй л дээ. Бид цэвэр орчныг хүссэн. Энэ бол төгсгөл биш. Энэ бол эхлэл. Монгол Ардын нам XXVI их хурлаараа ууган нэрээ сэргээж, үзэл баримтлалдаа тодотгол хийсэн. Одоо идээ бээрээ шахах хэрэгтэй. Үүний төлөө бид тэмцэнэ. Энэ нь бидний намдаа оруулж байгаа хувь нэмэр. Намаараа дамжуулж, нийгэмд оруулах тус.

-Та нар Д.Тэрбишдагвыг “Ална шүү” гэж хэлсэнд эмзэглэдэг юм байж. Тэгвэл яагаад У.Хүрэлсүх даргад бусдыг “Ална шүү” гэж дарамтлах эрх байгаа юм уу. Яагаад эсрэг саналтай гишүүд энэ үгэнд та бүхэн шиг эмзэглэж болохгүй байгаа юм бэ. Энэ чинь шударга биш шүү дээ?

-Тэгж хэлсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Би тэр үед Архангай аймагт явж байсан. Үнэхээр тэгж хэлсэн бол тэд өөрсдөө гомдлоо гаргана биз. Тэр бол бидний асуудал биш. Биднийг “Ална шүү. Та нар юу юм бэ” гэж хэлж байхад бид зүгээр доромжлуулна гэж байхгүй.

-Магадгүй энэ гомдлыг Монгол Ардын намын залуусыг түлхэх хүч  болсон гэж дүгнэж болох л юм?

-Яаж дүгнэх нь бусдын асуудал. Бид саналаа л хэлсэн. Шантаажны улс төр, албан тушаалын наймаа, хээл хахуулийг таслахын төлөө л тэмцэнэ. Тэр муу муухайг бий болгож байгаа хүмүүсийн оронд гарч ирээд ажиллах олон мянган чадварлаг залуус манай намд бий. Тэднийг дэмжих хэрэгтэй. Энэ байр суурь яагаад буруу гэж.

-Та нарын байгаа чиглүүлээд байгаа хүмүүс намаас гарлаа гээд Ардын нам сайн сайхан болж чадах уу?

-Ямар ч байсан авлигач, шантаажлагч, хорлон үймүүлэгч нэг ч гэсэн хүн явж л байвал ганц ч гэсэн муу зүйл арилах байлгүй дээ.

-Энэ ярилцлагыг У.Хүрэлсүх даргын үүдний өрөөнд авч байна. Өөрөө жагсаалыг цэвэр залуусын зохион байгуулалт гэж байгаа ч жагсаал тарсан даруйд У.Хүрэлсүх даргын өрөөнд сууж буйгаас тань үүдээд ерөнхий зохион байгуулагчийг нь нэрлэхэд нэг их асуудалгүй юм биш үү?

-Жагсаал дуусаад намын Удирдах зөвлөлд шаардах бичиг гардуулсан. Сая энд У.Хүрэлсүх дарга биднийг хүлээн авч уулзсан. Тэгээд “Шаардлагыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ. Заасан хугацаанд хариуг чинь өгнө. Ер нь бол Монгол Ардын намд шударга ёс тогтоох, эв нэгдлээ хамгаалах цаг болсон. Залуучуудтайгаа би санал нэг байна” гэж хэлсэн.

-Бараг л “Хамтдаа тэмцье” гэж хэлсэн бололтой. Тийм үү?

-Санал нэг байна л гэсэн. Хамтдаа тэмцье гэж яг хэлсэнгүй ээ.

-Ерөнхий  утгаар нь “Хамтдаа” л гэсэн үг биз дээ?

-Тэгж ойлгож болно. Цаашдаа Монгол Ардын намд байгаа шударга бус зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлье.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж