Ш.Лхамноржмаа: Би хуц л гэж хэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Ш.Лхамноржмаа: Би хуц л гэж хэлнэ

 "Хэрвээ" булангийн маань ээлжит зочноор "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа уригдлаа

-Хэрвээ та мод байсан бол?
-Би
ёстой энэ талаар бодож байгаагүй юм байна. Ямар мод байх байсан болоо
гээд бодоод үзье л дээ, яахав. Би ер нь гацуур л байх байсан болов уу.
Үргэлж мөнх ногооноороо байдаг гацуур мод надад их таалагддаг юм. Өвөл,
зун, хавар намаргүй нов ногооноороо байх гацуур мод л байх байсан гэж
бодож байна.

-Хэрвээ Лхамаа Ерөнхийлөгч ч юм уу эрх мэдэлтэй хэн нэгэн байсан бол юу хиймээр байна?
-Өө,
их олон юм хиймээр байна шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь би хэл соёл,
үндэс угсаагаа хамгаалах талаар олон ажил хийх байх. Ерөнхийлөгчийнхөө
эрх мэдлийн хүрээнд охид хүүхнүүдээ хамгаалах, язгуур соёлоо дээлэх
талаар маш ихийг хийнэ.

-Хэрвээ эр хүн байсан бол?
-Мундаг жудагтай "мужик" байх байсан. Одооны эрчүүдэд жудаг гэдэг юм алга юм шиг санагдаад байдаг юм.

-Та өөрөө жаахан эршүүд талдаа?
-Яруу
найрагч хүүхнүүдэд байдаг нэг түгээмэл зан даа. Хэлэх гэснээ хэнээс ч
айлгүй хэлчихдэг, эрчүүдтэй энгийн сайхан нөхөрлөчихнө, элдэв, шалдав
маяг байхгүй.

-Хэрвээ та шүлэг бичдэггүй байсан бол?
-Бусад хүмүүсийн адил бусдын шүлэгнээс кайф аваад л явж байх байсан. Шүлэгч, яруу найрагч найз нар олонтой л явах байлаа.

-Хэрвээ таны шүлэг бичих эрхийг чинь хорьж, цагдаад байвал яах вэ. Яг Р.Чойном шиг?
-Бичихийг
л хичээх байх, яаж ийгээд. Гэхдээ одоо бол социалист нийгмийн үе шиг
тийм зүйл болохгүй байх. Ардчиллын нэг буян энэ шүү дээ, хө. Хүн бичих
зүйлээ, бичиж, туурвих зүйлээ хэнээс, юунаас ч айлгүй туурвих тийм
сайхан цагт амьдарч байгаадаа баярлаж байна.

-Хэрвээ таны хийх дургүй зүйлийг хийлгэх гээд байвал яах вэ?
-Хуц гэж хэлнэ дээ.

-Хэрвээ Лхамаа, энэ жил "Болор цом" аваагүй байсан бол яах вэ?
-Яах ч үгүй, шүлгээ бичээд явах байсан. "Болор цом" авлаа гээд надад ямар нэгэн өөрчлөлт ороогүй л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж