П.Хэрлэн: Өнгөрсөн амьдралаа бодоод би хэзээ ч харамсч байгаагүй. Харамсах ч үгүй.

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

П.Хэрлэн: Өнгөрсөн амьдралаа бодоод би хэзээ ч харамсч байгаагүй. Харамсах ч үгүй.

П.Хэрлэн: Өнгөрсөн амьдралаа бодоод би хэзээ ч харамсч байгаагүй. Харамсах ч үгүй.
Монголд дэндүү олон дуучид бий. Гэхдээ чадалтай хоолойтой нь хуруу дарам цөөн. "Харанга"-ын Х.Лхагвасүрэн, дуучин Ж.Дашдондог тэгээд "Элькондор"-ын П.Хэрлэн. Ерээд онд рок, попын ертөнцөд хөл тавьж байсан тэр залуу бага зэрэг өөрчлөгджээ. Урт үсээ тайруулж, намба суусан санагдав. Гэхдээ
түүний даруу зан л хэвээрээ

-Та нэг хэсэг "усанд хаясан чулуу" шиг алга болчихсон. Хэрлэн хаана байна гэж хүмүүс сураглаад л. Гэтэл гэнэт гараад ирсэн. Хаагуур, юу хийж байв даа?

-Монголдоо л. "Харанга"-ын Лхагваа ахын дуулдаг шиг зөвхөн Монголдоо л амьдарч байлаа. Хүмүүс намайг гадагшаа явчихсан юм уу гэж асуудаг гэсэн. Би чив чимээгүй, алга болчихоогүй л юмсан уг нь. Зүгээр суугаагүй, хийдэг юм аа хийгээд л, уран бүтээлээ туурвиад л явж байна. Хүмүүст уран бүтээл хийхэд нь туслаад л. "New star" студид, залуу дуучдын уран бүтээл дээр чадах ядахаараа л тусалж, дэмжээд л явлаа. Монголдоо нам гүмхэн анир чимээгүй, өөрийнхөөрөө, өөрийнхөө хүссэнээр амьдарч байна. Хувийн уран бүтээл туурвих тал дээр завсарлага авсан нь үнэн. Тэр болгон тайзнаа гарч дуулсангүй, арын албанд зүтгэлээ. Гадагшаа явах боломж надад гарч ирсэн л дээ. Харамсалтай нь, нэг томоохон албан тушаалтан надад том саад болсон юм. Хэн нэгний хойно, урд гарч гүйж чаддаггүй болохоороо гадагшаа явж чадаагүй дээ, тэгээд.

-"Элькондор" хамтлагийнхан нэг л өдөр тарцгаасан. Тухайн үед та нарыг хоорондоо муудалцсан энэ тэр гэж ярьдаг л байлаа?

-"Элькондор" хамтлаг тарсан. Тэр бол тухайн цаг үеийн шийдвэр, болсон явдал. Өнөөдөр би ингэсэн, тэгсэн гэж илүү, дутуу зүйл яриад ч яахав. Тэр хамтлаг өнгөрсөн цаг үетэйгээ үлдсэн. Бид бүгдээрээ "солист" дуучид байсан юм билээ. Түүнийгээ ойлгоод л тус тусынхаа уран бүтээлийг хөөцгөөсөн юм. Бүгдээрээ л ганцаарчилсан уран бүтээл туурвиж тайзнаа гарч ирсэн болохоор "boy" байдал бидэнд тохирохгүй гэдгээ ойлгосон доо. Гэхдээ бид хүмүүсийн яриад байдаг шиг муудалцаж, сөргөлдсөн юм байхгүй. Сайхан найзууд, сайхан хамт олон байсан гэдгийг л би хэлж чадна. Яахав, жаахан задгайрч, найзгайрсан асуудал бол бий, юуг нь нуух вэ.

-Таныг хүмүүс чадалтай хоолойтой гэдэг. Гэтэл та яагаад дуулахаа больчихсон юм бэ. Эдийн засгийн хүндрэлтэй тулгарав уу, эсвэл дуулахыг хүсэхгүй байна уу?

-Тэгж байгаад дуулна аа. Дуулах хүсэлгүйдээ ч юм уу, эсвэл эдийн засгийн асуудалтай тулгараад дуулахаа больчихсон юм биш. Яагаад ч юм би өөрийн уран бүтээл дээр анхаарахаасаа илүү бусдын уран бүтээл дээр л ажиллах болсон. Тайзан дээр дуулалгүй их удсан. Тэглээ гээд гутарч, гуниад явсангүй. Хүмүүст хэлэхэд, би урлагийн ертөнцөөс гараад явчихаагүй шүү дээ. Урлагийн гал тогоондоо л чанагдаад явж байна. Хийдгээ хийж, туурвидгаа туурвиад л амьдарч байна даа. Урлаг миний амьдрал. Миний хоолоо олж идэх нэг "зэвсэг" маань болохоор тайзнаа гарч дуулаагүй ч гэсэн би Монголын урлагийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Хүмүүст тусалж, түүнээсээ кайф авах сайхан шүү дээ. Уран бүтээл туурвихдаа надтай хамтарсан, намайг чадна гэж итгэсэн найз нөхөд, дуучиддаа баярлаж явдгаа хэлмээр байна.

-Сэтгэл санаагаар унасан уу яасан, та нэг хэсэг "балгаад" л байгаа сураг дуулдсан?

-Ний нуугүй хэлэхэд тийм явдал байсан. Сэтгэл санаагаар унаад түүнээсээ болоод балгасан юм биш л дээ. Уудаггүй хүн гэж байдаггүй шүү дээ. Магадгүй би хэтэрхий назгайрсан байх. Би өөрөө өөрийгөө ч танихгүй нэг хачин обьект болж хувирсан даа. Бүх хяналтаа алдсан байсан. Үүнийг зөвөөр ойлгоорой. Огтхон ч алддаггүй хүн гэж байдаг л байх. Гэхдээ ийм хүмүүс тун цөөхөн болов уу. Би уудаг байсан нь үнэн. Хамгийн гол нь ухаарч чадсан маань том ололт гэж бодож байна. Алдаан дээрээ хүн суралцдаг гээ биз дээ. Хэрлэн яаж явна, ямар амьдарч байна гэсэн хэрэгт дуртай хүмүүст би илүү олзлогдсон биз дээ. Тиймдээ ч Хэрлэн архинд орчихож гэж нэг хэсэг ярьсан байх. Уучлаарай , би өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Өнгөрсөн амьдралаа бодоод би хэзээ ч харамсч байгаагүй. Харамсах ч үгүй. Хүн ер нь бурхнаас заяасан замаар л явдаг гэдэг биз дээ. Миний туулах ёстой зам, амсах ёстой тавилан байсан юм байлгүй.

-"Жигүүр Гранд"-ын Д.Баттөр та хоёр сүүлийн үед уран бүтээлийн тал дээр хамтран ажиллаж байгаа. Нууц биш бол тэр танд ямар санал тавьсан бэ?

-Монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэж ярьдаг шүү дээ. Би дотроо бэлэгшээж л байгаа. Хүмүүс Д.Баттөр Хэрлэнд том юм амласан гэж ярьж байна гэнэ лээ. Бид хоёрын хооронд маш том хариуцлагын асуудал яригдсан. Бас маш том ажил яригдсан. "Гранд" хамтлагийн продюссер Д.Баттөрийг би их үнэлж байгаа. Урлагт элэгтэй, урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа энэ хүнтэй хамтарч ажиллахад надад сайхан байна. Энэ хүн надад итгэсэн. Би ч тэр хүнд итгэсэн. Уран бүтээл хийх эрч хүчээр сэлбэгдсэн гэж бодож байгаа шүү. Тэгэхээр Хэрлэн өнөөдөр урьдынхаасаа илүү ажиллах ёстой, илүү хариуцлагатай байх ёстой гэдгээ л мэдэж байна.

– "Морин хуур" наадамд та Д.Баттөрийн дуугаар оролцсон байх аа?

-Тэгсэн. Мэргэжлийн дуулаачдын "Морин хуур" наадамд оролцоод би маш их сэтгэлийн кайф авсан. Мэргэжлийн гэх тайзан дээр би 12 жил гараагүй байсан. Тиймдээ ч тэрүү сэтгэл их хөдөлсөн. Д.Баттөрийн үг, ая "Анд минь чамайг үгүйлэх нь" дуугаар оролцсон юм. Их ч сайхан дуу болсон гэж боддог. Энэ дууг дуулж бусдад ч кайф өгөхийг хүсч байна. Ер нь тэгээд цаашдаа "Гранд" хамтлагтайгаа уран бүтээл туурвих байх. Өмнөх шигээ ганцаараа биш нэг багтай хамтарч ажиллаж байгаа болохоор асар их хариуцлага, үүрэг хүлээх ёстой. Ер нь хариуцлага гэдэг хувь болоод хувьсгалын амьдралд байх ёстой зүйл, нэн түрүүнд шаардагдах зүйл юм байна гэдгийг би их сайн мэдэрсэн гэх үү дээ. Хариуцлагагүйгээр ажил урагшилдаггүй юм билээ.

-Та "Морин хуур" наадамд оролцоод кайф авсан гэлээ. Өөр юунаас уран бүтээл туурвих эрч хүчийг авдаг вэ?

-Өөрөөсөө, сэтгэлээсээ, амьдралаас эрч хүч авдаг. Хүний баяр гуниг бүхэн хүнд уран бүтээлийн эрч хүч өгч байдаг юм. Хүний сэтгэл дотор ямар нэгэн аялгуу үргэлж эгшиглэж байдаг гэж боддог. Тэр аялгуу хэзээ ч ямар ч хэлбэрээр илэрч болно.

-Та өөрийнхөө уран бүтээлд түлхүү анхаардаг байжээ гэж харамсдаг уу. Магадгүй та жаахан "амбиц" хөөцөлдсөн бол өнөөдрийнхөөсөө илүү өндөрлөгт хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ?

-Би өнөөдрөөрөө, өөрийнхөөрөө л амьдрах дуртай. Хүнээс илүү гарахгүй ч хүнээс дутахгүй амьдарч яваадаа би жаргалтай байдаг. Хэрвээ би тэгсэн бол, ингэх байсан гэж хэзээ ч эргэлздэггүй. Хүний амьдрал явах ёстой замаараа л явах ёстой. Хүнээс илүү амьдрах гэж хичээсэнгүй дээ. Харин мэдлэг хүрэхгүй байх вий, хүнд гологдох зүйл хийх вий гэдгээс л эмээж явдаг юм. "Амбиц" хөөцөлддөг хүмүүс байдаг л юм билээ. "Сонинд дөрөв гараад зурагтаар хоёр гарчихвал од болчихдог юм" гэж бид хэн нэгнийгээ шоглодог байсан. Надад сонинд, зурагтаар ч гарах шаардлага байгаагүй. Би угаасаа л бусадтай барьцаж, бусдад атаархаж сураагүй хүн дээ. Хүн байгаадаа, өөртөө сэтгэл ханажтай байх ёстой байх.

-Хэзээ нэгэн цагт та дахиад "Элькондор"-ынхонтой хамтарч дуулах болов уу?

-Би бол, үгүй л байх гэж бодож байна. Энэ бол тодорхой цаг хугацаанд үлдсэн асуудал. Тэгээд л гүйцээ.

-Та нар уулздаг юм байгаа биз дээ?

-Уулзалгүй яахав. Баяр ёслол, энэ тэр гээд л уулздаг л юм . Одоо ч бид сайхан найзууд хэвээрээ шүү дээ.

-Ерээд оныхны "Эргэн дурсахуй" тоглолтыг ахин тоглох гэж байгаа гэсэн. Та энэ тоглолтод яагаад оролцоогүй юм бэ?

-Би эргэн дурсагдахаар юм хийгээгүй юм байлгүй дээ. Тэгэхээр өнөөдрөөс л эргэн дурсагдахаар юм хийхээс. Тийм урам зоригтой байгаа шүү.

-Нээрээ таныг дунд сургуульд байхдаа огт дуулдаггүй байсан гэж сонссон. Гэнэтхэн нэг өдөр л дуучин болохоор шийдчихсэн гэдэг байх аа?

-Би дунд сургуулийн сурагч байхдаа огт дуулдаггүй байсан нь үнэн. Гэтэл нэг өдөр би "Эстрадын дуу дуулаачдын уралдаан" болох гэнэ гэж сонсоод л гүйгээд оччихсон. Их инээдтэй, жаахан хүүхэд байсан болохоор тэр байсан байх л даа. Өөрийнхөө зохиосон дуугаар оролцсон юм. Өөрийн зохиосон гэж хэлэхээс одоо ичдэг л дээ. Түүнээс хойш дуулах хоббитой болчихсон хэрэг.

-Та угийн махлаг хүүхэд байсан уу?

-Харин тийм ээ, багын махлаг хүүхэд байсан. Одоо ч унаган махаа гээхгүй л явж байна.

-Хэзээ бие даасан тоглолтоо хийх гэж байна?

-Одоохондоо бие даасан уран бүтээлийн тоглолт хийхгүй байх аа. Харин "Гранд" хамтлагтайгаа тоглолт хийх нь ойлгомжтой.

-Яагаад та бие даасан уран бүтээл хийх цаг нь болоогүй гэж бодож байгаа юм бэ. Нийтийн дуучид жил өнжихгүй л тоглолт хийх юм байна шүү дээ?

-Нийтийн дуучид гэснээс тэр талаарх би өөрийн бодлоо хэлмээр байна. Нийтийн дуучдыг муулах хэрэггүй. Монголын урлагийн ертөнцөд нийтийн дуучид тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Ер нь бол Монголын урлаг явах ёстой гольдролоороо л явж байна.

-Рок, попынхон нийтийн дууныханд байр сууриа алдаад байгаа нь нууц биш шүү дээ?

-Эстрадын урлаг хөгжиж байгаа. Харьцангуй соёлтой, үзэгчиддээ амьд дуу хоолой, чанартай бүтээл хүргэхийг хүсдэг болсон. Шинэ үеийн эстрад урлаг, модерн чиглэлийг щ хөгжүүлэхийн тулд ахмадууд маань ихийг хийсэн. Тэд эстрад урлагийн суурийг ганхахгүйгээр тавьсан байгаа. Харин ямар барилга барих вэ гэдгийг л бидний үеийнхэн, бидний доод үеийнхэн шийдэх болов уу. Би бусдыг шүүмжлэхээсээ илүү урам өгөхийг хүсдэг. Нийтийн дуучид, эстрадынхан бүгд л Монголын урлагийг хөгжүүлэхийн төлөө л зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэг нэгийгээ өөлөөд, гоочлоод байх хэрэггүй болов уу.

-Сүүлийн үед гарч ирж байгаа дуучдаас хэнийг үнэлж байна?
-Миний хувьд "Булсара" хамтлаг их таалагддаг. Бас "Салхи" хамтлаг байна. Өөрсдийнхөөрөө, байгаа шигээ маш гоё дуулдаг залуус. Аа тийм, Маралжингоо гэл үү, тэр охин их гоё, дотортой дуулдаг юм билээ. Тэгээд мэдээж, манай "Харанга"-ын "хар азарга" байна. Х.Лхагвасүрэн бол Монголд зуун жилд ганц удаа л төрөх дуучин. Уг нь монголчууд тийм авьяастнуудаа хүндэлж, хайрламаар байх юм. Сараа, Ариунаа хоёр маань байна. Энэ хоёрыг давж гарах дуучин одоогоор алга байна шүү дээ, манай залуу үе дотор.

-Халтуур хэр их хийж байна?

-Өө, би халтуур хийж чаддаггүй.

-Албан байгууллагын баяр ёслолд уригдахгүй байна гэж үү?

-Үгүй, халтуур гэдэг ойлголт надаас хол байдаг юм шиг байна лээ. Нэг их хүмүүс урьдаг ч үгүй юм, би уриулах гээд гүйгээд байдаггүй. Тэгж байгаад би нам гүм амьдралд их дуртай юм шиг байгаа юм.

-Та имижээ өөрчилчихсөн байх шив дээ. Өмнө нь үсээ урт ургуулчихсан явдаг байсан шүү дээ?

-Нэг хэсэг би үсээ урт ургуулах сонирхолтой байлаа. Өөрт маань их гоё санагддаг байсан юм болов уу. Үсээ тайруулчихсан чинь толгой хөнгөрөөд л явчихсан. Хүзүү рүү дараад байхгүй их амар болсон. Миний үс ер нь их амархан ургадаг юм.

-Яг одоо та юу мөрөөдөж байна?

-Хүн юм чинь мөрөөдөлгүй яахав. Гэхдээ түүнийгээ хэлээд хэрэггүй биз дээ. Миний мөрөөдөл надтай хамт л байг. Хамгийн гол нь хийж байгаа зүйлээ хүнд хүртэл хийх хэрэгтэй байх. Хүний ажлыг сэтгэлд хүртэл хийж өгөх ёстой гэж боддог юм.

-Таныг анзаараад байх нь ээ тамхи их татах юм аа?

-Ер нь бол тамхийг татна шүү. Ажил, ихтэй ачаалалтай үед бүр их татаад байх шиг санагддаг юм. Тамхи хортой л гээд байна. Гэхдээ ажлаа хийж дуусчихаад тамхи татах кайфтай шүү дээ. Аль эсвэл ажил ихтэй үед нэг тамхи татчихаар нэг сайхан хоол идчихсэн юм шиг ядаргаа тайлагдчихдаг юм. Тэгэхээр тамхи бас ашигтай зүйл юм шигээ. /инээв/

2008 оны 2 сарын 28

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж