Н.Жанцанноров: Монголчууд бид оюун санааны гүн хордлогонд орчихсон явна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Н.Жанцанноров: Монголчууд бид оюун санааны гүн хордлогонд орчихсон явна

Н.Жанцанноров: Монголчууд бид оюун санааны гүн хордлогонд орчихсон явна
Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой ярилцлаа. Түүнтэй хөгжим, уран бүтээл ярьсангүй.   

-Таны хувьд шинэ жил сайхан гарав уу?

-Сайхан гарлаа, дажгүй.

-Ер нь “сайн, сайхан” гэдэг бол монголчуудын амны билэг юм. Ачир дээрээ сая оны зааг дээр 11 хүн архинд хордож эмгэнэлтэй явдал боллоо?

-Их харамсалтай, тун таагүй явдал. Гэнэт л, бөөнөөр нь 14 хүний амь аваад явчихсан болохоос биш, ийм байдал үнэн чанартаа аль эрт бий болчихсон байсан. Миний бие энэ тухай олон жил ярьж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаныханд ганц нэг санаа оноо хэлж байсан. Энэ үйл явдалд  тийм албан тушаалтан  хариуцлага хүлээх ёстой, энэ нөхрийг огцруулъя гэж хувь хүмүүс ярих нь зохистой биш, миний хувьд. Яагаад гэвэл Монгол Улс төр засаг, хуультай. Түүгээрээ л явах хэрэг. Ер нь архинаас илүүгээр хил, хязгаар нь давсан салбар бол оюуных шүү дээ. Харамсалтай нь, эсвэл завшаантай нь гэх юм уу оюуны салбарт улаан цайм арав хориороо хүн шууд үхчихгүй л юм даа. Тийм учраас олон түмэн мэдэхгүй байна.  Түүнээс биш, оюуны салбарын  хордлого бол  Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, манайхны хууль эрхзүйн төвшинд гаргасан баримт бичгийн хязгаарыг аль хэдийнэ давчихсан. Энийгээ хүний эрх, эрх чөлөө, ардчилал гэдгээр хаацайлж явсаар өдий хүрлээ. Спиртийг  устгачихна. Хүнийг устгаж болохгүй. Гэтэл хүн маань спиртээс гадна оюун санааны хувьд тэр чигээрээ хордчихсон байна шүү дээ. Одоо хүнээ яах вэ. Энэ бол спиртэнд хордсон  14 хүний амь наснаас асар их нарийн, асар их хүч гаргах, асар их хугацаа шаардаж байж эдгээх асуудал болчихоод байгаад л миний сэтгэл өвдөж байна.

-Ер нь бол хүмүүсийн ухамсар, ёс зүй хил хязгаагүй болоод удаж байна шүү дээ?

-. Хэрвээ нийгэм гээчийг байгуулж, тэр нийгмийн дотроо амьдрах л гэж байгаа бол монгол үндэстэнд ёс зүйн хязгаар байх учиртай. Харин нийгмийн тухай асуудал байхгүй бол ёс зүйн тухай ярих хэрэггүй. Нийгэм гэдэг маань зүй зохистойгоор хамтаараа амьдарна гэсэн үг. Үүний тулд тэрхүү нийгэмд тодорхой хэмжээний ёс зүй мөрдөх ёстой. Дээхнэ үед үзэл суртлаар ёс зүйн хязгаарыг тогтоож байсан. Одоо үзэл суртал гэж ярихаа больж л дээ. Тархи угаах гэдэг болж. Тархи угаах гэдэг үгийн цаана үзэл суртал байгаа юм. Гэтэл тархи угаалт нь, түүний цаана байгаа үзэл суртал нь ямар ч залуургүй болсон учраас хүмүүс оюун санааны хувьд асар их, гүн хордсон байна. Хортой спирт орж ирж түүнийг устгая, хүмүүс архинд хордлоо эмчилье гэдэг бол их наад талын, субботникийн шинжтэй ажил. Хогийг устгаад байж болно. Гэхдээ хогийг үүсгээд байгаа шалтгааныг устгах уу, эсвэл бий болсон хогонд үргэлж л субботник хийгээд байх уу гэдэг өөрөө асуудал. 14 хүний амиар өнөөдөр архи тоглолоо, маргааш тамхи тоглоно, нөгөөдөр кино тоглоно, түүний дараа өдөр нь мэдээлэл тоглоно. Ингэж цааш угаагдсаар л байх болно. Хэрвээ ёс зүйн хэмжээ, хязгаартай л байсан бол тэр хүн метилийн спиртээр архи хийж зарахгүй л байхгүй юу.

-Та бол эхлээд хүмүүсийн оюун санаанд цэвэрлэгээ хийх ёстой гэж байна, тийм үү?

-Төрийн анхаарал өнөөдөр иргэний асуудал байх ёстой болчихоод байна. Түнээс биш, хилээр оруулдаг эд бараа, хяналт шалгалтын тогтолцоо зуун хувийн итгэл үнэмшил биш. Ерөөсөө иргэд л ухаалаг, ёсзүйн тодорхой  хязгаарт  байвал архи хийх гэж хэзээ ч техникийн спирт оруулж ирэхгүй. Үндэсний түүхийн музейд байсан хэдэн бурхнаа хэзээ ч хулгайгаар хил гаргаж зарахгүй. Одоо бол бид эх оронч үзэл гэж хэтэрхий дээгүүр, хий хоосон яриад байна. Эх оронч үзэл гээд л уулаа хамгаалдаг, нүүрсээ харамладаг. Хэрвээ монгол хүн өөрөө дархлаатай болохгүй бол гадныхнаас хамгаалаад, харамлаад байгаа энэ бүхнээ төрийн дээд төвшинд ч алдана, иргэний төвшинд ч алдана.

-Ёс зүйн хил хязгаарыг тогтоо нэг зүйл бол хууль. Гэтэл өнөөдөр хууль нь өөрөө хууль биш, хүмүүсийн ёсзүйг харин ч хил хязгаагүй болгож байна. Таныхаар ингэж оюун санааны хордлогод ороход хуулийн буруу гэж байна уу?

-Хуулийн асуудал бас байна аа. Гаднын туршлага, үндсийг аваад Монголынхоо онцлогт тохируулаад  хууль хийчихэж байна. Гэтэл уг хуулийг яаж хэрэгжүүлэхээ анх батлахдаа огт тооцоолдоггүй. Уг нь хууль бэлэн болчихоод байдаг, гэтэл хэрэгжүүлэх арга замтайгаа нийцдэггүй, уялддаггүй. Яаж хэрэгжүүлэх арга замаа тооцолоогүй байж хууль хэрэгжсэнгүй, хууль буруутай байна гээд өөрчилдөг. Сүүлдээ хууль маань маргаашийн нийгмийн харилцааг биш, зөвхөн өнөөдрийн байдлыг л зохицуулахад зориулагдаж байна. Жишээ нь, саяхан Татварын өршөөлийн хууль гэж гаргалаа. Ноднин орлогоосоо сар бүр илүүчлэн байж 50 сая төгрөг татварт  төлсөн аж ахуйн нэгж энэ хуулийг юу гэж ойлгох вэ. Татвараа хугацаанд нь төлсний хохь гэж төр хэлж байна гэх үү, эсвэл 50 сая төгрөгийнхөө 30 саяыг нь төлчихөөд өртэй явж байсан бол өнөөдөр өршөөгдөх байж гэж харамсч  ойлгох болж байна  уу. Эцсийн дүндээ энэ хууль аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дахиад хуулийн эсрэг явах сэтгэлийг нийгэмд бий болгож дэвэргэж байна. Хууль бол баримжаатай, зөвхөн өнөөдрөөс гадна маргаашаа харсан, хэрэгжүүлэх аргаа олсон, төдийн хугацааны дараа энэ заалтын үр дүн нийгэмд ингэж гарна гэдгийг тооцоолсон байх учиртай. Ингэж чадахгүй учраас манай хуулиуд хэрэгжихгүй, урт насгүй болж байна.

-Хууль бол голдуу дээд шатандаа хэрэгжихгүй, өндөр албан тушаалтнуудад л үйлчлэхгүй  байгаа шүү дээ. Үүнээсээ бол төрийн, төрд зүтгэж байгаа хүмүүсийн үнэлэмж, нэр хүнд алдагдаж байгаатай та санал нийлэх үү?

-Төрийн өндөр албан тушаалтнуудад хууль үйлчлэхгүй байгаа тухайд мэдэхгүй юм. Харин төрийн, төрийн хүмүүсийн нэр хүнд алдарч байгаа хандлага бол бий. Сонин хэвлэлээр үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл гарах л юм. Төрийн өндөр албан тушаалтай тийм хүн ийм гэмт хэрэг, эсвэл хууль зөрчсөн ийм үйлдэлд холбогджээ гэдэг мэдээлэл ч элбэг байдаг. Хэрвээ тийм зиндааны эрхтэн дархтнууд иймэрхүү саарал юманд хутгалдана гэдэг маань сэдэл нь өөрөө гэмт хэргийн шинж чанартай болж хувирч байгаа юм. Хууль тогтоогчид өөрөө хуульд дотуур тамираар хандаж байгаа нь тэр юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр өөрөө төрөө дээдэлж чадахгүй байна. Ард түмэн биш, төр өөрөө төрөө дээдэлж чадахгүй байна гэсэн хар надад хааяа буугаад байдаг юм.  Жишээ нь, Америкийн сенаторууд нэг удаа сенатад суугаад дараа нь хог дээр хаягддаггүй л байхгүй юу.  Зөвлөх эсвэл шинэ Ерөнхийлөгч, сенатуудыг гаргаж ирэх  лобби бүлэглэлийг байгуулах, сенатын танхимын ажлын албанд ажилладаг. Хуучин бол манайд төр төрөө дээдэлж чаддаг байж. Ямар ч гэсэн Сайд нарын Зөвлөлийн гишүүн байсан хүн тусгай тэтгэвэр авдаг, хэчнээн ядуу зүдүү ч хөдөлмөрийн баатар хүнийг гудамжинд үхүүлдэггүй байлаа. Одоо бол  дахин сонгогдохгүй бол дөрвөн жилийн дараа би хэнд ч хэрэггүй хүн болно гэдгээ УИХ-д орсон эхний өдрөөсөө л боддог, мэдэрдэг болж. Яагаад гэвэл төрийн хүндэтгэл байхгүй болчихсон, амьдрал дээр бэлэн жишээнүүд байж байдаг. Жишээ нь, Монголын төр өнөөдөр Багабандийг яаж ашиглаж байгаа юм. Ж.Буш АНУ-ын төрийн тэргүүний тусгай төлөөлөгч гээд л Клинтоныг Африк руу явуулж байгаа биз дээ.  Тэгвэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч өмнө нь энэ албыг хашиж байсан Н.Багабанди, П.Очирбат нарыг төрд яаж ашиглаж байгаа юм, би мэдэхгүй. Засгийн газар Д.Содном, Д.Бямбасүрэн гуайг төрд яаж ашиглаж байгаа юм. Д.Бямбасүрэн гуайг эдийн засгаа унагаасан гээд л баахан муучилсан. Гэтэл ноднин гавьяат эдийн засагч цол өгөө биз дээ. Хуучин УИХ-ын гишүүн байсан хүмүүсээ төр яаж ашиглаж байгаа юм, мэдэхгүй. Тэгэхээр явуулын, зуйгуул хүмүүсийг биш, үнэхээр сайн шүүлтүүрээр шүүгдсэн хүмүүсийг төрд оруулах, оруулсан хүмүүсээ төрөө хайрлах эерэг сэтгэлтэй байлгах нь чухал. Одоо бол уралдааны морьд  шиг л юм болж байна. Энэ удаа л түрүүлж байвал ирэх жил хамаагүй гэсэн нэг удаа, нэг хэсэг хугацааны сэтгэлгээгээр хандаж  байна.

-Уг нь төр нь иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээх авах ёстой биз?

-Хэрвээ УИХ-ын гишүүд нь од болон гарч ирээд л нурам болж унтраад байх юм бол төр нь иргэдийнхээ хүндэтгэлийг авахад хэцүү. Ялангуяа манайх шиг цөөн хүн амтай, нэг үндэстнээс бүрэлдсэн улсад бүр хэцүү. Олон үндэстэнтэй АНУ шиг улсад нэг хүн гарч ирээд шинээр нэг хүн сонгогдоод байж болно.

-Тэгээд  ард түмэн нь төрөө шүтэх болж байна уу. Ардчилсан нийгэмд бол төр нь ард түмнээ шүтэх ёстой юм биш үү?

– Энд онолын чигийн юм ярихад хэцүү. Ц.Элбэгдорж дарга шинэ жилээр ярихдаа “бид нар гарч ирэх гэж байгаа юм биш, засгийн эрхийг ард түмэнд авч өгөх гэж байгаа юм” л гээд байна лээ. Хэрвээ иргэн хүн өөрөө иргэнийхээ нийгмийг хүлээн зөвшөөрч түүнийхээ бодит хөгжлийн талаар өөрийнхөө төвшинд ухамсартайгаар мэдрээгүй цагт ард түмэн төрийг барина гэж хэзээ ч байхгүй. Надаас сонины нэг сэтгүүлч утсаар асуусан л даа. Та 68 хувийн онцгой албан татварыг юу гэж үзэж байна вэ гэж. Би “Мөнх-Оргилоос асуу” гэж хэлсэн. Тэгсэн Мөнх-Оргилоос асуудаг нь ямар учиртай юм гэж байна. Тэгэхэд нь би “Чи миний өмнөөс тэнд очиж төр түшилцэн махаа ид ээ, би энэ дөрвөн жилд тайван амгалан сууж уран бүтээлээ хийе гэж гурван жилийн өмнө  Мөнх-Оргилтой гэрээ хийсээн. Гэрээгээ цуцлах эсэхээ ирэх хавар шийднэ ээ. Тэр болтол ах нь гэрээний дагуу Мөнх-Оргилд найдаад, даатгаад амар тайван сууж байна“ гэж хариулсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 2.5 сая хүн төрийг бүгдээрээ барина гэж байхгүй. Өөрийгөө төлөөлөх хэдэн хүнд л төрийг бариулна. Хамгийн гол нь иргэд өөрсдийгөө орлож чадах тэрхүү төлөөллөө л зөв сонгох учиртай. Зөв сонголт гэдэг маань эх орон, газар шороо, иргэдийнхээ амьдралын төлөө бага боловч сэтгэлтэй, зүрх нь цохилдог хүнийг гаргахыг хэлнэ. Сонгогдсон нөхөр нь “би яагаад сонгогдчихов оо, би хүний, бусдын төлөө, энэ улсынхаа  төлөө амьдралаа зориулах гэж байна шүү” гэдгээ ойлгох ёстой. Хувийн амьдралаа сайжруулах гэж сонгуульд орж байгаа хүн хэзээ ч зөв сонголтыг төлөөлөхгүй. Бас хээгүй хүн юм, манай нутгийн юм байна, энэ чинь дарга нар шиг жипээр биш, УАЗ-469-өөр явдаг юм байна, мөнгөтэй юм байна гэдэг бол сонголтын шалгуур биш. Хэрэв ийм байвал төрийг сонгох сонголт утга чанараа алдана. Өөрийгөө төлөөлөх зөв хүнийг сонгож чадсан цагт л иргэн хүн төрөө, засгийн эрхийг барьж байна аа гэж ойлгоно.

– УИХ-ын гишүүн бүр улстөрч мөн үү?

-Нэг муу компанийн захирал УИХ-ын гишүүн болсныхоо маргааш “улстөрчид бид” гэж ярьж байгаа байхгүй юу. Улстөрч гэдэг бол албан тушаалаар байдаггүй юм. Мэргэжил, албан тушаал бол тухайн хүнийг улстөрч байх, байхгүйг тодорхойлохгүй. Тухайн нийгмийнхээ өмнө өчигдөр, өнөөдөр, маргааш гурвыг баримжаалж чадаж байгаа хүнийг улстөрч гэж болно. Энийг манай сэтгүүлчид, сонгогчид нэг мөр ойлгож хэвшүүлмээр байна.

-Та Ерөнхий сайд С.Баярын чуулган дээр хэлсэн таван төгөлдөршлийг сонсов уу?

-Сонссоон, тэнд манай зарим лектор, нийтлэлчдийн идей, санаа шургаж орсон байж магадгүй гэдэг бодол төрсөн шүү. С.Баяр бол өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага, Стратеги судалгааны хүрээлэнг удирдаж байсан учраас ойрын хэдэн Ерөнхий сайд нар дотроос ямарч гэсэн цэг олж харж чадах хүн. Энхболд бол ажил хийх талаар гарамгай хөтөлбөр болоовсруулаад гаргаад ирж чадах үе шат дамжсан хүн л дээ. Харин Баяр бол тодорхой цэг олж хараад түүнийгээ бариад явах улстөрийн  амьдралын туршлага, оюуны цар хүрээтэй хүн. Бидэн шиг элдэв долоон юм боддог хүмүүс С.Баяр цэгээ л олж хараасай гэж найдах байна. Хэрэв олоод харчихсан бол тэрхүү цэгтээ хүрэхэд нь аль болох бага саад тавих хэрэгтэй. Баяр бол цэг олж харах чадвараараа ойрын хэдэн Ерөнхий сайд нараас дутуугүй л байх ёстой.

-Ёстой юу, эсвэл илүү чадвартай хүн үү?

-Тийм төвшинд бэлтгэгдсэн хүн харах л ёстой. Хувийн харилцааны хүрээнд яриад сууж байхад С.Баярт тийм  чадвар байгаа нь мэдрэгддэг шүү. Цэг рүү хөтөлж  явахад нь дэмжих ёстой. С.Баярыг дэмжинэ гэдэг маань өөрсдийгөө дэмжинэ гэсэн үг шүү дээ. Түүнээс биш, С.Баярт торгон дээл өмсгөөд гүйлгээд байх сонирхол алга. Тэгээд ч торгон дээл өмсөөд гүйгээд байх хүн С.Баяр өөрөө мөн үү, үгүй юү мэдэхгүй, хүн нь өөр байж болно шүү дээ.

– Таван төгөлдөршлийг сонсоод Ерөнхий сайд С.Баяр ямар нэгэн цэг олоод харчихаж гэдэг итгэл танд төрсөн үү?

-Төрсөн шүү.  Ямар нэгэн тодорхой үе шаттайгаар нэгэн цэгт хүрнэ гэдгээ тооцоолсон шиг байна. Ерөнхий сайд болсноос нь хойш би С.Баяртай уулзаагүй л дээ.

-Харамсалтай нь нэг төгөлдөршил нурлаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь бүтсэнгүй. Одоо Тавантолгойн асуудал байна. Үндэсний хэдэн компаниуд, төр хоёрын дунд зөвшилцөл явж байна. Та энэ үйл явцыг юу гэж харж дүгнэж байна вэ?

-Хоёулаа түрүүн нь ярьсан даа. Хуулийг жаахан тогтвортой байлгахгүй бол иргэд ямар ч хууль гарсан тогтвортой үйлчлэхэд нь итгэхээ больдог гэж. Тавантолгойг тойрсон хувь эзэмшлийн асуудал бол хуулийн энэхүү тогтворшилтой л холбоотой. Хэдэн жилийн өмнө хувийг өмчийг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн. Тэр дагуу лиценз эзэмшээд, тэр нөхөд нэгэнт хувийн өмч учраас түүнийгээ тордох гэж хөөрхөн мөнгө төгрөг зарсан л байлгүй дээ, бодвол. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө хувийн өмчийг нь төрд зуун хувь буцаагаад авчихвал үр хүүхдэдээ өв залгамжлуулсан  хувийн өмчтэй болох сонирхол монгол хүмүүст багасна аа даа. Хувийн өмчийг маань төр хэзээ хураагаад авчих бол гэсэн айхтар болгоомжлол бий болно.  Хувийн өмчтэй боллоо гэж бодоод авсан нэг объектдоо хөрөнгө оруулмаар байдаг, гэтэл гурван жилийн дараа төр хураагаад авчихвал яах вэ. Хууль, хуулийг хэрэгжүүлэх арга механизм удаан үйлчлэхгүй байх нь гадныханд ч болгоомжлол төрүүлнэ. Хувийн өмчтэй байя гэхээр хураагаад авчихдаг, татвараа төлье гэхээр төлөөгүйд нь өршөөл үзүүлээд байдаг. Дээр үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөж бүх юмыг нийгмийн төлөө зориулж байлаа.  Нийгмийн төлөө хөдөлмөрийн баатрууд төрөв. Тэгсэн  гэнэтхэн нэг өдөр л нэгдлээ тараагаад хаячихсан. Сүүлийн үед л өсч байгаа болохоос мал бол нэг хэсэг замбараагаа алдсан шүү дээ, мал мэдэхгүй хүмүүст очоод. Хуучны хашир малчдад одоо ч гэсэн “хэдэн малыг маань хэзээ төр хураагаад авчих бол” гэсэн болгоомжлол мэр сэр байдаг. Мал бол үрждэг. Жаахан савалгаатай байж болох. Төрд хурааж аваад л арван жилийн дараа буцааж тараагаад л. Гэтэл ашигт малтмал бол нэг удаа  ухаж аваад л дуусна. Тийм учраас  хамаагүй тоглодог эд бол ашигт малтмал биш.  Хамгийн гол нь ирээдүйг харж шийдэх. Тавантолгойн орд Монгол Улсын хөгжилд, ард түмэнд үр өгөөжөө өгөх нь ирээдүй болж  харагдах ёстой. Түүнээс биш, үндэснийхээ компаниудтайгаа хорших уу, эсвэл тэднээс булааж авах уу гэдэг нь ирээдүй биш.  Монголын компаниудаа дэмжээд, тэднийгээ зүтгүүлээд явах нь зөвхөн Тавантолгойн ордыг ашигласнаасаа илүү үр өгөөж, ашгийг алсдаа Монгол Улсад өгөх ч юм билүү. Өнөөдөр энийг хэн ч тааж мэдэхгүй, онолын төвшинд л ярина.

-Таны хэлснээр үнэхээр л хувийн өмчид халдаж байгаа бол энэ маань бидний байгуулж байгаа өнөөдрийн нийгэмтэй зохицох уу?

-Үнэн чанартаа бол зохицохгүй байгаа юм. Энийг Засгийн газар юу гэж тайлбарлаж байгаа юм, хувийн өмчийг хурааж авах үндэсний эрх ашиг нь юу юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.  ТУЗ-ийн дарга гээд л Оджаргал гараад байв уу даа. Тэр нөхдийн компани Монгол Улсын үндэсний эрх ашиг биш үү. АПУ-гийн эрх ашиг  манай улсын үндэсний эрх ашиг биш үү. Ер нь манайд хувийн өмчийг эзэн хүн л замбараагүйгээр, зөвхөн өөртөө зориулж зарцуулж болдог тухай ойлголт хавтгайрсан нь үнэхээр харамсалтай. Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртөлж яваа бүх хүний мөнгө, өмч хөрөнгө, миний халаасанд байгаа зуун төгрөг ч Монгол Улсынх. Мөнгө хэний гарт байх нь чухал биш. Гол нь тэдгээр мөнгө Монгол Улсын дотор, төрийн хяналтан дор л байх ёстой.

-Уг нь тэдгээр компаниуд  лицензийг л эзэмшиж байгаа болохоос газар доорхи баялаг нь Монгол Улсын, ард түмний өмч шүү дээ?

-Хэрвээ улс хууль гаргаад хувьчилчихсан юм бол хувийн л өмч шүү дээ.

-Хувьчлах, лиценз эзэмшүүлэх хоёр өөр биш үү?

– Тэр лиценз нь ашиглалтын лиценз юм байгаа биз дээ. Хувь хүн, хуулийн этгээд хувийн өмчөө л ашиглана. Ашигла гэж л лиценз өгөө биз дээ, түүнээс биш, одоохондоо хадгалж бай, дараа нь хурааж авна гэж өгөөгүй байлгүй.

-Гэхдээ Тавантолгойг зуун хувь төрд авна гэдэг ард түмний олонхид таалагдаж байгаа. Одоо ард түмнийхээ олонхид таалагдах шийдвэр гаргах уу, эсвэл байгуулж байгаа нийгмийнхээ тулгуур болсон хувийн өмчид халдах уу гэсэн сонголт л байна, тийм үү?

-Таалагдаж байна гээд ард түмнээ Мао-гийн хэлснээр юу ч бичиж болох цагаан цаас болгон хувиргаж болохгүй л дээ, хө. Хувийн өмч бидний байгуулж байгаа нийгмийн суурь мөн үү, мөн. Миний халаасанд байгаа нэг төгрөг ч Монгол Улсын өмч гэдэгтэй адил Таватолгойд байгаа нэг грамм нүүрс ч эцсийн дүндээ Монгол Улсын өмч. Түүгээр хэн орлого олох, хэний мэдэлд байх, хэн хэд халбагадах нь чухал биш.  Эцсийн үр өгөөжийг Монгол Улс, монголчууд хүртэх нь л чухал.  Энэ механизмаа л зөв олмоор байгаа юм. Үүний тулд талууд дундын хамгийн сайн хувилбарыг л олох байлгүй дээ.

-С.Баяр олоод харчихжээ гэж таны олзуурхаад байгаа нь хөгжлийн цэг биш, МАХН-ын 2008 оны сонгуулийн ялалтад зориулсан  тактик байвал яах вэ?

-Тааж мэдэхгүй юм. Намуудад сонгуулийн ялалтын тактик байж болно. Байх ч ёстой. Харин Ерөнхий сайд хүн Монгол Улсын үндэсний эрх ашгаар тоглож нэг намын сонгуулийн ялалт бодож байгаа бол үнэхээр бусармаг хэрэг болно. Гэхдээ би С.Баярыг  арай ч ийм бусмармаг тоглоомоор тоглох хүн гэж бодохгүй байна.

-Ер нь зөвхөн Тавантолгой ч гэхгүй, Оюутолгой, Асгат гээд ашигт малтмалын  томоохон ордууд дээр гадаадынхан орж ирж байгааг та юу гэж үзэж байна вэ, зөв үү?

-Хүний хүн идэхээр өөрийн нохой ид гэдэг үг байдаг байх аа. Нэг их тэнэг хүнээс гарсан үг биш л болов уу.  Ер нь муу зохиосон дуу, хөгжим, шүлэг, хүний сэтгэлгээ, үнэнд тохироогүй уран бүтээл мартагддаг. Тэгэхээр хүний хүн идэхээр өөрийн нохой ид гэдэг үг одоо хүртэл мартагдахгүй яваад байна гэдэг бол ортой л гэсэн үг.

-Бас даахгүй нохой булуу хураана гэж ч үг бий. Бид өөрсдөө хөрөнгө санхүүгийн чадваргүй шүү дээ?

-Тэр ч бас үнэн үг л дээ. Хэрвээ өнөөдөр алт, зэсийн үнэ дэхийн зах зээлд үнэтэй байгаа, хэдэн жилийн дараа унана гэдгийг мэдэрч байгаа бол ордуудаа яаралтай ашигламаар байна.  Би энэ газар дээр ойчсон юм чинь энэ газраасаа хишиг хүртмээр байна. Бас үр хүүхдэдээ үлдээх хэрэгтэй. Ингээд бодохоор өнөөдөртөө манай улсын компаниудын хүч хүрэхгүй нь бас үнэн. Улс гүрэн л юм бол чадахгүй болгоноо ч гэсэн  хийх ёстой, гэхдээ ашигтайгаар. Хэрвээ энэ улсынхаа хөгжлийг гэрэл гэгээтэйгээр харъя гэвэл үндэсний компаниудаа өнөөдрөөс бэлтгэж хөгжүүлэхгүй бол хэзээд хүний гарт байх болно. Хамгийн аймшиг нь энэ. Жишээ нь, өнөөдөр Тавантолгойг хувийн компаниудад өгөхгүй байж болно оо. Хэрвээ арав, хорин жилийн дараа бас нэгэн шинэ д орд нээх ч юмуу дахиад ийм хэмжээний асуудал үүсэхэд бас л гадаадынхан руу гүйх үү гэдгээ одооноос бодох ёстойёо.

Ер нь манайхан их сонин. Хүүхдээ 18 нас хүртэл “чи хүүхэд учраас ингэж ч болохгүй, тэгж ч хэрэггүй” гэдэг. 18 хүрэхээр нь “чи насанд хүрлээ одоо амьдралаа бод, яв” гэдэг.  Юу ч бэлдэж өгөөгүй, 18 жил хүүхдээр нь байлгачихаад гэнэт нэг өдөр амьдралаа бод гээд хөөгөөд гаргахаар  хэдэн мэдээлэл, эцэг эхийн заавраар сургууль төгссөн нэг дипломоос  өөр юу үгүй нөгөө нөхөр маань амьдрал дээр гараад баахан   самгардаад, тэгээд л баар руу явж байна. Түүн шиг хөгжлийн хувьд эдгээр компаниуд өнөөдөр хүүхэдтэй л адил байгаа.  Хэрвээ Монгол Улсыг нэгэн гэр бүл гэвэл өнөөдрийн Ерөнхий сайд С.Баяр чинь аав нь шүү дээ.  Аав л юм бол түүний үгэнд хэн ч байсан ямар нэгэн хэмжээгээр орно оо доо.  Аав зөвхөн тэжээгээд байвал хүүхдүүд нь сайн хүн болохгүй. Тийм учраас хүүхдүүдээ өөрөөсөө илүү сайн, илүү боловсролтой хүн болгохын төлөө аавууд зүтгэдэг. Гэтэл зарим хүн өнөөдөр Засгийн газрыг зөвхөн тэжээдэг, тэтгэдэг, юм тараадаг л бүтэц гэж ярих юм. Засгийн газар бол буяны байгууллага биш ээ. Засгийн газар бол хууль тогтоох байгууллагын зөв гэж үзээд баталсан хуулийг л хэрэгжүүлэхийг зорилгоо болгодог. Үүний төлөө  ажилладаг. Тэрнээс  биш, тэнд Алтжингийн байшин шатлаа гэж очоод л мөнгө өгдөг, энд хадгаламж зээлийн хоршоо дампуурлаа гэхэд нөхөн төлбөр өгч байдаг бүтэц бол Засгийн газар биш. Засгийн газар мөнгө өгөх ч эрхгүй. Улсын төсвөөр хуваарилсан хөрөнгийг л захиргааны аргаар хэрэгжүүлэх ёстой. Энэ улсын өдөр тутмын ажлыг зохицуулж, хийж байдаг гүйцэтгэх байгууллага.

– Өнөөдөр бол хэр сайн буяны байгуулага байж чадсанаар нь Засгийн газруудыг дүгнэж байна. Улс төрийн намууд ч Засгийн газрыг хамгийн сайн буяны байгууллага болгох чиглэлээр хоорондоо сонгуульдаж байна шүү дээ?  

-Хэрвээ буяны байгууллага л байх гэж уралдаж байгаа бол засаглахын тухай ойлголт хэрэггүй. Утгаа алдана. Эрх чөлөөг эдлэх, дураараа дургих хоёрын хооронд асар том ялгаа бий шүү. Зарим улс төрийн хүчин эрх чөлөөгөө эдлэхийг дураараа дургихтай адилтгаж хүмүүсийг дэвэргэж байна .Тархи угааж үзэл суртлаа хийж байна. Үзэл сурталгүйгээр, бүр байг, “үзэл”-ийг нь орхилоо гэхэд “суртал”-гүйгээр нийгэм явна гэж байхгүй. Жишээ нь, өнөөдөр архины хордлогын дараа хэвлэлүүдээр архины эсрэг сурталчилгаа явуулж байна, сонгууль болохоор нэр дэвшигчид хүн харагдах газар бүрт л зургаа наадаг . Тэгэхээр суртал хэрэгтэй байгаа биз. Бүх юманд суртал хэрэгтэй. Монгол Улс яаж хөгжих тухайд иргэддээ сурталчилсан суртал хэрэгтэй, иргэний боловсрол хэрэгтэй. Өнөөдөр замын дунд төрд зуйгуулаар гарч ирсэн нөхөд иргэний боловсролоос айх нь аргагүй.  Хэрвээ иргэд боловсрох юм бол тэр хүн дахиж төрд гарахгүй шүү дээ.  Иргэд үүнийг л ухаармаар, үүний төлөө ямаар байна.

-Төр  иргэдээ хөгжүүлэх, ашигт малтмалаа олборлох хоёрын алийг нь гол зорилгоо болгох ёстой вэ. Одоо бол төрийн бүх шатны байгууллагууд, төрийн өндөр хэмжээний айлчлал, хууль, хурал гээд бүх юм л ашигт малтмал руу анхаарлаа хандуулж  байна?

-Хамгийн гол нь Монголын төр ухаалаг бодлого л явуулах ёстой. Ухаалаг бодлого нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн цэг рүү харсан байх ёстой. Өнөөдөр канадуудыг Оюутолгойд оруулж баахан мөнгө олоод, дараа нь бас нэг орд олоод дахиад гадныхныг оруулаад мөнгө босгоно гэж яваад байвал Монгол Улс хэзээ ч босч ирэхгүй.  Хоньчин хүн хүүхдээ хонь хяргуулж сургахгүй бол дандаа хүн гуйж хонио хяргуулах болно биз дээ.  Иймд Монгол Улсын эрх ашгийг боддог, зах зээлийн нийгэмд амьдарч чадах, үр хойчийнхоо тухай боддог, ёс зүйн хил хязгаартай хүнээ бэлтгэх нь чухлаас чухал.

-Монгол Улсын, монгол хүний хөгжлийн хүрэх цэг, шүтэх үзэл санаа гэж хуульчилж тогтоосон, иргэдээ түүн рүү тэмүүлүүлсэн бодлого Монголын төрд алга. Таныхаар бид ямар төвшинд очиж байж хөгжлийнхөө цэгт хүрлээ, эсвэл ойртож байна гэж ойлгох вэ. Эсвэл дуусдаггүй шилжилтийн үетэйгээ л яваад байх уу?

-Ерөнхийлөгч Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулсан гэсэн. Тэрийг би үзээгүй л дээ. Өөрийнхөө бодлыг товчхон хэлэхэд монгол хүн энэ нутаг усандаа монгол байдлаараа бусдаас дутахгүй бололцоотой сайхан амьдрах л бидний очих ёстой хөгжлийн цэг. Монгол хүн гэдэг үгэн дотор миний нөгөө анх ярьсан ёсзүйн хил хязгаар, монгол сэтгэлгээ, монгол ахуй, бурхан шүтлэг гээд бүгд байх ёстой.  Энийг яаж хийж хэрэгжүүлэх вэ гэдэг нь шинжлэх ухааны, эсвэл  юм боддог хүмүүсийн ажил. Нэг малчин юмуу, тохиолдлын нэг УИХ-ын гишүүний хийдэг ажил биш. Хөгжлийн ийм цэгт хүрэхэд эдийн засаг, оюуны соёл хоёр хоорондоо ойролцоо жин бантай явахгүй бол амжилт олохгүй. Хэрвээ Монгнол Улс 800 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа бол түүнээс дутахааргүй хэмжээний хөрөнгө оруулалтыг монгол хүндээ хийх ёстой.  Өмнө нь мөнгө л олж байвал дүүрсэн хэрэг байлаа шүү дээ. Одоо бол яах гэж  архи үйлдвэрлээд, ямар аргаар борлуулж, ямар үр дүнд хэзээ хүрэх вэ гэдэг учраа олдог хүнийг бэлтгэх хэрэгтэй.

Одоо стандарт хэрэгтэй. Саяхан би нэг замын цагдаад уурлалаа. Жолооны ард бүсээ зүүхгүй бол торгоно гээд л байсан. Тэгсэн байдаггүй. Нэг цагдаагаас очоод асуулаа. Тэгсэн “тэр чинь долоо хоногийн л аян байсан шүү дээ, Жанцанноров гуай” гэж байна. Хэрвээ хууль, дүрэм, журам нь тэгж гарсан л бол тухайн хүнийг бүсээ хийж хэвштэл торгох л ёстой байхгүй юу.  Албадлага хийх ёстой шүү дээ. Үгүй тэгээд, замын хөдөлгөөний соёл гэж ярихыг нь яана. Би одоо соёлтой хүн болж Цогзолмаа гуайд хүндэтгэл үзүүлж түүнийг урдаа оруулах гэж хөдөлгөөн хааж зогсох болж байна уу. Замын хөдөлгөөн бол зөвхөн дүрэм, журам хоёроор л явна, Тэнд соёл, ухамсар, боловсролын асуудал ерөөсөө байхгүй.      Замын хөдөлгөөний дүрэм хэрэгжихгүй байхад, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжинэ гэж байхгүй ээ. Гарцаар гарч сураагүй хүн хууль биелүүлнэ гэж байхгүй.

-Одоо бол амьдрах гэж байгаа нийгэмтэйгээ зохицож иргэншихэд хүмүүсээ бэлтгэмээр байна?

-Яг тийм. Гэтэл жирийн иргэд битгий хэл, дарга нар нь өөрсдөө иргэншихгүй юм. Жишээ нь, эрхтэн дархтнууд 81 гэр бэлэглэчихээд л, өрөөндөө орж ирээд “энэ утааг яана аа” гэж ярих юм. Үгүй, өөрөө утааны 81 эх үүсвэр бэлэглэчихээд шүү дээ.  Гэр авсан хүн галлана биз дээ, голдуу амьдралын төвшин доогуур хүмүүст л гэр өгнө, амьдрал нь тааруу хүмүүс юугаар галлах нь тодорхой шүү дээ.

Ярилцсан: Г.ОТГОНБАЯР /2008 оны 1 сарын 11/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж