Дуучин Б.Хонгор: Би өөрийгөө дуучин гэж боддоггүй

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Хонгор: Би өөрийгөө дуучин гэж боддоггүй

Хонгортой ярилцахад маш хялбархан. Яг л жаахан хүүхэд шиг нэг амьсгаагаар бүх зүйлээ ярьчихад бэлэн байдаг. Магадгүй түүнд бусдаас нуугаад байхаар зүйл олон байдаггүй болохоор ийнхүү чөлөөтэй ярьчихдаг байх. Уран бүтээлийнхээ гарааг 2004 оноос эхэлсэн тэрээр бие даан гаргасан хоёр цомогтой. Хуучны дуунуудыг дуулдаг түүвэрлэн дуулдаг байсан Хонгор шинэ уран бүтээлүүддээ өөрийн өнгө аясыг тусгаж, залуусын сонирхолд нийцсэн бүтээл хийхийг хүсчээ. Тэр дуулах үнэхээр дуртай. Дуу дуулж байх үед хамгийн аз жаргалтай байдаг гэсэн. Түүнтэй ямар ч сэдэвт баригдалгүйгээр элдэв зүйлийг хүүрнэлээ.

-Чиний сонсогчид голцуу нас тогтсон хүмүүс байдаг. Тэд одоогийн залуучууд гэж толгой сэгсрээд байгаа хэрнээ чамайг ингэтлээ өхөөрдөөд байдагын нууц нь юу вэ?

–Энд миний бодлого гээд байх юу байхав дээ. Аавынхаа дуунуудыг сэргээн дуулсан болохоор тэдний сэтгэлд их ойр буусан юм болов уу. Дандаа л энэ дуунуудыг сонсох дуртай үзэгчид цугласан. Өнөөг хүртэл дуучин гэж нэрлэгдэж байгаа маань аавын маань уран бүтээлтэй салшгүй холбоотой. Хэрэв энэ дуунуудыг дуулаагүй байсан бол намайг сонсож, дуучин гэдэг утгаар нь хүлээж авна гэдэг хэцүү ш дээ. Одоо бол тодорхой хүээнд үнэлэгдэж чадсан гэш боддог. Ааваасаа хойш уран бүтээл гэж ярихад, сүүлийн үеийн уран бүтээлээ эхлэхэд лхагваа ах үнэтэй зөвлөгч байсан. Яг одоо чанартай бүтээл хийхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй. “Футур холдинг”-ийн захирал Баттулга ах маань уран бүтээл хийхэд гол хөдөлгүүр болж өгсөн дөө. Харин шинэ цомгийнхоо дуунуудад өөрийнхөө үзэл бодлыг шингээсэн. Одооны залуустай хөл нийлүүлэн алхахыг хүссэн гэх үү дээ. Тэдэнд зарим дуу маань таалагдсан бололтой дагаж дуулдаг шүү. Сүүлийн үед миний уран бүтээл залуужиж байгаа. Энд дурдахад энэ хугацаанд янз бүрийн саад бэрхшээл надад тулгарч байсан хэдий ч аавынхаа дуулу байсан эдгээр дуунуудын хүчээр давж гарч чадсан гэж боддог. Өөр дуу дуулсан бол өнөөдрийн энэ түвшинд хүрч чадахгүй гэж бодож байгаа. Хувь хүний гадаад төрх байгаа байдлаас бас ихээхэн шалтгаалдаг болов уу гэж бодоод байна. Хэтэрхий их гангалаад стилл имиж болоод байдаггүй ш т. Гоё сайхан харагдахааса илүү хүнд сайхан мэдрэмжийг төрүүлдэг байвал хэрэгтэй байдаг. Байгаа байдал, зан чанар маань хүүхдэрхүү болохоор л тэгдэг байх.

-Чи өөрийгөө ямар түвшинд явж байгаа гэж боддог юм?

-Түвшин энэ тэр гэж тодорхойлж чадахгүй ш дээ. Дуу өөрөө цаг хугацааны шалгуураар үлддэг юм. Тиймээс дуунд маш их ач холбогдол өгдөг. Хийхийг хүссэн бүтээлээ хийчихсэн болохоор Үүнээс цааш олон дуу хийе гэж бодоод байдааггүй юм. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө дуучин гэж боддоггүй. Миний өсөж төрсөн орчин урлагтай салшгүй холбоотой боловч үзэл бодлынхоо хувьд бусад шиг эмоцтой дэврүүн байж чаддаггүй юм аа. Эрх зүйч, хуульч хүн гэдэг чинь ямар нэг зүйлд сэтгэл хөдөлөөр ханддаггүй болохоор тэр байх.

Дуучин биш юм бол ямар мэргэжилтэй вэ?

-Бизнесийн эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2006 онд магистр хамгаалж байсан.

-Сургууль төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй нь харамсалтай юм даа.

-Ажиллана ш дээ.

-Шинэ жилийн захиалга их авч байна уу? Ямар ханштай дуулж байгаа вэ?

-Таван зуун мянга дотор хэлбэлзэнэ. Ханш энэ тэр гээд нэг их сүйд болоод байхгүй ээ. Мэдээж хөлс нэхэлгүйгээр дуулж өгөх хүмүүс байлгүй яахав.

-Чиний стилийг юу гэж тодорхойлох вэ?

-Гадаад үзэмжээр нь биш дотоод сэтгэлгээгээр нь үнэдэг болсон гэж үздэг. Үзэл бодлооро өөрийгөө чимэх дуртай.

-Хэрэв нэг мундаг дизайнер гарч ирээд чамайг стилл имижээ соль гээд байвал яах вэ?

– Би эрс татгалзана. Учир нь намайг сонсдог хүмүүст миний одоо байгаа байдал таалагддаг болоод л тэд намайг сонсдог байх. Урьд нь иймэрхүү асуудлууд тохиолдож байсан л даа. Гэлээ гээд би хувираагүй байж л байна. Би өөрийн гэсэн үзэл бодолтой хүн учраас хэн нэгний тийм зөвөлгөөг дагахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Эр хүнд ноён нуруу гэдэг зүйл зайлшгүй байх ёстой. Тэгэхгүй хүн болгоны зөвөлгөөг дагаж, бүх хүний сэтгэлд нийцүүлэх гэж улайраад байж болохгүй. Би өөрт байгаа ноён нурууныхаа дагуу хэлбэлзэхийг хичээдэг.

-Стилл имижээ өөрчлөх талаар яагаад бодож болохгүй гэж?

-Хүн, тэр дундаа уран бүтээлчид байнга хувьсан өөрчлөгдөж байх хэрэгтэй гэж боддог боловч өөрийгөө өөрчлахийг тэгтлээ их хүсээд байдаггүй.

-Чинийхээр эр хүний ноён нуруу гэж юу вэ?

-Нэг зүйлд чиглэглсэн байх ёстой. Нэг есондоо хэтийн шугамруу тэмүүлсэн байх хэрэгтэй. Цаг үетэй хөл нийлүүлж алхахдаа ямагт өөрийн зорилгод тэмүүлж, ямар ч зүйлд нугаралгүйгээр өөрийн үзэл санаа зорилгыг марталгүй хэрэгжүүлэх гэсэн санаа юм болов уу.

-Тэгвэл чи өөрөө ноён нуруутай байж чаддаг уу?

Чадна. Үүнд харин итгэлтэй байгаа шүү.

-Оросын дуучин Звери-г сонсдог уу? Сүүлийн үеийн бүтээлүүд чинь Зверитэй их адилхан санагдаад байгаа шүү.

-Сонсдог. Гоё дуучин. Нэг хэсэг Зверитэй адилхан биеийн тамирын цахилгаантай цамц өмсөж зураг авхуулсан шүү. Манайхан шүтдэг гэдэг утгаар нь биш, дуурайдаг гэдэг утгаар нь хүлээж аваад байдаг болохоор тиймэрхүү цамцнуудаа найзуудтайгаа уулзахдаа, эсвэл гэртээ байхдаа өмсдөг.

-Ганцаараа гэж дуулдаг. Тэгтлээ их ганцаарддаг болоод ийм үгтэй дуу бичээ юу?

-Ганцаардах үе их гарна. Хүн ер нь ганцаардсан үедээ их зүйлийг бодож төлөвлөдөг байх. Нэг хэв маягаар удаан хугацааны турш амьдарсаны дараа ганцаараа байж өөрөөсөө шинэ зүйл олж авдаг гэж боддог.

-Тэгвэл сэвхгүй юм байж яагаад би сэвхтэй гэж дуулаад байдаг юм?

-Хүний санаа л даа. Надад таалагдаад л тэр.

-Чамтай "White Party” үзэж байхад чинь тааралдахад электро хөгжимийн улаан фэн гэж хэлж байсан даа. Электро хөгжмөөс ямар мэдрэмж авдаг вэ?

-Тэр бол эрх чөлөөг мэдрэх хамгийн хялбар арга. Бухимдсан үедээ ч юм уу, шийдвэрлэхэд хэцүү асуудал тулгарахад сонсож тайвшрал авдаг. Гэхдээ хөгжимийг тийм ийм гээд тайлбарлаж цэцэрхэх гээд яахав. Миний таашаал авах арга л гээд хэлчихэд болно. Электро хөгжмийг хөдөөний зам дээр машинтай хурдлан давхих үедээ чангаар сонсох дуртай. Харин замын түгжрэл дунд зогсож байх юм бол ёстой онцгүй.

-Урлагийн хүмүүсийн найз гэж их сонирхолтой мүмүүс байдаг юм шиг санагддаг. Чи өөрийнхөө хамгийн сайн найзынхаа талаар яриач.

-Олон сайн найз байдаг. Дотны найзууд маань сурах зорилгыг эрхэм болгож гадаадад суралцахаар мордсон. Харин ганц хайртай найз маань урлагийн гэр бүлд төрсөн болоод ч гэр үү намайг маш сайн ойлгож, мэдэрдэг. Аав, ээж нь зураач хүмүүс учраас урлагийн мэдрэмжтэй. Одоогоор япон улсад архитектур болох гээд суралцаж байгаа. Жил болгон надад жижиг сувинер явуулдаг. Тэр сувинерууд надад маш ихийг хэлэх шиг санагддаг шүү. Цаанаа л их гоё утгыг агуулаад байдаг.

-Хамгийн их таалагдсан сувинерийнхээ тухайд?

-Цаасан дээр ганц ширхэг микрофон. Хараад л юу гэж хэлэх гэснийг нь ойлгочихдог. Ямар ч байсан бид хоёр хэл үггүйгээр ойлголцдог шүү.

-Зан чанараараа их адилхан уу?

-Зан чанарын хувьд тэс өөр. Гэхдээ нэг нэгийнхээ бодсон бодол, хэлсэн үгийг маш их сонсдог.

-Эрэгтэй найзынхаа талаар ярьж байж хайртай хүнээ ярьж байгаа юм шиг. Ямар ч романтик юм дээ. Хайрын тухай ярилцах уу.

-Тэгъе.

-Хайр ер нь ямар хэлбэртэй вэ?

-Бөөрөнхий. Нар шиг ч юм уу. Эсвэл сар шиг.

-Ямар сонин юм бэ. Нар чинь шатсан халуун, харин сар овшор товгор ихтэй, барзгар байдаг ш дээ.

-Хайр ч гэсэн тийм ш дээ. Хэхэ.

-Ямар сонин юм бэ. Чи ирээдүйд ямар хайр дурлалтай учрахыг хүсч байна? Бартаа саадыг их үгүйлээд байгаа юм уу даа?

– Яг үнэнийг хэлэхэд монголд хайр дурлалтай учирмааргүй байна. Хэдийгээр миний төрсөн нутаг боловч, одоогийн нийгэмд хайр дурлал оршин байхад их хэцүү. Хайрлаж дурлаад, ханилан сууж, амьдрал зохиоход их хэцүү. Бухимдал, стресс ихтэй нийгэм ш дээ.

-Хэрэв Монголд учирчихвал яах вэ?

-Тэгвэл түүнийгээ тайван амьдарч болох газарлуу аваад явна даа.

-Хэрэв тэр хүн чинь чамтай хамт чадахгүй гэвэл яана?

-Шинэ хайрыг хайна ш дээ. Хэхэ. Харилцан тохиролцож байж шийдвэр гаргана байх. Надтай хамт явах хүсэлгүй бол надад хандах хандлага, бидний хайр түүний хувьд төдий чинээ үнэ цэнэгүй гэсэг үгийн илэрхийлэл биш үү.

-Гэр бүл төлөвлөлтийн талаар бодож байна уу?

-Миний хувьд төлөвлөж хийдэг асуудал биш юм шиг санагддаг. Хань ижлээ олчихсон хүн бол төлөвлөх байх л даа. Цаашдаа хамт амьдрах хүнээ олоогүй яваа над шиг хүнд одоохондоо арай эрт байна.

-Эхнэр болох хүнээ хайна гэвэл ямар шалгуур тавих вэ?

-Хамгийн түрүүнд гаднах төрхийг нь харах байх. Хүний гадаад байдал их зүйлийг өгүүлдэг шүү дээ. Бас гэрийн хүмүүжил сайтай, хөөрхөн нүдтэй, цэвэрхэн охинтой найзална, цаашлаад хайрлана гэж боддог. Хамгийн гол нь боловсролтой байгаасай гэж хүсч байгаа.

-Шалгуур чинь их өндөр юм байна. Хэрэв чи бодож байгаагаасаа тэс өөр эмэгтэйд хайртай болчихвол яана?

-Одоо яая гэхэв дээ хайртай болчихсон юм чинь. Би заавал тийм эмэгтэйтэй учрах ёстой гээд балайраад байж болохгүй биз дээ. Хэхэ. Хайр гэдэг зүйл маш их утга учрыг агуулдаг. Тоглоом биш.

 Т.Нипонь /2007 оны 12 сарын 20/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж