Тус чуулганы хоёрдугаар салбар хуралдааныг УИХ-ын дэд дарга Г.Батхүү даргалж байгаа юм.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү “ОХУ-ын Домодедово нисэх онгоцны буудалд террорист халдлага үйлдэгдэж, олон хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлэн, төлөөлөгчдөд энэ тухай товч дуулгаж, тэд энэ гэмт халдлагад өртөгсдийн төлөө эмгэнэл илэрхийлэн нэг минут толгой гудайлган босч зогслоо. Энэ үеэр ОХУ-ын төлөөлөгч тус хуралдааны төлөөлөгчдөд хандан, өчигдөр болсон террорист халдлагын тухай мэдээлэл мөн хийсэн юм.
Чуулганы хуралдаанд үг хэлж буй орон бүрийн төлөөлөгчид тэрхүү террорист халдлагыг буруушаан зэмлэж байгаагаа хэлж, энэ удаагийн чуулганд хүрэлцэн ирсэн ОХУ-ын төлөөлөгчдөд эмгэнэл илэрхийлж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн байдал, чөлөөт худалдааг дэмжих асуудал, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэх юм.