Ардын намын залуус өчигдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуллаа. “Цонхоо онгойлгоё, бүгчим байна” хэмээн уг жагсаалыг зохион байгуулагчид намынхаа зарим “ах” нарын эсрэг хатуу үг чулуудсан юм. Ойрдоо ийм жагсаал цуглаан болоогүй болоод ч тэр үү, яах аргагүй энэ бол содон үйл явдал байв. Өнгөрсөн долоо хоногоос өндөр авсан, тус намаас сонгогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний үг, үйлдэл тэднийг ийн жагсахад хүргэжээ. Зохион байгуулагчдынх нь нэг НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө бас өөрийн нэр дээр улс төрийн дөрвөн намын нэр бүртгүүлж МАХН-ын түр штабт хаалт хийж буйгаа нуулгүй зарласан удаатай. Харин энэ удаад тэрбээр үзэд бодолдоо үнэнч гэдгээ харуулах гэсэн үү, Намын байгуулалтын хэлтсийн даргын суудлаасаа хүртэл татгалзав. Улмаар ирээдүйд амьдрах залуусын замыг цэвэр байлгахын тулд шантаажны улстөрчдөөс салах эхний алхам хэмээн тэмцлийн энэ хэлбэрийг сонгож намынхаа удирдлагад өчигдөр цочроо өгсөн нь энэ аж. Залуу хүнд алдар нэр, албан тушаал дахиж олдоно гэж тооцсон, үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан насаараа энэ намд зүтгэсэн ахмадуудаас эхлээд сонгуулийн өмнөх жилүүдэд л үүдээр нь эргэлддэг амбицтай залууст бол “том” харагддаг уг албан тушаалаас тэр зүгээр л татгалзаж орхив. Шалтгаан байж л дээ. Гаднаасаа уг нь түүнийг төлөв, ноомой харагддаг гэх нь бий. НАМЗХ-ны ерөнхийлөгч болсных нь дараа манай сонин “Хэнхэгтэй нөхөр” боллоо. Гагцхүү албан тушаал руу үхэн хатан гүйдэг гаж тогтолцоог буй болгосон “ах” нараа тэр зоригтой эсэргүүцэж чадлаа. Угаасаа тус намд бугшсан бохир улс төрөөс салахыг залуус нь төдийгүй нийгэм хүсч байсан. Үүний эхлэл болгож Л.Оюун-Эрдэнэ холбооныхоо залуусыг дагуулж бослоо.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин