Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Монголын оюутны холбоо /МОХ/-ны онц дөрөвдүгээр их хурал болж байжээ. Тухайн үеийн ардчиллын төлөөх дөрвөн хүчний нэг байсан уг холбооны 20 жилийн тэртээх тэмцлийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Түүнд 20 жилийн өмнө МУИС-ийн оюутны зөвлөлийн дарга байсан Ц.Ганбат, ХААДС-ийн оюутны зөвлөлийн гишүүн байсан Ц.Ширэндэв, Б.Батсайхан, Ховдын Багшийн их сургуулийн оюутны зөвлөлийн дарга байсан Г.Буяндалай нар оролцлоо. МОХ анх удаа өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, удирдлагаа өөрөө сонгодог олон нийтийн байгууллага болж байсныг тэд дурслаа. УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Хэрэв МОХ байгаагүй бол МоАХ балрах байсан” хэмээсэн нь тэр цагийн оюутнуудын зүтгэлийг үнэлсэн хэрэг гэж тэд хэлсэн юм.
Г.Буяндалай “Ардчилсан хувьсгалыг тэр үеийн 20-40 насныхан хийсэн. Оюутнууд тэднийг манлайлсан. Ховдын Багшийн их сургуулийн оюутнууд анхны жагсаалыг хийсэн. 20 мянган хүний дунд судалгаа хийсний үндсэн дээр Сталины хөшөөг буулгасан. Анхны телевизийн реклам, оюутны шоу, анхны чөлөөт сонин, дуудлага худалдаа зэргийг оюутнууд хийсэн. Оюутнуудад алдах зүйл байгаагүй. Гэхдээ сургуулиа төгсч мэргэжилтэй болж амжаагүй байсан тул сонгуульд оролцох боломж байгаагүй” гэж байв. Тиймээс тэр үеийн 30-35 насныхан илүү боломж эдэлж, одоо ардчиллын лидерүүд болжээ. Одоо Лениний хөшөөг буулгаж Хэлмэгдэгсдийн хөшөө босгох хэрэгтэй гэж тэд хэлсэн юм.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл МОХ-ны ойд зориулсан лекц бэлтгэж 21 аймгаар аялан уншихаар болжээ. Анхны лекцээ маргааш Монголын оюутны ардчилсан хөдөлгөөний 20 жилийн хүндэтгэлийн хурал дээр унших аж.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ