Л.Мөнхтуяа: Урьд нь хэзээ ч энд байгаагүй, төрөөгүй юм шиг

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Л.Мөнхтуяа: Урьд нь хэзээ ч энд байгаагүй, төрөөгүй юм шиг

Шөнө дундуын үеэр газар шүргэсэн урт цагаан даашинз өмсчихөөд найз залуугаа хөтлөөд алхаж байгаа түүнээс өөр хүн Монголд хараагүйгээ нуух юун. Дэлхийд алдартай Долче Габанна, Диорын загваруудыг шимтэн үздэг хэдий ч тэднээс илүүтэйгээр дуртай хамтлагуудынхаа хувцасанд анхаарал хандуулахыг хүсдэг түүнээс өөр дизайнер хэр олон бол…Мөнөгийн оюун бодол хийгээд уран бүтээл нь бусад дизайнеруудаас нэг л онцгой. Зэрвэсхэн хараад өнгөрөхөд л нүдэнд өртөх цаанаа л чамин, этгээд загварууд түүнийх. Сонсдог хөгжимөө загвардаа тусгадаг гэхийг нь сонсоод түүний хувцаснуудаас ямархан нэг хүчтэй  хөгжим мэдрэгдэх шиг болсонсон. Яг л бяцхан охин шиг аашлах нь этгээд хувцаслалт, содон дүр төрхтэй нь зохицохыг яана. Мөнө 21 настай хэдий ч “LTC-Solution” комканийн дизайнер, “Uptown” сэтгүүлийн дизайнер гээд хэд хэдэн ажлыг давхар амжуулчихдаг. Магадгүй түүнийг залуу уран бүтээлч гэхээсээ илүүтэйгээр өсөх ирээдүйтэй дизайнзр гэж нэрлэвэл зохих байх.

-Шөнө дундуын үеэр газар шүргэсэн урт цагаан даашинз өмсчихөөд найз залуугаа хөтлөөд алхаж байгаа чамаас өөр хүн хараагүй юм байна.

-Хэхэ. Харчихсан юм уу.

-Тийм ээ. Их л онцгой өдөр байсан байх даа.

-Үгүй ээ. Энгийн л өдрүүдийн нэг.

-Чи чинь нэг хүүхэдэйн киноны баатар Жак-д хайртай бил үү?

-Тийм ш дээ.

-Юу нь таалагдсан юм бэ?

-Зүгээр л байгаа байдал хнь тэр чигээрээ миний сэтгэлийг төвөггүйхэн татчихаж чаддаг. Амьдралд үнэхээр тийм хүн байвал гоё ш дээ. Тэр миний хайртай хүнтэй аймар адилхан харагдсан гэх үү дээ. Гарны хөдөлгөөн нь бол яг. Бүр яг шүү. Миний хайрлаж хүндэлж явдаг Тilo wolff гээд дуучинтай.

-Үнэхээр адилхан гэж үү?

-Өнгөрсөн жил lacrimosa хамтлагийн бээжинд болсон тоглолтыг нь үзээд. Би бүр бүлтийтлээ гайхаж ширтээд, шокнд орсон гээч. Тоглолт эхлээд дуусан дуустал тувт шокнд эзэмдүүлээстэй.

-Дизайнер хүний өрөөний дизайныг ярилгүй өнгөрөөж боломгүй. Тэр тусмаа чинийх. Өрөө чинь ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ чамд?

-Маш чөлөөтэй. Яг тийм ийм гэхээр олон юм ярих гээд байдаг юм. Ямар ч байсан миний сонсдог хөгжим өрөөний маань дизайнд их нөлөөлдөг. Би готик хөгжимд дуртай л даа.

-Өрөө чинь чөлөөтэй байна гэхээр ямар байна гэсэн үг вэ. Хоосон орон зай л санаанд орж байна. Ядаж ор байгаа биз дээ?

-Дандаа миний дуртай зүйлүүд байдаг болохоор л миний өрөө чөлөөтэй байж чаддаг. Ямар ч байсан миний сонсдог хөгжим өрөөний дизайнд шууд нөлөөлдөг. Дуртай хамтлагийн цомгууд, зурагнууд гээд л…Сүүлийн үед фото арт их сонирхол татаад байгаа. Удахгүй ханаараа дүүрэн хуучны пянз хадах гэж байгаа.Мэдээж ор байлгүй яахав. Би чинь унтаж амрах хэрэгтэй ш дээ.

-Хайран юмыг хадаж яах нь вэ?

-Зүгээр дээ. Надад л гоё байвал боллоо. Гэхдээ хайртай пянзнуудаа хадахгүй ээ.

-Хайртай пянзнаасаа нэрлэвэл?

-Найзын маань өгсөн john lennon-ы пянз.

-Дизайнер хүний өрөө гэхээр энд тэрүүгээр нь даавуу, зүү утас хөглөрсөн, шалаар нь дүүрэн скиз, сэтгүүл тарсан байхаар төсөөллөгддөг юм аа. Чиний хувьд арай өөр бололтой.

-Бас зүү хатгасан манекан. Уран бүтээлийн цагаар л жинхэнэ чиний төсөөлж байгаа шиг болно ш дээ. Яг юм хийгээд эхэлчихээр миний өрөө хэдэн сараар ч хамаагүй тийм байдалтай болчихдог шүү. Ээжийг өрөө цэвэрлэхээр уур хүрээд байдаг юм аа. Хэн нэгэн миний юманд гар хүрчихээр нэг л баригдмал байдал үүсчихнэ гээч. Гараас ч олигтой бүтээл гарахгүй. Цэвэрхэн өрөө онгодыг маань хийсгэчих шиг санагддаг. Яг л шалаар дүүрэн хөглөрсөн хог новш миний сэтгэл хоёр холбоотой юм шиг. Хэхэ

-Загварууд чинь рок хөгжимтэй ойрхон санагддаг шүү.

-Миний сонсдог хөгжим загварууд дээр минь тод илэрдэг. Харин тэглээ гээд баригдаад байдаагүй ээ. Хэн нэгэн хүсвэл шал өөр загварын хувцас хийж өгдөг. Мэдээж дизайнер хүн юм чинь нэгэн хэвийн байдлаас зайлсхийхийг баримтална. Мөн бусад төрлийн загвараас арай өөрөөр хийх гэж хичээдэг. Гэхдээ тодорхой нэг стиллтэй. Готик, панк. Ерөнхийдөө өөрийн хийж буй хувцасныхаа ямар нэгэн хэсгийг нь заавал өөрийнхөө стиллийг оруулдаг.

-Загваруудын чинь онцлог юундаа байдаг вэ?

-Хамгийн гол нь өөрийнхөө сонирхолыг тусгаж өгдөг нь. Аливаа гадны нөлөөлөлгүйгээр зөвхөн би дотор нь байгаа юм шиг загвар хийхийн тулд хүссэн зүйлээ чөлөөтэй илэрхийлж гаргах нь онцлог юм уу даа. Юунд ч баригдалгүй чөлөөтэй байдал давамгайлна гэсэн үг шүү дээ.

-Эмэгтэй хүнд зориулан загвар зохиодог. Тэдний юуг нь гоё харагдаасай гэж хүсдэг вэ?

-Тухайн эмэгтэйг л сайхан харагдуулах үүднээс бэлхүүсийг анхаардаг. Тийм болохоор корсет хийх дуртай. Хөх, өгзөг бол яахав дээ. Янз бүрийн юм шахуулж, хөхний даруулга энэ тэр зүүгээд л аятайхан харагдуулчихаж болгоод л байх шиг байна..

-Тэгвэл бэлхүүснийт талаар ярилцья.

-Эмэгтэй хүний биеийг тодотгож чимж өгдөг хамгийн гол зүйл. Хамгийн гол нь эмэгтэйлэг идеал.

-Тэгвэл чиний бэлхүүс

-Нарийхан. Ямар ч байсан 60 см-ээс хэтрүүлж байгаагүй. Өнөөдөр өглөө үзэхэд 54 см байсан.

-Ямар туранхай юм бэ?

-Туранхай биш ээ. Жижигхэн.

-Гадаад төрхийг чинь харахад хүүхдэрхүү байдаг хэрнээ ингээд яриад эхэлсэн чинь бүсгүй хүний үнэр үнэртэх шиг болж байна.

-Хэхэ. Нас яваад л байдаг. Царай, байгаа байдал нь хүүхдээрээ ш дээ.

-Дизайнер болох гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Жаахан байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж боддог байлаа. Бусад хүүхэд шиг эмч, сансарын нисгэгч энэ тэр биш. Яг л дизайнер. Тэгэхээр цэцэрлэгээсээ гэж хэлж болно ш дээ. Хүүхэлдэйнийхээ дизайнер байсан юм л даа. Харин есдүгээр ангиасаа эхлэн “fashion designer” гэдэг мэргэжлээр сурч эхэлсэн дээ.

-Чи хувцас хийдэг, бид өмсдөг. Тэгэхээр хувцас гэдгийг арай өөр өнгөөр хүлээж авдаг уу?

-Хувцасаар олон зүйлийг амь оруулж болно. Хэрэглээ гэхээсээ илүү нэг ёсны урлаг гэх үү дээ. Орчин үеийн залуус маань нэг үеэ бодвол шинэ загварын хувцасыг олноор туулширан өмсөхөө больж, аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурь, стилл имижээ бүрдүүлсэн байна. Хувцаслалтаар далимдуулж тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, зан төрхийг нь тодорхойлох бүрэн боломжтой. Тийм ч болохоор хувцасыг тэргүүний хэрэглээ болговол зохилтой.

-Хувцас л бол хувцас шүү дээ. Панк хувцас өмслөө гээд яах вэ? Эсвэл бүр эсрэгээрээ хувцас өмсөхгүй бол яах вэ?

-Панк стиллээр хувцаслалаа гээд дотор хүнтэйгээ зөрчилдөж болохгүй. Тэгсэн тохиолдолд тэр хүн зөвхөн хөнгөн хийсвэр буюу “худлаа” харагдана. Тэгэхээр аль болох дотор хүнээ мэдэрч хувцаслах нь чухал. Гэхдээ дотор хүнээ гаргаад ирэх ёстой гэж ойлгож болохгүй шүү. Үүнийг сайн ойлгож чадвал чи төгс имиж бүрдүүлж чадна.

-Тэгэхээр чи өөрийгөө төгс имиж бүрдүүлж чадсан гэж үздэг үү?

-Тийм ээ. Би дотор хүнтэйгээ зөрчилддөггүй. Гэхдээ би төгс имиж бүрдүүлчихлээ гээд нэгэн хэвийн байна гэсэн үг биш. Моод загвар шинэчилэгдэх тусам аль болох өөрийнхөө гадаад байдлыг хөгжүүлсээр, тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөөр явдаг. Дотор хүнээ гаргаад ирчихсэн явж байж болохгүй шүү дээ.

-Чи дотор хүнээ харж байсан уу? Тэр яг ямар хүн байдаг бол?

-Миний тэр хүн бусдаас хэтэрхий тусгаарлагдмал байх дуртай байдаг юм аа. Тийм учраас хааяа ч гэсэн амьдрал дээр хүчээр баг зүүх хэрэг гарах юм. Яах ч аргагүй. Энэ нийгэм тийм.

-Тэгвэл тэр баг чинь их чухал байх нь ээ. Тэгээд мэргэжилтэй чинь зөрчилдөх тал байдаг уу?

-Яалаа гэж дээ байхгүй. Хэрэв зөрчилддөг байсан бол надаас огт бүтээл гарахгүй байх байсан биз

-Баг чинь ямар хэлбэр дүрстэй вэ? Туулайных уу, эсвэл чоных уу?

-Чөтгөрийнх. Хэхэ худлаа шүү. Чоно лав биш ээ. Туулай ч биш байна. Нэг тийм нийтэч хүн. Олны дунд байж л байдаг. Юутай төстэй байна? Ямар ч байсан газар дээр байж байх ёстой юмны хэлбэр дүрс.

-Мод юм болов уу? Нэг их олон амьтан шавуулчихсан мод байдаг даа.

-Магадгүй. Бараг л юм байна. Мод байх.

-Чи тэгээд өөрийнхөө хэн болчихдогыг мэддэггүй гэж үү?

-Яг юуны дүрстэй гэдгийг нь мэдэхгүй л юм байна. Мэдмээргүй байна аа. Мэдэх ч албагүй байх.

-Тэгвэл тэр багандаа хайртай юу?

-Хайргүй ээ. Энэ талаар яриад яах юм бэ.

-Дотор хүн чинь л их сонирхол татаад байна даа. Тэгвэл өөрийнхөө талаар ярих л болж дээ.

-Би чинь их нууцлаг хүн ш дээ.

-Болж байна. Би нууц задлах дуртай. Чи их олон ажил хийдэг юм байна. Сарын оролго чинь?

-Зөндөө ажилтай ш дээ. Хэхэ орлого уу? Янз бүр ш дээ. Ямар ч байсан гэрийнхнээсээ мөнгө авахааргүй хэмжээнд гээд л тооцчих.

-Чи их ганцаардмал байдаг юм шиг санагдчихлаа.

-Нээрээ нэг сайхан гав ганцаараа байх юм сан. Хааяа тийм байдалтай байх бөөн кайф юм шиг санагддаг.

-Ганцаардлаас таашаал хүртдэг гэж ойлгож болох нь ээ?

-Би багаасаа л ганцаараа байхыг илүүд үздэг байсан. Ялангуяа уран бүтээлч хүмүүст илүү их сэтгэх, толгойд элдэв янзын шинэ санаа орж ирэхэд л ганцаардмал байх нь таалагддаг байх. Эсвэл юу ч бодолгүй нэг газар тухлаад хөгжим сонсох гоё. Заримдаа би ганцаараа байхдаа хөгжимөө аваад хаа нэгтээ хүнгүй газар эрж олоод тэндээ суучихдаг. Станц дээр Виктор Цой сонсоод суух нь надад хамгийн их кайф авчирдаг. Тэр үед би хамгийн жаргалтай хүн болчихдог гээд бод доо. Урьд нь хэзээ ч энд байгаагүй, төрөөгүй юм шиг санагддаг.

-Ямар станц вэ?

-120 мянгатад нэг хиймэл нууртай цахилгаан станц байдаг ш дээ.

-Энд байх тийм муухай гэж үү?

-Бухимдаад. Дандаа л энэ ертөнцийг орхиод явчихмаар санагдаад байдаг. Сүүлд хоёр ч удаа станц дээр гарч Виктор Цой сонсож суусан юм байна. Яг тэр үед очсон юм шиг санагддаг. Нэг л сонин гоё мэдрэмж төрдөг юм аа. Ингээд яриад байсан чинь ганцаараа баймаар санагдчихлаа.

Ийнхүү ярилцаад түүнийг ганцааранг нь орхилоо. Мөнөгийн “Made by Mono” гэж тодотгосон загварын цуглуулгаас та бүхэндээ сонирхуулахаар орууллаа.

 Т.Нипонь /2007 оны 11 сарын 9/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж