Өвөрхангай аймгийн “Хөгжлийн өлгий миний нутаг” залуучуудын холбооны төлөөллүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Хархорин суманд өнгөрсөн оны наймдугаар сард босгосон “Боов” хадны дууриамал чулуун хөшөө нь нутгийн иргэдийн санаанд нийцэхгүй байгаа учраас нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэдгээ мэдэгдсэн юм. Тэд уг хүсэлтээ БОАЖЯ-нд хүргүүлэхээ илэрхийлэв. Дууриамал хөшөөг босгосон хүмүүст холбогдох бичиг хүргүүлнэ гэж Өвөрхангай аймгийн “Хөгжлийн өлгий миний нутаг” залуучуудын холбооны тэргүүн Х.Төмөрхуяг ярьж байлаа. Тэрээр “Энэ хөшөөг анхнаасаа хууль бусаар байрлуулсан юм. Сумын Засаг даргыг амралтаа авсан хойгуур нутгийн иргэдэд мэдэгдэлгүй Эрдэнэ зуу хийд рүү орох зам тавьсан нь зүй бус явдал” гэв. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гэхээсээ илүү садар самууныг сурталчилж байгаа учраас нутгийн иргэд тэр дундаа залуучууд эсэргүүцэж байгаа аж. Тэдний ярьж буйгаар бол БОАЖЯ-ны ажилтан Д.Оргодол, “Монгол-3000” ХХК-ийн захирал н.Соёмбо нар хуулийн цоорхой ашиглан 50-60 сая орчим төгрөгийн хөрөнгөөр дөрөв метрийн өдөртэй уг хөшөөг босгожээ. Гэхдээ хүн ичихээр зүйл яагаад хийсэн, энэ хөшөөгөө хэзээ нүүлгэх вэ гэдэг асуултандаа хариулт авахаас нааш тус холбооны залуус нутаг буцахгүй гэдгээ ч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүгээр ч барахгүй холбогдох хүмүүс “Боов” хадны чулуун хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй бол “Хөгжлийн өлгий миний нутаг” залуучуудын холбооныхон уг хөшөөг БОАЖЯ-ны үүдэнд авчрах гэнэ.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Д.Оргодолоос энэ талаар тодрууллаа.
-Хархорин сумынхан “Боов” хадны хоёр хөшөөтэй боллоо гэсэн мэдээлэл саяхан гарч байсан. Гэтэл шинэчлэн босгосон хөшөө нь садар самууныг сурталчилсан үйлдэл боллоо гэж нутгийн иргэд санал бодлоо илэрхийлэх юм. Энэ хөшөөг хууль бусаар босгосон гэсэн мэдээлэлтэй таны нэр холбоотой байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг “Боов” хадны чулуу нь хугарчихсан байсан юм. Тиймээс “Монгол-3000” ХХК-ийн захирал Соёмбо бид хоёр тэр чулууг уран бүтээлч залуусаар шинэчлэн хийлгүүлж, өөрсдийнхөө хөрөнгөөр хөшөө босгосон юм. Гэтэл хүмүүсийн нүд нь орой дээрээ гарч, нүүлгэнэ гэж яриад л байна. Уг нь дэлхийн улс болгон ийм хөшөө, парктай хүртэл байдаг шүү дээ. Харин ч хугарсан чулууг нь бүтэн болгоод өгөхөд баярлалаа гэж хэлмээр юм. Гэтэл нүүлгэнэ гэж ярьж байгаа нь харамсалтай. Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас хөшөөний газрыг олгосон юм.
-Хувийн хөрөнгөөр энэ хөшөөг босгон хэрэг үү?
-Тэгсэн. Хувиасаа гаргасан. Үүнээс болж Авлигатай тэмцэх газарт хүртэл шалгалуулсан шүү.
-Өвөрхангай аймгийн “Хөгжлийн өлгий миний нутаг” залуучуудын холбооныхон хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэж байна билээ?
-Шилжүүлнэ л биз. Тавья гэсэн газар зөндөө бий.
С.Мөнх “Ардчилал” сонин