Ардчиллын тогтолцоотой танилцав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ардчиллын тогтолцоотой танилцав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ааргау кантон \муж\ дахь “Шууд ардчиллын төв”-тэй танилцлаа. Энэ үеэр тус улсын шууд ардчиллын тогтолцооны талаар мэдээлэл авч, эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм.

    Швейцарь бол шууд ардчиллын тогтолцоот улс юм. “Засгийн эрх мэдэл ард түмний гарт байна” гэсэн үндсэн хуулийн заалт тус улсад шийдвэр гаргах бүх шатанд иргэний оролцоог  хангаснаар бүрэн хэрэгждэг байна. Эрх мэдэл бол парламент, засгийн газар биш, шүүх ч биш харин ард түмэн юм гэдгийг Швейцарь Улсын шууд ардчиллын тогтолцоо харуулж байна.

    “Засаг захиргааны хамгийн жижиг нэгжээс авахуулаад парламент,  засгийн газар нь  аливаа шийдвэр, дүрэм журам, төсөв санхүүтэй холбоотой асуудлууд, томоохон гэрээ хэлэлцээрүүд болон хуулийн асуудлыг заавал иргэдээр хэлэлцүүлж, тэдний саналыг авч байж шийдвэр гаргадаг нь манай улсад хэрэгжиж буй ардчилсан тогтолцооны  “амин сүнс” нь юм” хэмээн  “Шууд ардчиллын төв”-ийн судлаач профессор Томас Пфистерер хэллээ.

    Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны нэг онцлог бол бүх нийтийн санал асуулга юм. 1848 оноос хойш буюу анхны Үндсэн хуулиа баталснаас хойш ШХУ- д нийтдээ 192 удаа бүх нийтийг хамарсан санал асуулга явагдаж, үр дүнд нь 143 асуудал иргэдээр дэмжигдэж шийдвэрлэгдэж байжээ. Үндсэн хуульд засвар өөрчлөлт оруулах, олон улсын хэмжээний томоохон гэрээ зэрэг асуудлуудаар заавал бүх нийтийг хамарсан санал асуулга явуулдаг байна.  Иргэд өөрсдөө санаачилга гаргаж, асуудал дэвшүүлж уг асуудлаараа санал асуулга явуулах бүрэн эрхтэй юм. 1891 оноос хойш иргэдийн санаачилгаар нийт 175 удаа санал асуулга явагдаж, 18 нь дэмжигдэж төр засгийн түвшинд шийдвэр гарчээ.

    “Парламент бол эцсийн шийдвэр гаргагч биш. Хэрвээ  парламентын баталсан аливаа хууль  иргэдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзвэл санал асуулга явуулна. Эцсийн шийдийг ард түмэн л гаргана. Ард түмний шийдвэрээс давсан юм уу зөрсөн шийдвэр гэж байж болохгүй” гэж  профессор Андреас Ауер ярив.

    Ирэх сарын 13-нд Холбооны Улсын хэмжээнд бүх нийтийг хамарсан санал асуулга явагдах гэж байгаа тухай сонирхууллаа. Байнгын армигүй тус улсад цэргийн насны залуучууд 14 хоногоос 4 сарын хугацаатай бэлтгэл хийсний дараа цэргийн хэрэгсэл, буу зэвсэг техник зэргийг гэртээ хадгалдаг, үе үе иргэний хамгаалалтын сургуулилтад хамрагддаг,  шаардлага гарвал гэртээ байгаа зэвсгээ бариад эх орноо хамгаална гэсэн өвөрмөц тогтолцоотойгоор 150 гаруй жил явж ирсэн байна. Харин өнөөдөр энэ тогтолцоо зөв эсэхийг, гэртээ зэвсэг хадгалах эсэхийг шийдэх цаг нь болсон гэж швейцарьчууд үзсэн учраас бүх нийтийг хамарсан санал асуулга зохион байгуулах гэж байна.

    Бүх нийтийн санал асуулгаас гадна иргэд сонгуульд оролцох, саналаа өгөх, сонгуулийн дүнг гаргах зэрэг бүх үйл явцад иргэд заавал оролцдог байх, аливаа будлиан гарахгүй байх хэлбэрээр хийж буй нь тус улсын ардчиллын нэг ололт юм. Тухайлбал саналаа өгөхдөө шуудангийн хайрцгаар, электрон хэлбэрээр өгч байна.

    ШХУ 26 кантон буюу муж, 2600 орчим сум багтай. Кантон тус бүр өөр өөрсдийн үндсэн хууль, парламент, засгийн газартай нь тус улсын бас нэг онцлог юм. Сум багуудын шийдвэр гаргах байгууллагын 30 хувь нь парламентын буюу сонгогдсон төлөөллийн зарчимаар, харин үлдсэн 70 хувь нь ассамблейн  буюу иргэдийн хурлын зарчмаар ажилладаг  ажээ. 

    Кантоны хэмжээнд ч мөн санал асуулга зохион байгуулдаг. Хуульд өөрчлөлт оруулах, олон улсын болон кантон хоорондын гэрээ, мөн 5 сая швейцарь франкаас дээш өртөгтэй төсөв, жилийн зардал нь 500 мянган швейцарь франкаас дээш өртөгтэй үйл ажиллагаа зэрэг асуудлуудаар кантонд санал асуулга явагддаг байна.

    Шууд ардчиллын бас нэгэн давуу тал бол иргэд төсөв, санхүүтэй холбоотой бүх шийдвэрт оролцож, төлөвлөлт, зарцуулалтын асуудлаар өөрсдөө шийдвэр гаргадагт байгаа юм. Засаг захиргааны бүх нэгж иргэдийн оролцоогоор дамжуулж төсөв хөрөнгөө зарцуулж байна. Тухайлбал, ирэх сард Ааргау мужид их сургуулийн шинэ барилгыг барих төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар мужийн хэмжээний санал асуулга явуулах гэж байна.

    Төрийн алба жинхэнэ утгаараа үйлчилгээ болж иргэнд хүрдэг нь шууд ардчиллын бас нэг сайн үр дагавар юм. Иргэнд ямар хэрэгцээ байгаагаас хамаарч төрийн алба явагддаг , төрийн албан хаагчийн ажил үүрэг тодорхой байдаг болохоос биш , засаг төр яаж солигдохоос тэдний ажил хамаардаггүй байна.

    Шууд ардчиллын давуу тал бол төр, ард түмний хэлхээ холбоо бат байж, иргэдийн үүрэг хариуцлага ямагт өндөр, аливаа шийдвэрийн хэрэгжилт сайн байдаг юм гэж швейцарьчууд ярив.

    Ааргау кантоны парламентын ордонд болсон энэхүү уулзалтад Кантоны засгийн газрын дэд Ерөнхийлөгч Урс Хоффман, Парламентын гишүүн Даниэл Хеллер, төрийн канцлер Петер Грүнэнфэлдэр зэрэг хүмүүс оролцож , орон нутгийн засаг захиргаа, мужийн санхүү төсвийн бодлогын асуудлаар мэдээлэл хийлээ.


    Эх сурвалж President.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж