Олимпийн хоккейн тэмцээнд Канадын баг тэргүүлэв. Тэд Америкийн хүчтэй багийг шувтаргын тоглолтод 3:2-ын харьцаагаар буулган авлаа. Хойд Америкийн мөнхийн өрсөлдөгч болох хоёр багийн тэмцээн эхнээсээ тун ширүүн өрсөлдөөнтэй болсон. Эзэн орны баг тоглолтын эхний үед довтолгоог эрчимтэй хийсний үр дүнд 13 дахь минутад Канадын багийн Жонотан Тэйвз эхний гоолыг хийсэн байна. Энэ хэсгийн 27 дахь минутад канадууд дахин нэг гоол нэмж хийн тоглолтын харьцааг хоёр тэг болгож амжив. Гэвч үүнээс таван минутын дараа агч навчтанууд хамгаалалтдаа алдаа гаргаж нэг гоол хаалгандаа алдсан. Хариу барьсан цохилтыг Хаалгач Роберт Люнго тогтоож чадсангүй. Энэ гоолын эзэн Америкийн Райан Кейслер байлаа. Энэ амжилтдаа урамшин америкууд ээлж дараалсан аюултай довтолгоонууд хийж байсан ч онооны зөрүү тоглолтын сүүлийн мөч хүртэл үргэлжилсэн. Сүүлийн үеийн төгсгөлд Америкийн дасгалжуулагч Рон Уилсон хаалгачаа зургаа дахь тоглогчоор сольсон нь тэдэнд нэмэлт цагт тоглох боломж олгосон. Энэ гоолыг цаг дуусахаас 25 секундын өмнө Зак Паризе хийсэн. Ингээд нэмэлт цагийн найм дахь минутад эзэн орны Кросби тоглолтын хувь заяаг шийдсэн. Ингэснээр Канадууд нутаг дээрээ Ванкуверийн олимпийн хоккейн тэмцээний аваргын алтан медалийг авлаа.
Л.Золбаяр
Л.Золбаяр