Кросби Канадад алтан медаль авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Кросби Канадад алтан медаль авчирлаа

“Ванкувер-2010” өвлийн олимпийн наадмын олны анхаарлын төвд байсан мөсний хоккейн эрэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Олимпийг зохион байгуулагч Канадын баг хөрш АНУ-ын багтай аваргын төлөө ширүүн тулалдаж, нэмэлт цагт Сидней Кросбигийн оруулсан шайбын ачаар 3:2 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, нутгийнхаа талбайгаас олимпийн аваргын алтан медаль хүртсэн юм. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн шилдэг мэргэн бууч, Канадын супер од Кросби нэмэлт цагийн 7’40”-д өрсөлдөгчийнхөө хаалганд шайб оруулснаар тоглолтын цэгийг тавьж, канадчууд энэ удаагийн цагаан олимпиос 14 алтан медаль хүртэж, улсынхаа түүхэнд шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тоглолтын эхний үед Жонатан Тоэс тооны харьцааг нээсэн бол хоёрдугаар үеийн эхэнд Кори Перри тооны харьцааг 2:0 болгосноор талбайн эзэд илүүрхэх болжээ. Харин удалгүй Райан Кеслер гоолдож, улмаар тоглолт өндөрлөхийн өмнөхөн “Нью Жерси Девилс”-ийн жигүүрийн тоглогч Зак Паризе тооны харьцааг тэнцүүлснээр нэмэлт цаг сунгаж, олимпийн аваргыг тодруулахаар болов. Харин нэмэлт цагт Кросби Канадын шигшээд гайхамшигт ялалт бэлэглэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж